Зэрлэг ан амьтдад зориулсан гарц хийх ёстой гэв

2015 оны 08 сарын 27

“Монгол Улсын дэд бүтцийн төлөвлөлт болон зураг төсөлд зэрлэг амьтдад ээлтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь” сэдэвт олон улсын хурал манай улсад энэ сарын 24-28-ны өдрүүдэд болж байна.

Манай орны тал хээр, говь нь зэрлэг амьтад нүүдэллэж, идээшин амьдардаг бүс нутаг юм. Гэвч сүүлийн жилүүдэд орон нутаг, нийслэлийг холбосон авто болон төмөр зам барьснаар тэдний амьдрах орчин өөрчлөгдөж, тоо толгой нь багасах болжээ.

Тухайлбал, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор буга, гөрөөс, зэрлэг гахай, Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр зам дагуу өргөст тортой хашаа татсанаар цагаан зээр, хулан болон бусад ан амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, улмаар үхэж, үрэгдэхэд хүргэснийг энэ үеэр оролцогчид ярьж байв.

Дэд бүтэц хөгжихийн хэрээр байгаль орчин, ан амьтан, жигүүртэн шувуудад ч сөргөөр нөлөөлж эхэлжээ. Тус хурлыг БОНХАЖЯ, Герман улсын Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, барилга болон цацраг аюулгүй байдал хариуцсан холбооны яам болон Германы Байгаль хамгаалах холбооны агентлаг хамтран зохион байгуулж буй юм.

Хурлын үеэр БОНХАЖЯ-ны мэргэжилтэн А.Баясгалангаас зарим зүйл тодрууллаа.

-Манай улс зэрлэг амьтдыг хамгаалах талаар ямар хууль, дүрэм журам хэрэгжүүлж байна вэ?

-Байгаль орчны салбарын хуулиудад зэрлэг амьтадтай холбоотой зарим зүйл, заалт байдаг. Жишээ нь, Амьтны тухай хуулийн 6.1.3-т ан амьтдын нүүдлийн замыг чөлөөтэй байлгахаар заасан.

Мөн Нэн ховор амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөрт шинээр барьж буй авто болон төмөр замын байгууламж, өндөр хүчдэлийн шонгуудад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зайлшгүй хийсэн байх ёстой гэсэн заалт бий.

Гэвч эдгээр хууль дүрэм амьдрал дээр бүрэн хэрэгжихгүй байна.

-Зэрлэг ан амьтдад зориулан авто болон төмөр зам дээгүүр, доогуурх гарцын талаар олон улсын ямар стандарт байдаг вэ?

-Үүнийг дагах ёстой гэсэн ганц стандарт байхгүй. Улс бүр өөрсдийн байгаль орчин, цаг уур, дэд бүтцээсээ хамаарч стандартаа тогтоодог.

Манай улс өнгөрсөн зургадугаар сард стандартаа баталлаа.

-Манайд амьтдад зориулж стандартын дагуу хийсэн гарц, зам байгаа юу?

-Ер нь байгаа. Сүхбаатар-Улаанбаатарын замд бий. Гэхдээ энэ замыг стандарт тогтоохоос өмнө тавьсан. Цаашдаа зам барихдаа стандартынхаа дагуу л хийх ёстой гэлээ.

Уг хуралд оролцож буй Герман улсын Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, барилга болон цацраг аюулгүй байдлыг хариуцсан холбооны яамны Байгаль орчин, байгалийн нөөцийн газрын дарга Эльза Никель “Манай улс 1975 онд Байгаль орчны хуульд зэрлэг ан амьтдад хэрхэн ээлтэй дэд бүтэц хийж, төлөвлөх тухай зааж өгсөн.

Тиймээс энэ тал дээр тодорхой туршлага бий. Бидний мэдсэн гол зүйл бол авто болон төмөр зам барихдаа амьтад нүүдэллэх гарц төлөвлөж, гаргаж өгөх хэрэгтэй. Нэгэнт тавьсан зам дээр дахин гарц хийхэд их хэмжээний мөнгө шаарддаг.

Монгол Улс төмөр замын дагуу өргөст тортой хашаа татсан нь амьтдад хамгийн их саад болж байна” гэсэн юм. Амьтдад зориулсан анхны гүүрийг 1950 онд Францад байгуулжээ. Мөн АНУ гэхэд сүүлийн 30 жилд 1000 гаруй гүүрэн гарц хийсэн аж.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД