396 айлыг түрээсийн ОРОН СУУЦАНД ОРУУЛНА

2015 оны 09 сарын 02

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж VII хороололд түрээсийн орон сууц барьж байна

Нийслэлийн утаа, хөрсний бохирдлын асуудлыг шийдэхээр гэр хорооллыг дахин төлөвлөж эхэлсэн. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй дахин төлөвлөлтийн зарим ажлын гэрээт хугацаа энэ жил дуусах юм. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа тэргүүтэй удирдлагууд Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж буй хэд хэдэн газрын бүтээн байгуулалттай өчигдөр танилцлаа.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд “Цэлмэг Ази” компанийн хэрэгжүүлж буй “Эко Дамбадаржаа” хорооллын барилгын талбайгаар эхлээд оров. Уг ажлын хүрээнд дулааны хоёр километр шугам, бохирын 4.7 км шугам, дулааны дунд оврын хоёр станц барьж буй. Бохирын шугамыг Дамбадаржаагаас Хүүхдийн II эмнэлгийн хажуугаар татсан бохирын 38 дугаар коллектортой холбох аж.

Инженер шугам, сүлжээний ажлыг “Сан” компани гүйцэтгэж байв. Тус компанийн ерөнхий захирал Д.Чимэд-Очир “Манайх энэхүү ажлын хүрээнд 9.8 мегаваттын буюу ойролцоогоор 20 мегаваттын хүчин чадалтай дунд оврын цахилгаан станц хоёрыг барихаар суурь тавьж байна.

Энэ нь долоон метр өндөртэй, нэг давхар байх юм. Энэ сард барьж дуусна. Нэгийг нь энэ жил ажиллуулж, эхний ээлжийн 70 айлыг дулаанаар хангах ёстой. Ер нь хоёр станц нийтдээ 2100 орчим айлыг дулаанаар хангана. Мөн хоёр километр, таван хос дулааны шугамаас километр орчмыг татсан. Бохирын шугамын 50 хувийг тавьсан. Үлдсэн хэсгийг энэ сардаа багтааж дуусгана.

Уг шугамаар Дарь-Эх болон Чингэлтэйн айлуудын бохирыг татах боломжтой” гэв. Энэ ажилд нийслэлээс 14.8 тэрбум төгрөг төсөвлөжээ. “Цэлмэг Ази” компанийн төслийн менежер Б.Батболд “Эхний ээлжийн таван давхар 70 айлын орон сууцыг ондоо багтааж ашиглалтад оруулна. Газар чөлөөлж өгсөн айлуудад хоёр өрөө байр нэгийг эсвэл нэг өрөө байр хоёрыг өгөхөөр тохирсон” гэлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гүйцэтгэгч байгууллагын удирдлагуудад барилгын ажлаа хийхдээ аль болох гадаадын хөрөнгө оруулалт авахгүй байх хэрэгтэйг сануулж, нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатад санхүүжилт, хөрөнгө оруулалтаа асуудалгүй байлгахыг даалгасан юм. Үүний дараа Сүхбаатар дүүргийн VII хороонд 396 айлын түрээсийн орон сууцны барилга угсарч буй талбайд ирэв.

“Ахмадын орон сууц-2” болох уг барилгыг “Баярс констракшн” ХХК барьж байлаа. Тус компанийн захирал Н.Баянсайхан “Манайх 396 айлын гурван багц барилга барьж байна. Энэ ондоо багтааж эхний 132 айлын барилгыг ашиглалтад өгнө. Нэг ам метр талбайгаа 980 мянга орчим төгрөгөөр үнэлж байгаа” гэв. Уг барилгын ажилд нийслэлээс 23.7 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлээс ахмадад зориулж орон сууц бариулж байна. Харин энэ орон сууцанд хэн орохыг дүүрэг шийднэ. Зайлшгүй шаардлагатай, амьдралын боломж муутай ахмадуудыг хамруулах учиртай” гэсэн. Сүхбаатар дүүрэгт хийсэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь III сургуулийн шинэ барилга байсан юм.

Уг барилгыг “Алтанбулаг трейд” компани барьж, улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. “Алтанбулаг трейд” компанийн захирал Д.Мөнхдэлгэр “Баасан гаригт улсын комисс ирж шалгана. Нийт ажлын 98 хувийг хийсэн. Ирэх долоо хоногт хүүхдүүдээ хүлээж авна. Монгол Улсад анх удаа евро стандартаар барьсан жишиг сургууль болсон” гэв.

Цаашдаа дунд болон ахлах сургуулийг энэ стандартаар барина гэж Засаг дарга дуулгасан. “Өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай танилцлаа. Дамбадаржаагийн дахин төлөвлөлтийн ажил их сайн байна. Учир нь цэвэр, бохир, дулааны асуудлаа давхар шийджээ.

Зуун айл өмнө нь 2100 айлтай байсан бол дахин төлөвлөлтөөр 10 дахин нэмэгдэх нь. Гэхдээ энэ төвлөрлөө дагаад дэд бүтэц болох зам, барилга, сургууль, цэцэрлэгийн ерөнхий төлөвлөгөө гаргажээ. Хөрс, агаарын бохирдлоо багасгаснаар иргэд таатай орчинд амьдрах боломжтой болно” гэж нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ярив.

 Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Baga hugatsaand tom tusluudiig hiigeed l baina. Tsaashdaa hugatsaag ny sungaj ugbul hiij buteeh yum bishgui baigaa.