ЧАНАРТАЙ ЗАМ ТАВЬЖ БУЙ КОМПАНИУДАА ДЭМЖИНЭ

2015 оны 09 сарын 01

Сүүлийн хэдэн өдөр авто замын ачаалал ихсэж, худалдааны байгууллагууд хөл, хөдөлгөөн ихтэй байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт барьж буй авто замын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагын удирдлагууд болон иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцсон юм.

Өнгөрсөн зургадугаар сараас Дамбадаржаа дахь цагдаагийн постоос Шаргаморьт, Хандгайт чиглэлд 16.3 км авто зам тавьж буй. Үүнээс эхний таван километрийг “Тэгш плант”, “Эрдэнэ зам”, Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх 4.6 км-ийг “Төгс зам”, Шаргаморьтоос Хандгайт хүртэлх 6.75 км авто замыг “Наранбулаг-хан” ХХК болон 35, 15 метр урт хос гүүрийг “Мотор сервис” барьж байна.

Эдгээр замын ихэнх буюу 75 хувь нь бэлэн болжээ. Дөрвөн эгнээ бүхий 12 метр өргөн тус зам гол хэсгээрээ овгор бөгөөд хашлага нь мөлгөр. Энэ нь борооны усыг замын хоёр тал руу урсгах зориулалттай аж.

Өдгөө нийслэлд тавих бүх замыг энэ маягаар хийхээр болжээ. Мөн авто замын урд хэсэгт дугуйн зам, хойд хэсэгт явган хүний зам хийж, бүрэн гэрэлтүүлэх гэнэ. Түүнчлэн бороо, цасны ус зайлуулах 40 хоолой хийхээр болжээ. “Эрдэнэ зам” компанийн үйлдвэр эрхэлсэн захирал О.Алтантуяа “Манайх зургадугаар сарын 15-нд гэрээ хийж, энэ замыг тавьж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар бид ажлынхаа 90 хувийг хийлээ, зорчих хэсгээ бүрэн нээсэн. Өнгө, хучилтаа хийж, будаг тэмдэглэгээгээ дуусгалаа” гэлээ. Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх 4.6 км замын хажуугаар түр зам гаргах боломжгүйгээс замынхаа нэг талаар машин явуулж хугацаа алдсан ч аравдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгана гэж “Төгс зам” компанийн захирал Д.Төгсбаяр нийслэлийн Засаг даргад дуулгасан.


Нийслэлийн төсвөөс 30 хувь болох долоон тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компаниудад ол госон, үлдсэн 70 хувийг компаниуд өөрсдөө гаргажээ. Компаниудын мөнгийг ирэх жилийн төсөвт суулгаж олгох аж. Гүйцэтгэгч компаниуд ихэнх замын өнгөн хэсгийг ирэх жил хучих ёстой ч одоо хийж байсан юм.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Манайхтай ижил төстэй цаг ууртай орнууд өнгөн хучилтаа дараа жил нь хийдэг ч барилга, бүтээн байгуулалтын ажлаар том оврын, хүнд даацтай машинууд зуслангийн замаар их явж буй учир дан суурь хучилт уг даацыг дийлэхгүй гэж компаниудын удирдлагууд тайлбарлалаа.

Цаашдаа жил бүр замын тендер зарлахгүйгээр, ажлаа чанартай гүйцэтгэж буй компаниудаа дэмжиж, урт хугацаатай гэрээ хийж ажиллана. Мөн замын хашлага дээр 50 метр тутамд гүйцэтгэгч компанийн нэр бүхий дардас байх хэрэгтэй. Ингэснээр ямар компани ажлаа хэр чанартай хийсэн нь тодорхой болно.

Түүнчлэн төр болон хувийн хэвшлийнхэн хэн хэн нь тэгш эрх эдлэх гэрээ байгуулна. Ингэснээр хэнээс болж ажил зогсоно, тэр хариуцлага хүлээж, алданги тооцуулах ёстой” гэж онцоллоо. Үүний дараа Улиастай, Гачуурт чиглэлийн 11 км замын ажилтай танилцлаа.

Тус замыг өнөөдрөөс бүрэн нээжээ. Явган хүний зам, автобусны буудлын ажил хараахан дуусаагүй байлаа. Түүнчлэн Нарны замыг XIX хорооллын арын замтай холбосон 1.5 км замыг тавихдаа төмөр зам доогуур туннель хийж, төмөр бетонон 50 болон 10 метр урт гүүр тавьж байв.

“Туннелийн урт 22 метр бөгөөд жийп болон жижиг машин гарах боломжтой. Долоон метр өргөн, явган болон дугуйн замыг ч шийдэж өгсөн. Тус замаар хойшоо Үндэсний соёл амралтын хүрээлэн, урагшаа Энхтайваны гүүрний зүүн талын замтай холбож байгаа. Нийслэлийн төсвийн 4.3 тэрбум төгрөгөөр хийж байна” гэж нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж ярив.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД