ОРОН СУУЦНЫ ЧАНАР ТӨЛӨВЛӨЛТӨӨС ШАЛТГААЛДАГ

2015 оны 08 сарын 25

Манай улс 1990-ээд оноос зах зээлийн шинэ харилцаанд шилжин орж, нийгмийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөн, даяарчлагдсан дэлхий ертөнцөд өөрийн өвөрмөц байдлаар хөгжиж байна.

Нэгэн үе уналтад орсон барилгын салбар сэргэн өндийж, их бүтээн байгуулалт эрчимжиж эхэллээ. Барилга угсралтын ажил өргөжих тусам орчин үеийн хийц загвартай олон арван барилга баригдаж, хотын нүүр царай өөрчлөгдөн, өнгө төрхөө засаж байна.

Орчин үеийн дэвшилтэт технологи, машин механизм, тоног төхөөрөмж, цоо шинэ нэр төрлийн материал ашиглах боллоо.

Архитектур, урлаг, хот байгуулалт, орон зайн төлөвлөлт, хүрээлэн буй орчин гэхээсээ илүүтэй зөвхөн барилга бариад л байгаа энэ цаг үед ялангуяа бидний хэдэн арав, зуун жилээр амьдран суух орон сууцны барилгын тухай бодох ёстой зарим зүйлүүдийг бодит жишээн дээр тулгуурлан дурьдах ёстой гэж үзлээ.

Энд ямар нэгэн босгосон, босгох гэж байгаа бүтээн байгуулалтын тухай бус харин энэ бүхнээс хамаагүй өмнө ур, ухаанаа уралдуулж, цаасан дээр шийдэгддэг зураг төслөөс шууд хамааралтай гардаг алдаа дутагдлын талаар өгүүлэх болно.

Алдах эрхгүй, алдвал хэзээ ч засах боломжгүй, оновчгүй татсан ганц зураас юунд ч хүргэх магадлалтай. Улаанбаатар хотын баруун дүүрэгт орших нэгэн барилгаар жишээ авлаа. Энд дурьдагдах тэрхүү ганц барилгын төлөвлөлт, мөрдвөл зохих хэм хэмжээ алдагдсан юм.

Бусад олон барилгад ч тийм алдаа давтагдсан гэхэд огт эргэлзэхгүй байна. Гадна талаасаа бүгд нэгэн хэвийн уйтгартай харагдах бусад барилгаас энэ барилга ялгарах юмгүй.

Орон сууцны барилгын илэрхийлэл, зориулалт, шинж төрхийг төдий л олоогүй, тийм гэж хэлэхэд хэцүү булингартай ногоон саарал өнгөтэй, барилгын нүүрэн талын харьцаа, зохиомж алдагдсанаас гадна тохиолдлоор ингээ юу гэмээр жижиг цонхнууд тараан байрлуулжээ.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүд төрөл бүрийн эвлүүлдэг тоглоомоороо сонирхолтой дүрс, өнгөний зохиомж гарган тоглодог. Үүнийг томчууд, ялангуяа барилгын салбарын мэргэжлийн хүмүүс анзаардаг болов уу? Хүүхдийн тоглоомын талбай, амрах орчныг энэхүү барилгын зурагт тусгасан боловч сууцны барилгуудаас хол утаа, тоос, салхины аман дээр дуу чимээтэй төв замын яг хажууд ил төлөвлөсөн байна.

Орон сууцны суурьшлын бүсэд байрласан, ихэвчлэн 1-2 өрөөтэй сууцнуудын дотор талын төлөвлөлт-интерьерийг нээн харвал сүүдэр туссан харанхуй булан тохой, ирмэг олонтой, зарим айлын хүндэтгэлийн гол хэсэг, гаднаас орох орц хаалгыг хурц нимгэн хамар ханаар дундуур нь таллан хуваажээ.

Үүдний өрөөнд ороход тэртээ алс хол, хаанаас яаж олсон юм гэхээр онигор жижиг цонх өрөөний буланд гэрэлтэнэ. Гаднах дуу чимээ маш тод сонсогддог гэнэ. Энэ нь дуу тусгаарлах материалууд хийгээгүй (Тусгаарлагч хийцүүдийн зузааныг зураг төсөлд хангалттай хэмжээнд сонгож чадаагүйтэй)-тэй шууд холбоотой.

Давхар дундын хучилтын зузаан хэд байгаа бол. Хогийн бункерын байршил, хийц загварыг туйлын хангалтгүй хийсэн учир хүмүүс хогийн хоолойд хогоо хийдэггүй аж. Бункерын хоолойн голчийг хангалттай авсан боловч ам нь хэтэрхий дээр, хүүхэд хог хаях гэхээр хүрдэггүй юм байна.

Бас өөдөөс хог, хүйтэн агаар үлээдэг. Маш нимгэн төмрөөр хийсэн тус хоолойгоор хог хаягдал доош унах үед байшин доргин, ганхах шиг болдог ажээ. 80-90-ээд оны үеийн угсармал орон сууцны хог дамжуулах хоолойн гадна гадаргууд тусгай шавардлага цацаж, будсан байдгийг анхаарах хэрэгтэй.

Ер нь эдгээр хуучин барилга байгууламжуудын төлөвлөлтийг сонгодог биш юм гэхэд сайн. Орчин үед эрүүл саруул, тохь тухтай, тайван амгалан, сэтгэл тэнүүн амьдрах нөхцөл бүрд үүлэх зорилгоор ихэнх тохиолдолд орон сууцанд байгалийн гэрэл оруулах нээлхийнүүдийг тухайн давхрын шаланд тулган хийж байгаа.

Энэ нь оршин суугчдыг гадаад орчинтой холбож, хүн байгалийн амьд холбоо үүсгэх төлөвлөлтийн нэгэн арга юм. Цонхны тухайд хэдийгээр жижиг байлаа ч ядаж өрөөндөө голлуулан хийж болох байв. Цонхны өргөнийг дахиад 30 см өргөсгөхөд өрөөнд гэрэл гэгээ нэмэгдэж, өрөөний талбайтай харьцуулсан цонхны харьцаа нь зохих хэмжээнд ойртон, өрөө голлосон ердийн цонх болох байжээ.

Цонхны үүрэг зориулалт юу вэ? Маш энгийн. Цонх бол байгалийн гэрэл нэвтрүүлэн, агаар сэлгээд зогсохгүй барилгын эзэлхүүн орон зайн нэгэн чухал элемент болохыг мартаж болохгүй. Энд инсоляци-нарны ээвэрлэлт, гэрэлтүүлгийн тухай бодоогүй учир жилийн дөрвөн улиралд нарны гэрэл үзэхгүй айл олон байгаа.

Байр, өрөө тасалгаанууд яагаад сүүдэртсэн харанхуй болов оо? Энд төлөвлөгч хүн баримтлах наад захын хэм хэмжээгээ зөрчсөн байна. Ямар ч өрөөний өргөн нь түүний нийт уртыг хоёр хуваасны нэгээс (1/2) бага байж болохгүй.

Мөн цонхны талбайг шалныхтай жишиж үздэг наад захын заалт, аргачлал алдагдсан учир өрөөний булан болон алслагдсан хэсгүүд өдрийн цагаар ч харанхуй болжээ. Унтлагын өрөөнд 90 см өргөн цонх хийснийг гэрэлтүүлэг, барилгын гадаад орон зайн харьцаанд тохироогүй, буруу сонголт гэхээс өөр аргагүй.

Хурц өнцөг, булан тохой, доошоо хүчтэй суусан дам нуруунууд сүүдэртэн байгаа нь гэрэлтүүлэгт муугаар нөлөөлж, өрөөний доторх орон зайг хүнд нүсэр, агааргүй, харанхуй болгожээ. Цагтаа дэлхийн хамгийн өндөр барилга гэгдэж байсан, Малайзын тэнгэр баганадсан Ихэр хоёр цамхгийн (1996 он) гадна талын шил, металл хийцийг цэвэрлэх асуудлыг хэрхэн шийдсэнийг гадаадын телевизийн танин мэдэхүйн сувгаар архитектор, инженерүүд нь тайлбарлаж байна аа.

Гэтэл Монголд, арав гаруйхан давхар орон сууцнууд гадагшаа ч, дотогшоо ч нээгддэггүй цонхтой байх жишээтэй. Орон сууцанд хүн амьдарч, амарна. Хэрэгцээтэй тавилгаа тавина. Энэхүү хэрэгцээг орон сууц төлөвлөхдөө хамгийн эхэнд тусгах ёстой юм.

Өнөөдөр эсэргээрээ “Өндөр чанарын барилгын итали технологи” гэж бичиж байна. Улаанбаатар хотын хаанаас ч ийм сурталчилгаа харж болно. Барилга байгууламж гэж юу болох, төлөвлөлтийн болон ашиглалтын ямар ямар шаардлагууд байдаг тухай хойно дурьдах болно. Төлөвлөлт бол ширээний ард суун хөгжим сонсож, интернэтэд орон гаран байж хийх ажил биш л дээ.

Нухацтай бодож, сэтгэлээ шингээж хийсэн ганц төсөл бусдаас ялгаатай л даа. Зураг төсөл гэж нэрлэгдэх уран бүтээлийг төлөвлөгчид бид нийгмийн төлөө, өөрийнхөө төлөө хийдэг. Төлөвлөгчдийн баримтлах хамгийн гол гурван алтан зарчим ч гэж бий.

Манай хүндтэй нэгэн ахмад уран бүтээлч барилгын нүүрэн талын зургийг байж болох 108 хувилбараар гаргаж байсан түүх бий. Барилгын дотоод орон зай, хавтгайн төлөвлөлтөнд түүний гадаад орон зайн зохиомжийг орхигдуулж огт болохгүй.

Энэ хоёр хүчин зүйлс хоорондоо нягт холбоотой байж, нийтдээ барилга байгууламжийн эзэлхүүн орон зайн бүтцийг бий болгоно. Ийм төрлийн сонгодог төлөвлөлт хийх нь урт удаан хугацааны хүнд хэцүү бүтээлч үйл ажиллагаа бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвар, дадлага туршлага шаарддаг.

Архитектурын форм ба агуулга зориулалтын нэгдлийг зохистой шийдэх нь чухал. Урлаг, уран сайхан, хот байгуулалтын хэрэгцээ шаардлага, байгаль цаг уур, тухайн газар нутгийн нийгэм, ахуй байдлын онцлог, геологийн тогтолцоо болон бусад бүхэл бүтэн архитектур, техник-эдийн засгийн шаардлагад тохирсон нэгдмэл цогц зохиомж, шийдлийг олох нь чухал юм.

Төлөвлөгчид ганц хариулттай бодлого боддог хүмүүс биш, магадгүй хэдэн арван мянган хувилбараас байж болох ганцыг нь сонгодог. Тэр нь сайн болсон уу, муу болсон уу гэдгийг нийгэм дүгнэж, амьдрал харуулдаг. Яагаад хэдэн мянган жилийн тэртээ бүтээгдсэн архитектурын ардын гайхамшигт уран бүтээлүүд цаг улирах тусам улам тодоор гялалзаж байна вэ.

Зөвхөн өнөө маргаашийг бодож амиа аргацаан, алганд багтаж хийсэн ажил үйл нас муутай, үнэ цэнэгүй болно. Уран бүтээлийн урсгал, чиглэл, уламжлалын хаана явна вэ, бид. Зүгээр хольж хутгаж байна уу. Энэ чиглэлийн сургалт,боловсролын түвшин ямар хэмжээнд байна.

Шүүлтүүр муутай бүтээлүүд гарч байна уу. Манайд маш өргөн хэрэглэж буй барилгын хийц төлөвлөлтийн цутгамал төмөр бетон каркасан схем орон сууцны барилгад хэр зэрэг тохиромжтой вэ. Аль эсвэл донжийг нь олж төлөвлөж, хэрэглэж чадахгүй байна уу? Эдгээр асуултыг мэргэн уншигч та бүхэнд үлдээе.

Иргэдийн олонх нь төлөвлөлт орон зайн мэдрэмж, түүний талаар ойлголт муутай байдаг тул реклам сурталчилгааны сайхан үгэнд итгэхээс өөр аргагүй. Орон байраа сонгохдоо одоо ч суурин амьдралд төдийлэн төлөвшин дасаагүй, түүнийг ойлгон зохицох, хязгаарлагдмал орчныг мэдрэх мэдрэмж тааруу байгаагаас оршин суугчид хохирох явдал гарсаар байна.

Төлөвлөлт, зохион байгуулалт муу, жижиг өрөөтэй, намхан таазтай, дуу чимээ ихтэй, үүдний хэсэг, орц гарц, хонгил, шат орчмын төлөвлөлт оновчтой бус, орчны тохижилт, хүүхэд настнуудын салхилах орчин, засмал зам талбай, ногоон байгууламжийг зураг төсөлд зохих ёоор тусгаагүй ямар нэгэн хороолол, орон сууц ашиглалтад орсны дараа удалгүй зарах, солих тухай зар мэдээ сонин, хэвлэл, радио телевизээр хөвөрдөг.

Үүний гол шалтгаан нь дээрх асуудалтай холбоотой. Гадаадын нэгэн кинонд эм баригч хүүхэн өөр дээрээ эм туршдаг даа. Үүнийг манайхан давтаад байх шиг. Хүн төрөлхтөн өндрөөс өндөр, сүрлэг том байгууламж, хязгааргүй уудам руу үргэлж тэмүүлж ирсэн.

Одоо ч ая тухтай шинэлэг содон, сонин орон зайн эрэл үргэлжилсээр байна. Хойч үедээ цэлгэр том, зөв зохистой төлөвлөж барьсан, иж бүрэн тохижуулсан эко хороолол үлдээе.

Г.ОЧИРДОРЖ


архитектор

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД