У.ЦАСЖИН: КИНО НАЙРУУЛАХ ХҮСЭЛДЭЭ ХӨТЛӨГДӨН ЗОХИОЛ БИЧИЖ БАЙГАА

2015 оны 08 сарын 26

Лондоны богино хэмжээний кино наадмын эмэгтэй гол дүрийн шагналд “Гэр бүлийн хөрөг” киноны Ононгийн дүрээр 11 настай, У.Цасжин охин нэр дэвшээд буй.

Тус киноны зохиолч, найруулагч Б.Чингүүн “Цасжин наснаасаа хэтэрсэн мэдрэмж, авьяас бас ухаантай. Ирээдүйн сор болох жүжигчин” хэмээн дүгнэсэн.

Түүнийг “Хөгжилтэй гэр бүл” телевизийн олон ангит киноны Мишээлийн дүрээр үзэгчид андахгүй мэднэ.

-Шилдэг эмэгтэй гол дүрд өрсөлдөх болсноо сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Найруулагч Б.Чингүүн ах утсаар хэлсэн. Энэ мэдээг аав, ээж хоёртоо хамгийн түрүүн дуулгахад “Миний охин мундаг шүү” гэсэн. Энэ үгийг сонсоод бүр ч их баярласан шүү.

-Хамгийн анх ямар кинонд тоглосон бэ?

-Зургаан настайдаа “Mamma Mia” мюзикл кинонд туслах дүрд тоглосон. Мөн найруулагч Б.Чингүүн ахын бүтээл байсан.

-Жүжиглэх ур чадварыг мэргэжлийн багшаар заалгаж байв уу?

-2013 оноос Монголын хүүхдийн ордны жүжгийн дугуйланд явах болсон. Жүжигчин хүнд байх ёстой бүх л зүйлийг эндээс суралцдаг.

-“Гэр бүлийн хөрөг” киноны Ононгийн дүр бусдаас юугаараа онцлог байв?

-Энэ бүтээл хүүхдийн хүчирхийллийн эсрэг сэдэвтэй. Би хүүхэд бүрийг аз жаргалтай байгаасаа гэж хүсдэг учраас энэ кинонд тоглосон. Онон бол маш шазруун охины дүр байгаа.

-Цасжин хэр шартай вэ?

-Ер нь шартай шүү. Энэ чанараараа төстэй юм байна.

-Кинонд тоглож байхад хүндрэл гарч байв уу. Хамгийн хэцүү хэсэг нь ямар үе байв?

-Хойд аавдаа зодуулдаг хэсэг хүнд байсан. Уйлах ёсгүй байсан ч айсандаа болоод уйлчихсан. Найруулагчийнхаа итгэлийг алдчих вий, миний оронд өөр хүүхэд тоглуулчих вий гэсэн айдас төрж байлаа.

-Аавыгаа үзэн ядсан уурандаа хүүхэлдэйгээ зүүгээр хатгадаг тэр хэсэг чиний жүжиглэх ур чадварыг илүү харуулсан юм шиг санагдсан. Яаж дүрдээ ордог юм бэ?

-Яг зодуулсны дараагаар энэ хэсгийг авсан болохоор илүү үнэмшилтэй болсон байх.

-Үлгэр дуурайлал авдаг жүжигчин байдаг уу?

- “Х-Түц” продакшны жүжигчин И.Одончимэг эгчийг хүндэлдэг. Тайзны ард инээгээд ярьж байснаа үзэгчдийн өмнө яг гарах болоход маш хурдан дүрдээ орчихдог мундаг жүжигчин.

-Бүтээхийг хүсдэг дүр бий юү?

-Одоохондоо байхгүй. Том болоод түүхэн кинонд тоглохыг хүсэж байна. Үүнийг жүжигчин хүн бүр хүсдэг байх.

-Жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Өөрийгөө хөгжүүлэхийн тулд жүжигчний чиглэлээр ямар нэгэн дугуйлан, сургалтад явж, төрөл бүрийн кинонд өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй. 99 хувийн авьяас, нэг хувийн чадвар гэдэг болохоор өөрсдөө хичээх нь чухал.

-Чи юу хүсэж мөрөөддөг вэ?

-Би “Оскар” авахыг хүсдэг. Тийм учраас ахлах сургуулиа төгсөөд Холливудын жүжигчний сургуульд суралцах бодолтой байгаа. Мөн кино найруулах хүсэлдээ хөтлөгдөн зохиол бичиж байгаа.

-Наадмын эцсийн дүн олон нийтийн сүлжээний санал асуулгаар гарна гэсэн. Өөртөө хэр итгэлтэй байна вэ?

-Эмэгтэй гол дүрд зургаан эмэгтэй жүжигчин нэр дэвшснээс дөрөв нь насанд хүрсэн, хоёр нь хүүхэд байсан. Түрүүлнэ гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна.

-Хамгийн их дэмжиж тусалдаг хүн хэн бэ?

-Буурай эмээ, ээж хоёр минь маш их дэмждэг. Сая ярилцлага өгөх болоход эмээ маань “Би охиноо дагуулаад яваад ирье” гээд л байсан.

-Олны танил болж эхлэхэд хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдөж байна вэ?

-Их өөр болдог юм байна лээ. Би өмнө нь од болохыг хүсдэг жирийн л нэг Цасжин байсан. “Хөгжилтэй гэр бүл” кинонд тоглосноор олон хүн таньдаг болсон. Гадуур явж байхад хамт зураг авахуулах, гарын үсэг зуруулах хүсэлт их ирдэг. Энэ бүхэнд нь найрсаг ханддаг.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-У.Шекспирийн сонгодог зохиолуудыг унших дуртай. Хүүхдэд зориулсан хялбарчилсан бүх зохиолыг нь уншчихсан.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.31.82 Цасжиндаа мөрөөдөл бүхэн нь биелэх болтугай
124.158.91.97 Estoi mundag ohin ireeduin od boloh ohin
103.229.176.131 Цасжиндаа амжилт хүсье. Илүү их хичээгээрэй. Ундраа эгч нь