САНСРЫН ХӨЛГӨӨС ХҮЛГИЙН ЗООН ДЭЭР БУУСАН НЬ

2015 оны 09 сарын 01

“Багш хүн заах гэж буй хичээлийнхээ талаар гүн гүнзгий мэдлэгтэй байж гэмээнэ хүүхдүүдэд цогц мэдлэг олгоно. Өөрийн мэдэхгүй зүйлийг бусдад мэдэмхийрэн зааж хэрхэвч таарахгүй. Үүний нэгэн адил цуглуулагч хүн зөвхөн цуглуулж, арвижуулаад зогсохгүй арвин мэдлэгтэй байх ёстой.

Тэгж байж цуглуулганы үнэ цэнэ, ач холбогдлыг жинхэнэ утгаар нь ойлгоно. Ер нь цуглуулагч бол судлаач юм” хэмээн ахмад дайчин, Монголын Филателийн холбооны хүндэт гишүүн Нанзадын Чинбат хэлсэн. Тэрбээр 1974 онд Ерөнхий цэргийн командын ангийг төгсчээ.

Тэр цагаас зэвсэгт хүчний салбарт салаан даргаас ахмад болтлоо хүчин зүтгэж, 1991 оноос тэтгэвэртээ гарсан аж. Гэсэн ч түүний хообий нь тэтгэвэрт гараагүй юм. Харин ч өнгө орж, гялалзах болсон. Учир нь Н.Чинбат гуай энэ л үеэс цуглуулгаа баяжуулах, судлах ажилд ихэнх цагаа зарцуулах болжээ.

Хувийн бизнесээ эрхлэхийн зэрэгцээ цуглуулгадаа санаа тавих түүнийг “Энэ их ажлын хажуугаар яаж бүгдийг амжуулдаг байна” хэмээн гайхашрах хүн цөөнгүй байсан гэдэг. Үүнийгээ тэрбээр эцэг эхийнх нь хөдөлмөрч, хичээнгүй зан чанарын нөлөө байх хэмээн даруу загнасан.

Өнөө үед бараг хэрэглээнээс гарсан ч дэлхийн хэмжээнд урлаг болон хөгжиж, судлаач, цуглуулагчдын сонирхлыг татcаар буй зоос, марк, сувинер болон өдөр тутмын хэрэглээнээс хэтэрч анзаарагддаггүй банкны виза болон утасны цэнэглэгч карт энэ эрхмийн цуглуулгад бий. Хачирхалтай байгаа биз.

Тэгэхдээ эдгээр нь цөм морины дүрстэйгээрээ бусдаас онцлог. Эдгээр түүх соёлын нандин зүйлийн ихэнхийг тэрбээр хообий нэгт нөхдөөсөө худалдаж авдаг байна. Түүний энэ жигтэй сонирхлыг мэддэг ойр дотных нь хүмүүс ч цуглуулгад нэмэрлэдэг гэсэн. “Цаг заваа цуглуулгадаа харамгүй зориулсан. Үр шимийг нь ч хүртэж яваа.

Хааяа гаргаж харахаар сэтгэл сэргээд сайхан болчихдог. Миний хувьд юугаар ч сольшгүй нандин, үнэ цэнэтэй зүйл энэ л байна” хэмээн их л бахархалтайгаар хэлсэн. Түүнтэй уулзсанаар зөвхөн үнэтэй эд зүйлс төдий бус, энгийн зүйлсээс ч гайхалтай цуглуулга бий болдог гэдгийг ойлгосон. Жирийн үед анзаардаггүй хаячихдаг зүйлсэд хүртэл ач холбогдол өгч цуглуулж байгаа түүний энэ хөдөлмөрийг хожим ямар их үнэ цэнэтэйг нь ойлгох, үнэлэх цаг ирнэ гэдэгт итгэнэ.

-Хүмүүс ямар нэгэн зүйл цуглуулахдаа ихэнхдээ бэлгэдлийг нь бодож цуглуулдаг. Яагаад заавал морины дүрстэйг төрөлжүүлэн цуглуулах болсон бэ?

