ОЮУТАН, СУРАГЧИД ШИНЭ ОРГИЛ ЭЗЛЭХЭЭР ЭРДЭМД ШАМДАЖ ЭХЭЛЛЭЭ

2015 оны 09 сарын 02

Баглаа цэцэг барин сургууль, цэцэрлэг рүүгээ алхах сурагч, хүүхдүүд өчигдөр хотын гудамжаар дүүрэн байв. Оюутнууд ч тангаргаа өргөн, цөм хичээлийн шинэ жилээ баяр хөөртэй угтлаа. Энэ жил Монгол Улс даяар ерөнхий боловсролын 799 сургуульд 539 мянган сурагч суралцаж байна. Үүнээс 64 мянга 300 нь нэгдүгээр ангид элсчээ.

Мөн цэцэрлэг болон суурь боловсролын хөтөлбөрийг шинэчилж, “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх, бага, суурь, боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж буйгаараа онцлогтой жил байх гэнэ.

Энэ нь дэлхийд өрсөлдөх хэмжээний, мэдлэгт суурилсан нийгэм байгуулах монгол хүн бий болгох зорилготой юм. Түүнчлэн 2015-2016 оны хичээлийн жилд “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зөөврийн 25 мянган компьютер, сурагчдад суурин 11 мянга 340 компьютер нийлүүлэхээр болжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ САЙХАН ЗҮЙЛ БОДОХЫГ ЗАХИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж, “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр долоо дахь удаагаа теле хичээл заалаа. Төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш тэрбээр уламжлал болгон жил бүрийн есдүгээр сарын 1-нд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хичээл зааж буй.

Уг теле хичээлийг МҮОНТВ, UBS, Монгол HD, MNC телевиз орон даяар шууд дамжуулсан бөгөөд БСШУ-ы сайд Л.Гантөмөр, нийслэлийн Баянгол дүүргийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай 33 дугаар сургууль болон 45 дугаар сургуулийн багш, сурагчид оролцсон юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Санаа зөв бол заяа зөв” сэдвийн хүрээнд “Хүн бүр дотроо сайхан зүйл мөрөөдөж, сайн зүйл хийхийг хүсэж, тэмүүлэх хэрэгтэй. Өнөөгийн нийгэмд сөрөг сэтгэлгээ давамгайлсан хандлагатай байна.

Энэ сөрөг сэтгэлгээг эерэг болгож, нийгмээ сайхан болгохын тулд хүмүүсийнхээ сэтгэлийг сайхан болгох учиртай. Аливаа хүн бодсоноо хийдэг учраас бодол санаа хамгийн чухал. Энэ нийгмийн бүх зүйлийн цаана хүний бодол, хүсэл эрмэлзэл, мөрөөдөл байдаг.

Тиймээс гэгээн зүйл бодож, сайн зүйлд тэмүүлж буй хүнтэй нийгэм их зүйл бүтээдэг” гэв. Сурагчид ч өөрийн санаа бодлоо хуваалцаж, Ерөнхийлөгчөөс ээлж дараалан асуулт асууж байлаа.


БОЛОВСРОЛЫН САЙД 31 ДҮГЭЭР СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд БСШУ-ы сайд Л.Гантөмөр оролцлоо. Тус сургуулийн захирал Д.Бат-Орших мэндчилгээ дэвшүүлснээр нээлтийн үйл ажиллагаа эхэлсэн юм. Нээлтийн үеэр БСШУ-ы сайд Л.Гантөмөр тус сургуулийн сурагчдыг авьяасаа нээн хөгжүүлж, том зорилго тавин, илүү их амжилт гаргахыг уриалав.

Тэрбээр “Энэ хичээлийн жилд шинжлэх ухааныг амьдралд хэрхэн хэрэглэх, мөн чанарыг нь олж мэдэхийн төлөөх сургалтын боловсролыг шинэчлэн боловсрууллаа. Өнгөрсөн хичээлийн жилд “Зөв монгол хүүхэд” боловсролын шинэ хөтөлбөр амжилттай эхлүүлсэн.

Энэ жил суурь боловсролын хөтөлбөр шинэчлэгдэж, багш нарт том даалгавар ирж байна. Сурагч өөртөө эзэн байж, сурах арга барил эзэмших он жил байх болно” хэмээн онцоллоо. Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн бэлэглэж буй хичээлийн хэрэгслийг тус сургуулийн захирал Д.Бат-Орших сурагчдад гардуулсан юм.

31 дүгээр сургууль 1982 онд байгуулагдсан бөгөөд энэ жил 32 дахь хичээлийн жилээ угтаж буй. Өнгөрсөн жилээс математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болж, 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 220 гаруй хүүхэд элсүүлсэн гэж сургалтын менежер Г.Бум-Эрдэнэ онцоллоо.

МУБИС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬТАЙ БОЛОВ

Өнгөрсөн жил МУБИС дэргэдээ лицей сургууль байгуулсан. Энэ жил тус сургууль нь МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль гэх статустайгаар үйл ажиллагаагаа эхэлж байна. Сургуулийн нээлтэд БСШУ-ы сайд Л.Гантөмөр, МУБИСийн захирал Д.Мөнхжаргал нар оролцов.

Энэхүү сургууль 20 гаруй багш, 1-12 ангийн 100 гаруй сурагчтайгаар хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Тус сургууль математик, байгалийн ухаан, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд уг хичээлүүд нь бусад хичээлийн цаг дээр нэмэлтээр орж буйгаараа онцлогтой гэдгийг сургалтын менежер Ө.Болормаа онцолсон юм.


113 МЯНГАН ОЮУТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Их, дээд сургуульд энэ жил 19 мянга 300 оюутан элсэн суралцаж байна. Ингэснээр 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургуульд 113 мянган оюутан суралцах юм. Тэдгээр оюутны төлөөлөл өчигдөр Чингисийн талбайд тангараг өргөлөө.

Энэхүү тав дахь удаагийн тангаргийн баярт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ы сайд Л.Гантөмөр, их, дээд сургуулийн захирлууд оролцож, оюутнуудад мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Жил бүрийн есдүгээр сарын 1 бол хувь хүн, улс орны амьдралд шинэ эрч хүч нэмж, шинэ оргил эзлэхийг уриалсан баярын өдөр юм.

Улс орны боловсролын тогтолцоо, түүний хүртээмж дээр суурилсан хүний хөгжлөөс улс орны хөгжил шалтгаалдаг. Тэр ч утгаараа Монгол Улсын Засгийн газар “Зөв монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт шинэчлэлт, өөрчлөлт хийж байна” хэмээн онцоллоо.


Тэрбээр Засгийн газар, БСШУЯ-наас их, дээд сургуульд бүтцийн болон хөтөлбөрийн өөрчлөлтүүд хийх, багшлах ур чадварыг сайжруулах, ижил төрлийн мэргэжлийг нэгтгэн зах зээлийн эрэлттэй уялдуулах, төгсөгчдийн ажлын байрны хангамжийг дээшлүүлэх, дэлхийн өндөр хөгжилтэй оронд 1000 инженер бэлтгэх, монгол оюутнуудыг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бакалаврын сургалтад хамруулах, их сургуулийн дэргэд эмнэлэг байгуулах, үндэсний тэтгэлгийг сургалтын чанартай хослуулан олгох, оюутны эрүүл мэндийн даатгалыг төрөөс бүрэн хариуцах, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах, орон нутагт амралтаараа ирж, очих замын зардлыг төр хариуцах зэрэг олон ажлыг хэрэгжүүлж буйгаа хэлсэн юм.

Мөн дэлхийн оюутны универсиад наадмаас оюутнууд жүдо бөх, буудлагын төрлөөр хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль авч, дэлхийн 137 орноос 24 дүгээрт жагссан. Ази, Номхон далайн орнуудын оюутны математикийн анхдугаар олимпиадыг улсдаа амжилттай зохион байгуулж, тэргүүн байрын шагнал хүртсэнийг онцолж, цаашид энэ амжилтаа үргэлжлүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Э.ДОЛГОРСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД