Монголчууд эх орондоо ургуулж, үйлдвэрлэснийг авч байна

2015 оны 08 сарын 26

Бид намрын эхэн сартай золгоод арваад хонолоо. Улсын баяр наадам ард хоцорч, хурим найрын цаг, хичээлийн шинэ жил айсуй. Мөн тариаланчид ургацаа хураан авч, хэрэглэгчдэд шинэхэн хүнсний ногоо худалдаж эхэллээ.

Манай улс энэ жил 50-иад мянган га газрын ургац алдсан ч хөдөө аж ахуйн бүлэг, хоршоодын тарьсан жимс, ногоогоор үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байна.

Барилгачдын талбай дээр өчигдөр нээлтээ хийсэн, “Монголд ургуулж, үйлдвэрлэснийг бид сонгодог” уриатай үзэсгэлэн, худалдааг “Глобал коммунитс” олон улсын байгууллагаас санаачилж, ХХААЯ болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж буй.

“Глобал коммунитс” байгууллагын маркетингийн мэргэжилтэн Ц.Оюунчулуун “Бид энэхүү үзэсгэлэн, худалдааг 2013 оноос хойш зохион байгуулж байна. Энэ жил бүлэг, хоршоодын бизнесийг дэмжиж байгаагаараа онцлог. Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 21 бүлэг, хоршоо үзэсгэлэн, худалдаанд оролцож байна” гэв.


Үзэсгэлэн, худалдааны асарт ормогц, лангуун дээр өрсөн хүнсний болон нарийн ногооны үнэр ханхийнэ. Худалдагчид нь ижил хувцсаар жигдэрсэн учир эмх цэгцтэй, цэвэрхэн харагдаж байсан. Бидний өдөр тутам хэрэглэдэг төмс, лууван, манжин, байцаа, сонгино зэрэг хүнсний ногоо килограмм нь 1000-1500 төгрөг байсан бол улаан лооль 4000-5000, тарвас 1000-1500, цэцэгт байцаа 3500-4000, даршилсан ногоо хэмжээнээсээ хамаарч 2500-5000 төгрөгийн үнэтэй байв.

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын “Ширхэнцэг өгөөж” хоршооны гишүүн Г.Уянга “Энэ жил гантай байсан болохоор усалгаагаа гүний худгаас хийсэн. Ойролцоогоор ургацынхаа 70 орчим хувийг хураасан. Ченжийн гар дамжуулаагүй болохоор хямдхан худалдаж байгаа. Их хэмжээгээр авбал 10-20 хувь хямдруулна” гэсэн.

Үзэсгэлэн нээлтээ хийгээд цаг болоогүй ч сонирхон ирэх хүмүүс нэлээн байв. М.Элбэгзаяа “Би хоолны газар ажиллуулдаг, сая 50 кг төмс авлаа. Ер нь бид тариаланчидтай байнга холбоотой байж нэг нэгнээ дэмжиж ажиллах хэрэгтэй байна.

Аль болох дотоодын эрүүл, чанартай хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэмээр байвч үнэндээ жилийн ихэнх хугацаанд урдаас оруулж ирсэн чанаргүй ногоо л идэх юм. Үүнээс болж хорт хавдартай хүмүүс ч ихэслээ.

Манайхан хүнсний ногоогоо Өмнөд Солонгос болон БНХАУ шиг даршилж, хадгалаад сурчихвал үнэ нь ч тогтвортой болно шүү дээ” гэлээ. Нээлтийн үеэр залуучууд флаш моб үзүүлж, тогооч Г.Тэнгис шинэ ургацын ногоогоор салат болон II хоол хийж сонирхуулсан юм. Тус үзэсгэлэн, худалдаа аравдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх аж.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.123.72 Barilgachdin talbai gj haana ve