-Нэг найз маань анх надад адууны дүрстэй 30 гаруй тэмдгийг цөөн хэдэн төгрөгөөр худалдсан юм. Багадаа морьтой ойр өссөн учир тэдгээрийг нь хараад яагаад ч юм сайхан санагдаж билээ. Энэ явдал сэдэл болсон. Манай аавыг нутаг усныхан нь ганган Нааяа гэдэг байсан.

Өвөл, зунгүй морины дэл засаж, морийг ч их сайхан эдэлж, унадаг хүн болохоор тэгж нэрлэдэг байсан. Тийм болохоор моринд хорхойтой аавынхаа дурсгалд зориулж цуглуулга хийхээр шийдсэн. Мөн би цэргийн хүн учраас морины цуглуулга маань энэ анги салбартай холбоотой.

Чингис хаан морин цэргийг анх бий болгож, энэ хийморьлог амьтны ачаар дэлхийн талыг эзэлсэн шүү дээ. Энэ түүхэн явдлыг ч бас бэлгэшээсэн. Ер нь адуу гэдэг тэнгэрлэг сайхан амьтан шүү дээ.


-Төрөлжүүлж цуглуулах санаа хэдийнээс төрсөн бэ. Тань шиг нэг сэдвээр олон төрлийн цуглуулга хийдэг хүн хэр олон байдаг бол?

-1990-ээд оны нийгэм, цаг үеийн өөрчлөлтийн нөлөөгөөр олон хаалттай зүйл задарсан. Үүний үр дүнд бид таван тивийн улс руу чөлөөтэй зорчиж, харилцах болсон нь хүсэл сонирхолтой зүйлээ цуглуулах боломж нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ үеэс л цуглуулж эхэлсэн. Харин төрөлжүүлэх санаа 2003 онд хятадын нэг цуглуулагчтай уулзсан цагаас төрсөн.

Тэр “Та нар цуглуулга хийе гэж бодож байвал иж бүрнээр нь цуглуулах хэрэгтэй. Цогцоор нь цуглуулбал жинхэнэ цуглуулга болно шүү дээ” гэсэн. Тэр үг надад их хүрч, олон зүйл сонирхох болсон. Нэг зүйлийг дагнан цуглуулдаг нь олон ч иж бүрэн цуглуулга хийдэг нь Монголд цөөхөн. Миний мэдэхээр 40- 50 хүн байдгаас 20 гаруй нь үзэсгэлэн, уулзалтад идэвхтэй оролцдог.

-Хообий гэдгийг зарим хүн хэнээ, дон гэх мэтээр тайлбарлах юм билээ. Таныхаар хообий гэж юу вэ?

-Ямар нэгэн зүйлийг цогцоор нь сонирхож, автахыг хэлнэ. Би өөрийнхөө цуглуулганаас сэтгэлийн таашаал авдаг. Зарим хүн ямар хачин юм цуглуулдаг юм бэ гэж боддог байх. Гэхдээ цуглуулгын ач холбогдол өнөөдрөөс илүү маргааш өндөр болдог юм. Танин мэдэхүй, боловсрол, хүмүүжилд ч нөлөөлнө. Тэр ч байтугай хүнийг хичээнгүй, нямбай, эмх цэгцтэй байдалд сургадаг.

Мөн хүмүүстэй харилцаа холбоо тогтоож, бие биенээсээ суралцах, мэдлэг мэдээлэл солилцох харилцааны чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүн төрсөн хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүсдэг. Бага балчир наснаас нь эрүүл мэнд, эрдэм боловсрол, ёс суртахуун гээд бүхий л зүйлд нь анхаарч халамжилдаг.

Би ч цуглуулгадаа яг ингэж ханддаг. Бүхий л талаас нь судалж, арвижуулж хөгжүүлэхийг хичээдэг.

-Цуглуулгаа тус бүрээр нь тоолж үзэв үү. Хэчнээн ширхэг болсон бол?

-Адууны цогц цуглуулга маань зоос, марк, тэмдэг, цутгамал сувинер, цаасан мөнгө, банкны болон утасны цэнэглэгч карт гэсэн бүтэцтэй. Барагцаалбал, зоос 60, цол тэмдэг 135, утасны цэнэглэгч карт 101, цутгамал морь 30 орчим бий. Бусдыг нь тоолж байгаагүй. Тоо тийм чухал биш шүү дээ.


-Эдгээрээс цутгамал морьд их өвөрмөц санагдлаа.

-Тийм шүү. Сайтар ажиглавал өөр өөрийн дахин давтагдахгүй онцлог хийцтэй. Хар тугалгаар хийсэн. Эдгээрийг сонирхол нэгтэй найзуудаасаа худалдаж авсан. Одоо ч манайд ийм зүйл хийдэг хүн үгүй. Эднийг жаазалж гэртээ байрлуулах бодолтой байна. Эрт цагт малчин ардууд хотныхоо захад морь унасан хүний дүрстэй ийм цутгамал тавьж, хээрийн нохойноос мал сүргээ хамгаалж ирсэн сайхан заншил ч бий.

-Цуглуулга хийхэд цаг заваас гадна мөнгө их зарцуулдаг байх. Гэр бүлийнхэн нь хэр ойлгодог вэ?

-Намайг байнга дэмждэг. 1981 онд манай улсад тус бүр нь 1980 төгрөгийн үнэтэй 30 ширхэг марк гарсан. Тэр үед миний авдаг цалин мянган төгрөг ч хүрдэггүй байсан. Тэгэхээр нь сарынхаа цалин дээр дараа сарын цалин, амралтын мөнгөө урьдчилан нэмж аваад өнөөх алтан маркийг авсан. 2000 төгрөг гэдэг зах зээлийн үед тийм ч бага мөнгө биш.

Алтан маркийг ч тэр үед хамаагүй хэн дуртайд нь өгчихдөггүй байсан. Намын төв хорооноос зөвшөөрөл авч, гарын үсэг зурж байж арай гэж авч билээ. Авсныхаа дараа гэнэт эмээх сэтгэл төрсөн. Гэртээ ирээд эхнэртээ “Би нэг хэрэг тарьчихлаа” гэсэн. Учир явдлаа хэлтэл чамд хэрэгтэй зүйл болохоор бололгүй яах вэ гэсэн. Энэ үгийг сонсоод тухайн үедээ их баярлаж билээ.

Хүсэл сонирхлыг гэр бүлийнхэн минь сайн ойлгодог. Олон улсын үзэсгэлэн, цуглуулагчдын уулзалтад явах болоход бүх зардлыг өөрөө л гаргадаг. Хэрвээ тэд маань ойлгодоггүй байсан бол ийм цуглуулгатай байх байсан болов уу гэж бодогддог.

1990-ээд онд гадагшааа наймааанд явах үеэрээ өнөөх алтан зоосоо 400 доллараар худалдчихсан. Цуглуулга хүнд ашиг тусаа өгдөг гэдгийг тэр үед мэдэрч, урам орсон.

-Алтан зоос худалдаж авсан түүхийг сонсоод “Хэнээт” хөргийн Д.Эрдамбилэг гэдэг дүр санаанд буулаа. Мөн номонд хорхойтой нэгэн. Телевизор авах гэж хурааж цуглуулсан мөнгөөрөө шуудай дүүрэн уран зохиолын ном авчихдаг. Цуглуулагчдад ийм явдал элбэг тохиолддог байх даа?

-Тийм шүү. Одоо бодоход хөгжилтэй сайхан дурсамж. Цуглуулагч хүн аль болох арвижуулахыг л хичээдэг. Аль ховор, үнэ цэнэтэй бүхнийг авахыг хүснэ. Боломжгүй үе ч байна. Нэг хэсэг бүр сансрын зураг бүхий марканд донтсон. Ажлаа таслах, даргадаа худлаа хэлэх тохиолдол ч олон байлаа.

-Тэгэхээр маркийг бүр эртнээс сонирхож байжээ?

-Тийм ээ. Нэгэн өдөр аавтайгаа гадуур явж байтал төв шуудангийн үүдэнд хүмүүс шавчихсан байсан. Тухайн үед марк цуглуулагчид тэнд цугладаг байж. Анх марк харахад өнгө алаг байдал нь үнэхээр гоёмсог санагдсан. Марк тэр чигээрээ түүх.

Урлаг, спорт, улс төр, амьтан судлал, сансар судлал гээд бүхий л шинжлэх ухааныг багтаасан маш өвөрмөц бүтээл. Түүнчлэн түүхийг дүрс зургаар хадгалан үлддэг учир асар үнэ цэнэтэй. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Зөвлөлтийн сансрын нисэгч Юрий Гагарин сансарт анх ниссэн түүхэн үйл явдал тохиосон.

Энэ баярт явдлыг тохиолдуулж тухайн үед сэтгэл хөдөлгөсөн олон үйл явдал болдог байлаа. Хэдий жаахан байсан ч тэр дурсамжууд одоо ч сэтгэлд тодоор зурайж байна. Тэгээд зургадугаар ангиасаа сансрын сэдвийг сонирхож эхэлсэн. Хожмоо адууны сэдэв рүү урвасан. Ямар сайндаа нэг нөхөр маань “Чинбаа сансрын хөлгөөсөө буухдаа газар дээр биш морин дэл дээр буулаа. Чи ч газардахгүй юм ” хэмээн хошигносон байдаг.

-Банкны болон утасны цэнэглэгч картыг ашигладаггүй хүн гэж үгүй. Гэвч хэрэглэчихээд хогийн сав руу чулуудчихдаг. Үүнийг цуглуулах санаа хэрхэн төрөв?

-Улс орнуудаар аялаж явсаар нэг мэдэхэд л картны цуглуулга бий болчихсон. Ялангуяа гадаадын улс орноос морины зурагтай карт авахаар дотно санагдаж, баярладаг. Хүн ямар нэгэн юм хийж байгаа цагт өсөхөөс уруудна гэж үгүй. Хэрэггүй зүйл гэж байдаггүй юм. Аливаа зүйлийн үнэ цэнэ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өсдөг.


-Та цуглуулгаа хожим яах вэ?

-Цуглуулагч хүнд өөрийн цуглуулгаа зарчихья гэсэн бодол төрдөггүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт үнэ цэнийг нь ойлгодог, хайрладаг хүнд өгөхийг хүсдэг. Мөнгөөр зарах, үнэлэхдээ гол нь бус, хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн зүйл гэдгийг ухамсарладаг байх хэрэгтэй. Манайхан шиг морийг шүтдэг, хайрладаг ард түмэн дэлхийн хаана ч үгүй.

Тиймээс ийм сайхан тэнгэрлэг амьтны холбогдолтой цуглуулга хийсэн учраас эдгээрийг гэр музейд байрлуулах юм сан гэж хүсдэг.

-Эдгээрээс хамгийн үнэ цэнэтэй нь аль вэ?

-Хятадаас авсан эртний нэг зоос бий. Он тооллыг нь тогтоохоор олон хүнтэй уулзаж, судалсан ч тодорхой болоогүй. Итали, Ромынх байж болзошгүй. Бас ч үгүй өндөр өртгөөр авсан болохоор илүү үнэ цэнэтэй санагддаг.

Н.Чинбат гуай аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, хөдөлмөрч нэгэн гэдэг нь цуглуулгаа ихэд нандигнан хадгалж буйгаас илэрхий. Манайхан зарим зүйлийнхээ үнэ цэнийг ойлгож амжилгүй гадагшаа алдаад дуусах юм шиг байна.

Үүнийг зогсоох юм сан хэмээсэн. Энэ түүний эмзэглэл. Магадгүй цуглуулагч хүн бүрийн сэтгэлд ийм хармын сэтгэл төрдөг байх.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД