ИРГЭД ШИНЭЧЛЭЛД ДАСАЖ БАЙНА

2015 оны 08 сарын 25

Нийслэлийн иргэд энэ сараас эхлэн нийтийн тээврийн шинэ чиглэл, смарт картаар үйлчлүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Тээврийн газар болон “Улаанбаатар смарт карт”-ынхан иргэд, үйлчлүүлэгчдээс сайн, муу олон санал хүлээж авч байгаа ч хөгжингүй орнуудын жишгээр орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахаас өөр гарц бидэнд үгүй.

Замын хөдөлгөөний ачаалал болон чиглэлийн давхацлыг бууруулах зорилгоор нийслэлийн Тээврийн газраас үйлчилгээний чиглэлээ шинээр төлөвлөсөн. Тухайлбал, өмнө нь 81 чиглэлд 985 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байсан бол шинэ төлөвлөлтөөр 73 чиглэлд 996 автобус явдаг болжээ.


Энхтайваны өргөн чөлөөнд өмнө нь 19 чиглэлийн 350 автобус явж байсныг 11 чиглэлийн 216 автобус болгож, чиглэлийн давхцлыг 40 хувь бууруулсан аж. Түүнчлэн таван цэгт шинэ чиглэл нээсэн юм.

Хотын баруун хэсгээс Таваншар, Саппоро хүртэл, зүүн хэсгээс Офицеруудын ордон, “Дүнжингарав” худалдааны төв хүртэл богино эргэлтээр зургаан чиглэлд 52 автобус үйлчилж байна. Энэ сарын 15-наас эхлэн үйлчилгээнд гарсан угсраа автобусны талаар иргэд янз бүрийн саналтай байна.

Жишээлбэл, 395 саяар угсраа нэг автобус оруулж ирэхийн оронд цэцэрлэг, сургууль барьж болдоггүй юм уу гэх иргэд ч цөөнгүй. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын Тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Галбадрах “Энэ бол нийтийн тээврийн салбарт хийж буй шилжилтийн эхлэл.

2009 онд Өмнөд Солонгосоос 400 автобус оруулж ирснээс хойш нэг ч шинэ автобус аваагүй. Хоёрт, Авто тээврийн хуульд “Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа тээврийн хэрэгслийн 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байх ёстой” гэсэн заалт байдаг ч хэрэгждэггүй.

Харин угсраа автобус үйлчилгээнд явуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө сууж, буухад хүндрэлгүй болсон. Түүнчлэн уг автобус байгаль орчинд ээлтэй евро-3 хөдөлгүүртэй, мөн давхар вакум шил хийсэн учир өвөл цантахгүй, нийт найман камер суулгасан болохоор хулгай, дээрэм гарвал шүүж, хянах боломжтой зэрэг давуу тал ихтэй” гэлээ.

Угсраа автобусны кондуктор Б.Даваасүрэн “Төв замаар нийт 18 угсраа автобус үйлчилж байгаа. Түгжрэл байхгүй, автобуснууд ойр ойрхон ирж байгаа болохоор зорчигчид ам сайтай байна. Угсраа автобусаар зорчсон иргэд “Тохь тухтай, зай сайтай юм” гэсэн. Сүүлийн өдрүүдэд үйлчлүүлэгчдийн тоо ихэссэн” гэв.

Үүнээс гадна зорчигчид цахим картаар төлбөрөө хийж эхлээд буй. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагчид болон оюутнууд хэрхэн хөнгөлөлтөө эдлэх тухай асуулт иргэдийн дунд үүсээд байна.

Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О.Түшиг “2015 онд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих 113.000 оюутанд 53.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сургуульдаа ирж, очих болон нэг удаа дамжин суух хэмжээний мөнгийг оюутнуудын смарт картанд нь хийж өгнө.

Хэрвээ картан дахь мөнгө нь дуусвал өөрсдийн мөнгөөр зорчино гэсэн үг. Оюутны холбооноос манайд хуучин журмаараа үнэгүй зорчих санал ирүүлсэн ч энэ нь боломжгүй. Сурагчид картаа аваад 200 төгрөгөөр зорчино” гэлээ.

Смарт картаар үйлчлүүлж буй иргэдийн талаар “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболортой хэсэгхэн хугацаанд ярилцсан юм.

-Ирэх сараас бэлэн мөнгөөр үйлчлүүлбэл 1000 төгрөг төлөх тухай ярьж байгаа. Эцсийн шийдвэр гарсан уу?

-Энэ шийдвэр хараахан гараагүй байна. Есдүгээр сарын 1-нээс өмнө гаргана. Олон улсын жишигт бэлэн мөнгөөр зорчвол картаар төлбөр хийснээс илүү мөнгө төлдөг. Бид үүний дагуу л шийднэ.

Ер нь иргэд 100 хувь картаар үйлчлүүлбэл нийслэлийн Тээврийн газарт хэдий хэмжээний орлого орж байгаа мөн нийслэлийн ямар чиглэлд ачаалал их болон бага байгаа нь тодорхой болно.

-Одоогийн байдлаар иргэд нийт хэчнээн карт аваад байна вэ?

-Өнгөрсөн баасан гаригийн байдлаар иргэд 240 мянга орчим карт авчээ. Карт авах иргэдийн тоо нэмэгдэж байна.

-Карт цэнэглэх цэгүүдээ нэмнэ гэсэн үү?

-Нийслэлд карт цэнэглэх цэг 370 байгаа. Үүнийг 500 болгоно. Цаашдаа иргэд картаа гар утсаараа болон банкны АТМ-аар цэнэглэх боломжтой болно. Мөн өнөөдрөөс (өчигдөр) эхлэн карт цэнэглүүлэхэд хураамж авахаа больж байна.

-Иргэд 30 минутын дотор автобус, троллейбусанд дамжин суухад хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр болсон бэ?

-Одоохондоо энэ талаар судалж байгаа. Картаар үйлчлүүлэх иргэдийн тоо дор хаяж 50 хувьд хүрч байж судалгааны дүн бодитой болно. Тэр үед 30 эсвэл 40 хувь хөнгөлөх тухай ярьж эхэлнэ.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Оюунчимэг “Хүмүүс картаар үйлчлүүлэх нь ихсэж байна. Энэ нь ч амар юм. Задгай мөнгөө тааруулах гэж энд тэндхийн ТҮЦ, хүнсний дэлгүүрээс гуйхгүй. Би картаа долоо хоногийн өмнө авсан” гэлээ. Удахгүй смарт картаар галт тэрэг болон такси, орон нутаг руу автобусаар зорчихдоо ч хэрэглэх боломжтой болох аж.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Sain yumand dasahad amarhan shuu. Amjilt husie.