Ган болсон ч гурилын үнийг ХӨӨРӨГДҮҮЛЭХГҮЙ

2015 оны 08 сарын 31

“Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй Уудам бэлчээрт шуугиан татрахгүй... Ай даа намар цаг Алтан сайхан цаг” хэмээх дууг тариаланчид амандаа аялна. Эх оронд минь ургац хураах цаг аль хэдийнэ иржээ. Хэдийгээр энэ зун гантай байсан ч тариаланчид ургацынхаа ихэнх хувийг авахын тулд зуны турш тариан талбай дээрээ хонон, өнжин хөдөлмөрлөжээ.

Энэ жил манай орны газар тариалангийн бүс нутгаар тавдугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай байсан ба зургадугаар сард өдөр, шөнийн температурын хэлбэлзэл их, олон хоног аагим халуун байснаас ган болох нөхцөл үүссэн.

Ялангуяа таримал ургамал чийгэнд хамгийн эмзэг байдаг зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 8-ны хооронд агаарын температур 34-38 градус, хөрсөн дээрх температур 60-64 градуст хүрч халжээ. Мөн 18-27 хоног үргэлжилсэн хэт халалт нь таримал ургамлын ургалт, өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн аж.

Энэ онд улсын хэмжээгээр нийт 512.300 га талбайд тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 252.300 тн буудай, 117.300 тн төмс, хүнсний 75.300 тн ногоо, тосны 28.700 тн ургамал, 53.900 тонн тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвтэй байна. Бид төлөвлөсөн ургацынхаа 53.7 хувийг авч, 46.3 хувийг алдах тооцоо гарсан. Ингээд бодит байдалтай танилцахаар ХХААЯ-ны удирдлагууд сэтгүүлчидтэй хамт газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгийн Хушаат, Орхон аймгийн Жаргалант сумыг зорьсон юм.

Сэлэнгэ аймаг энэ жил 145.000 га-д улаанбуудай тарьснаас 114.000 га-гаас нь ургац хураах аж. Хураах боломжгүйг нь хувааж уриншуулах, малд идүүлэх, ногоон тэжээл бэлдэхээр болжээ. Тус аймгийн Хушаат суманд орших “Цэгээн хуст” ХХК-ийн тариан талбайд комбайн нүргэлэн, алтанхан буудай шижиртэн цайрна.

Компанийн захирал Б.Ганболд “Манайх 2000 га-д тариалалт хийсэн, га-гаас 15-17 цн ургац авна. Ургац хурааж эхлээд хоёр хонож байна. Буудай муу ургасан талбайгаа уриншилж байгаа. Цаг уурын байдлаас болж зарим талбайд ургац муу байгаа ч тариаланчид хүйтэрч, цас унахаас урьтан ургацаа хаягдалгүй авах л зорилготой ажиллаж байна.

Үнийн хувьд урьдчилан хэлэх боломжгүй. Өнгөрсөн жил нэг тонн буудайны өөрийн өртөг 380-400 мянган төгрөг байсан. Өнөө жил бордоо хангалттай хэрэглэсэн учир зарлага их байлаа. Мөн ургацын гарц муудсан болохоор 550 мянгаар борлуулбал өртгөөр нь өгч байна гэсэн үг. Аж ахуйн нэгж бүрийн зарлага өөр өөр гарч байгаа” гэлээ.

ХХАА-н сайд Р.Бурмаа “Улсын хэмжээнд жилийн турш хэрэглэх гурил үйлдвэрлэхэд орох улаан буудайн 58 хувийг хурааж авна. Үлдсэн хувийг импортолж нөөцөлнө. Бүтэн жилийн гурил нөөцлөхөөр Засгийн газар шийдвэрлэсэн учир иргэд санаа зовох хэрэггүй. Өмнө нь гурилын үйлдвэрүүдэд тус тусад нь код өгч, буудай импортолдог байсан бол одоо бид өөрсдөө нэг цонхны бодлогоор буудай оруулж ирнэ.

Чанарын баталгаа ч гаргана, үнийн хувьд ч хямд байлгахаар зорьж байна. Дотоодын тариаланчдаас хэдий хэмжээний буудай авсантай дүйцүүлж импортын буудайгаа гурилын үйлдвэрүүдэд тараана. Нэгдүгээр гурилын бөөний үнийг 850 төгрөгөөр тогтсон бол энэ үнийн дүнг барихыг зорьж байна.

Саяхан зарим аж ахуйн нэгж ноднин жил хураасан буудайгаа гурилын үйлдвэрүүдэд тушаахгүйгээр нуун дарж, энэ онд спиртийн үйлдвэрүүдэд борлуулахдаа үнэ нэмж зориудаар буудайн үнэ хөөрөгдсөн” гэсэн юм. Өнгөрсөн жилээс эхлэн тариаланчид хөрсөө хамгаалж, арвин ургац авахын тулд бордоонд их хэмжээний хөрөнгө зарцуулжээ.

Мөн тэд хөрсөнд ээлтэй техник, технологи нэвтрүүлэхэд анхаарч байна. Тухайлбал, “Цэгээн хуст” ХХК 200 тонн орчим буюу 300-гаад сая төгрөгийн бордоо авч хэрэглэжээ. Орхон аймгийн Жаргалант суманд орших “Орхон тариа” ХХК-ийн захирал Л.Отгонбат “Манайх 2008 оноос хойш га-гийн ургацыг тасралтгүй дээшлүүлж ирсэн.

Энэ жил 1000 га-д тариалалт хийлээ. Энэ бүс нутагт тохирдог болохоор сэлэнгэ сортын үрээр тариалдаг, га-гаас 20 орчим цн ургац хураана. Ургацаа алдагдалгүй хураахын тулд яамнаас олгосон хөнгөлөлттэй зээлд хамрагдаж “Челенжер” комбайн авсан. Энэ комбайн жилд 1000 га талбайн ургац хураах хүчин чадалтай” гэлээ.

Энэ үеэр тариалан эрхлэгчид “Төрөөс олгож буй урамшуулал бидэнд зайлшгүй хэрэгтэй. Харин ямар аргаар олгох талаар бусад орнуудаас туршлага судалж, тариаланчдын саналыг сонсож, бодлогодоо тусгах нь зүйтэй” гэсэн юм.

Газар тариалан эрхлэхэд таатай бүс нутагт оршдог Европын орнууд га-гаас 70-80 цн, бидний хойд хөрш 25-30, Казахстан 20-25 цн ургац авдаг бол манай улс өнгөрсөн жил түүхэндээ анх удаа улсын хэмжээнд нэг га талбайгаас 15 цн-ийг авч амжилт тогтоосон.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД