РОБЕРТО СОЛДАДО “ВИЛЬЯРРЕАЛ”-Д ХҮЧИН ЗҮТГЭНЭ

2015 оны 08 сарын 24

Английн Тоттенхэм клубт хар дарсан зүүд мэт 2 улирлыг өнгөрүүлсний эцэст Испани довтлогч Роберто Солдадо нутгийнхаа Вильярреал багт нэгдлээ. Шар усанд шумбагчид түүнийг Хойд Лондоны клубээс 7 сая фунтээр өөрсдийн эгнээнд нэгтгэсэн бөгөөд нийт 3 жилийн гэрээг үзэглэсэн юм.

Ла Лигийн шинэ улирал эхлэхийн өмнөхөн асуудалтай байсан байрлал дээрээ хүчээ зузаатгасан Вильярреалчууд Роберто Солдадог Эль Мадригал цэнгэлдэх хүрээлэндээ олон нийтэд албан ёсоор танилцуулжээ.

Роберто Солдадо: “Миний хувьд өөрийн ур чадвараа харуулах хамгийн боломжтой клуб бол энэ. Өөрийгөө батлан харуулах нь одоогоор надад хамгийн чухал зүйл болоод байна.

Учир нь би хоёр жил өөр оронд тоглохдоо шилдэг тоглолтоо үзүүлэх боломж олдоогүй. Би тийм ч хөгширч муудаагүй, ид үедээ хэвээрээ байгаа. Би “Вильярреал”-ын төлөө олон гоол оруулж чадна.” гэлээ.

“Тоттенхэм”-чүүд түүнийг 2013 онд 26 сая фунтээр Уайт Харт Лейнд авчирч ихээхэн итгэл найдварыг хүлээлгэж байсан ч санаснаар бололгүй ийнхүү анх худалдан авсан дүнгээсээ даруй 19 сая фунтээр бага үнээр явуулсан байна.

“Вильярреал” багийн тухайд өнгөрсөн улиралд Ла Лигийн хүснэгтийн зургадугаар байрт жагсаж Европа Лигт хэсгийн шатнаас өрсөлдөх эрхтэй болсон юм.

Тэд шинэ улирлын нээлтийн тоглолтоо ирэх ням гарагт “Реал Бетис” клубийн эсрэг хийх хувиартай байгаа. Өдгөө 30 настай довтлогчийн хувьд анх 2002 онд “Реал Мадрид”-ийн хоёрдугаар багаас мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхлүүлж байсан бөгөөд “Реал”, “Осасуна”, “Хетафе”, “Валенси”, “Тоттенхэм” зэрэг багуудад алба хашиж явсан билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД