ЦЭЦЭРЛЭГҮҮД ШӨНӨӨР ХҮҮХЭД БҮРТГЭСЭН ГЭНЭ

2015 оны 08 сарын 25

Өчигдөр цэцэрлэгүүд 09.00-17.00 цагийн хооронд хүүхдүүдийг албан ёсоор бүртгэж эхэллээ. Улсын хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд 116 мянга 500 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой. Гэвч цэцэрлэг хүрэлцэхгүй гэх шалтгаанаар 27 мянга орчим хүүхэд гэртээ үлдэх аж.

Мөн бүртгэлтэй холбоотойгоор цэцэрлэгийн эрхлэгч, эцэг эхчүүдийн дунд жил бүр маргаан гардаг. Энэ нь бүртгэлийг хугацаанаас өмнө эхэлж нууцаар бүртгэх, бүртгэхээр товлосон хүүхдийн тоог цөөлөх, хоцорсон хүүхдүүдээс хандив авах зэрэг асуудал юм.

Сүхбаатар дүүргийн 160, 54, 68, Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгээр өчигдөр ороход бүртгэл 09.00 цагаас эхэлсэн гэж цэцэрлэгийн эрхлэгч нар мэдээлж байв.

Харин гадна нь бүртгүүлэхээр зогсох эцэг эхчүүд “23-ны 22.00 цагаас эхлэн шөнийн тэгш тоотой цагуудад бүртгэл явагдсан” гэж хэлсэн юм. Уг асуудлыг Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.Одгэрэлээс тодруулахад “Бүртгэлийг 24-28-ны 09.00-17.00 цагт явуулна. Шинээр элсэх буюу хамран сургах тойргийн хүүхдүүдийг 24-нд, хуучин хүүхдүүд буюу тус цэцэрлэгт хамрагдаж байсан урилгатай хүүхдүүдийг 25-нд, ахлах бүлгийг 26-нд, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг 27, 28-нд бүртгэнэ.


Бүртгэл эхлэхээс өмнө хүүхэд бүртгэж авсан тохиолдол байхгүй. Одоогийн байдлаар бүртгэл хэвийн явагдаж байна” гэсэн тайлбар өгсөн юм. Гэвч эцэг эхчүүд үүнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд бүртгэл шударга бус явагдаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Харин тус дүүргийн 54, 68 дугаар цэцэрлэг хөл хөдөлгөөн багатай, эцэг эхчүүд цэцэрлэгээс тараасан дугаарын дагуу дараалалд зогсон бүртгүүлж байв. Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн гадна эцэг, эхчүүд нэлээд урт дараалал үүсгэжээ.

Тус цэцэрлэг өмнө нь хамрагдаж байсан хуучин хүүхдүүдээ 24-25-нд, шинээр элсэх хүүхдүүдийг 26-28-нд бүртгэхээр товлосон ч шинээр хүүхэд бүртгүүлэх эцэг эхчүүд дараалал үүсгэн зогсож байв.

87 дугаар цэцэрлэгийн арга зүйч Д.Оюунтуяагаас дараах зүйлсийг тодрууллаа.

-Бүртгэл хэрхэн явагдаж байна вэ. Энэ жил хэчнээн хүүхэд шинээр бүртгэх вэ?

-Манай цэцэрлэг Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны хамран сурах тойргийн 34 байрны хүүхдүүдийг бүртгэж авна. Үүнээс гадна тус дүүргийн 11 дүгээр цэцэрлэгийн барилгыг өргөтгөж буйтай холбогдуулан 16 дугаар хорооны 30 хүүхдийг нэмж бүртгэхээр болсон.

Өмнө нь манай цэцэрлэгт хамрагдаж байсан 405 хүүхэд дээр шинээр 101 хүүхэд бүртгэх юм. Бага, дунд, ахлах, бэлтгэл гэсэн бүлэгт өмнө нь хамрагдаж байсан хүүхдүүдээ өнөөдөр бүртгэж байна. Бүртгэлийн хуваарь болон бусад асуудлын тухай зарлалыг энэ сарын 20-нд цэцэрлэгийн гадна байрлуулсан.

Гэвч хуваарийн дагуу ирсэнгүй. Шинээр бүртгүүлэх хүүхдүүдийн эцэг эхчүүд 26-28-нд ирэх хуваарьтай ч өнөөдөр дараалал үүсгэж байгаа нь бага зэрэг хүндрэлтэй байна.

-Бүртгэл албан ёсоор эхлэхээс өмнө хүүхэд бүртгэж авсан гэх яриа эцэг эхчүүдийн дунд үүссэн байна. Ийм тохиолдол байгаа юу?

-Ийм асуудал байхгүй. Бүртгэл 09.00 цагт эхлэхээс өмнө хэд хэдэн эцэг эх цэцэрлэгийн гадна дугаарлан зогссон байсан ч бүртгэж аваагүй.

-Бүртгүүлэхэд ямар материал бүрдүүлэх вэ. Мөн эцэг эхэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Бүртгүүлж буй хүүхдүүд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатайгаас гадна хүүхдийн төрсний гэрчилгээ болон эцэг эхийн иргэний үнэмлэхийг хуулбарын хамт, хүүхдийн цээж зураг хоёр хувийг авч ирнэ. Бүрдүүлэх материал дутуу болон насанд хүрээгүй хүүхдээс материал авахгүй.

Э.ДОЛГОРСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД