Ерөнхий сайд 33 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

2015 оны 09 сарын 01

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож багш сурагчдад эрдмийн баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын эрхэм зорилго, алсын хараагаа бүтээлч шийдвэр гаргах чадвартай, дэлхийд өрсөлдөх мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах “Монгол хүн” гэж тодорхойлсон. Зорилгынхоо хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг батлан гаргаж, хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх, бага, суурь, боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна гэдгийг онцлоод Засгийн газар төсвийн орлогынхоо дөрвөн төгрөг тутмын нэг төгрөгийг боловсролын салбарт зарцуулж байгаа.

Цаашид энэ чиглэлээр олон ажил хийх болно гэдгээ илэрхийллээ. Өнөөдөр Монгол Улс даяар ерөнхий боловсролын 799 сургуульд 539 мянган сурагч суралцаж байгаагаас 64300 хүүхэд 1 дүгээр ангид элсч, сургуулийн алтан босгыг алхан орж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 2015 онд биологи, математик, хими, физикийн 144 цахим лабораторийг байгуулж, олон улсын 500 видео хичээлийг эх хэлнээ хөрвүүлэн олон түмэнд нээлттэйгээр хүргэж байна.

Өнгөрсөн хичээлийн жилд 200 орчим хими, физикийн лабораторитой болсон бол энэ жил олон улсын түвшинд нийцсэн 200 физикийн лаборатори байгуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн энэ хичээлийн жил “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарт 25 мянган зөөврийн компьютер, сурагчдад 11340 суурин компьютер нийлүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ. Нээлтийн ажиллагааны дараагаар Ерөнхий сайд тус сургуулийн “Олимп” танхим, химийн гүнзгийрүүлсэн 11 дүгээр анги, нэгдүгээр ангийн танхимуудтай танилцаж, багш сурагчидтай уулзлаа. Улсын тэргүүний 33 дугаар сургуульд энэ жил 71 бүлэгт 3100 сурагч суралцаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД