Ө.ХИШИГДЭЛГЭР: Туялзуур сэлэмний спортод биеийн эмх цэгцтэй, уян хатан байдал чухал

2015 оны 09 сарын 02

Олимпийн ууган спортын төрөл болох туялзуур сэлэм нь манай оронд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, хүүхэд залуучууд сонирхох болсон. Энэ спортын отгон тамирчдын нэг Ө.Хишигдэлгэр охин 15 настай. Өнгөрсөн жилээс туялзуур сэлмээр хичээллэж эхэлсэн ч богино хугацаанд чамлахааргүй амжилт гаргажээ.

Тэрбээр энэ сарын 7-12-нд манай улсад болох туялзуур сэлэмний Азийн аварга шалгаруулах тэмцээнд багийн болон ганцаарчилсан төрөлд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

-Энэ спортын юу нь чамайг татсан бэ. Эмэгтэй хүн хичээллэхэд хэр тохиромжтой вэ?

-Би сагсан бөмбөг тоглох дуртай. Лигийн тэмцээн байнга үздэг, бас Б.Дөлгөөн ахыг дэмждэг. Нэг удаа SBN телевизээр Б.Дөлгөөн ах туялзуур сэлэмний спортыг сурталчилж байхыг харсан тэр үеэс сонирхож эхэлсэн. Туялзуур сэлэмний спортод биеийн эмх цэгцтэй, уян хатан байдал чухал.

Тоглолтын бичлэг үзэж байхад эмэгтэй хүмүүст илүү тохирох спорт шиг санагддаг. Тийм болохоор би ч бас татагдсан байх.

-Гаргасан амжилтуудаа манай уншигчдад танилцуулна уу?

-Хамгийн анх “Оргил өөд” туялзуур сэлэмний клубийн нээлтийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Дараа нь туялзуур сэлэмний өсвөрийн аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээн, Багануурт болсон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн, мөн өнгөрсөн хавар болсон улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

-Туялзуур сэлэмний спортыг хөдөлгөөнт шатар гэдэг юм билээ. Энэ спортын ач холбогдол юу вэ?

-Бусад спортын нэгэн адил хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийг нь өв тэгш хөгжүүлэх ач холбогдолтой. Мөн тамирчнаас сэтгэн бодох чадвар, хурд, хүч, авхаалж самбаа шаарддаг.


-Харахад амархан юм шиг хэдий ч гэмтэх тохиолдол их байдаг уу?

-Аюул багатай спортын тоонд багтдаг. Тамирчид аюулгүй байдлаа бүрэн хангасан 800 ньютоны хүч даах тусгай хувцас өмсдөг.

-Туялзуур сэлэм нь дотроо хүнд, хөнгөн, илд гэсэн гурван төрөл байдаг гэсэн. Чи алинаар нь хичээллэдэг вэ?

-Би хүнд сэлэмний төрлөөр хичээллэдэг. Энэ нь өрсөлдөгчийнхөө биеийн аль ч хэсэгт хатган оноо авч болдгоороо онцлог. Гутлын үзүүрт хатгасан ч оноо авна. Хөнгөн сэлэм зөвхөн цээжин хэсэгт хатгаж, илдэн сэлэм нь гар болон цээжин хэсэгт цавчиж оноо авдаг.

-Ямар дүрмээр тулалддаг вэ?

-Хэсгийн тоглолтод таван оноогоор гурван минут тулалддаг. Тамирчин эхний үедээ алдсан оноогоо дараагийн үедээ нөхөж авах боломжтой. Ширээний теннис, воллейбол шиг тоглолтод үеийн ялалтыг чухалчилдаггүй.

Харин төгсгөлийн нийлбэр оноо бүхнийг шийддэг. Маскны ар тал нь хамгаалалтгүй байдаг. Өрсөлдөгчдөө дагзаа харуулах, замаас гарч бултах, дохио өгөхөөс өмнө эхлэх, маскан дотор ярихыг хориглодог.

-Энэ сард болох залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа гэж дуулсан. Амжилттай оролцоно гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?

-Энэ удаа хөнгөн сэлэмний төрөлд оролцоно. Манайхан бэлтгэлээ маш сайн хийж байгаа. Тийм учраас итгэлтэй байна. Энэ спортод өндөр нам, олон эсвэл цөөн жил хичээллэсэн нь ер хамаагүй. Хамгийн гол нь тамирчны сэтгэл зүйн бэлтгэл. Хоолоо сайн идэж, эрт унтаж амрах, бэлтгэлээ сайн хийх нь амжилт гаргах үндэс гэж бодож байна.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД