Ц.Оюунгэрэл АХБ-ны суурин төлөөлөгчтэй уулзав

2015 оны 08 сарын 24

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэрийг өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын сонгон авсан гэр хорооллын аль нэг хэсэгт хөрс бохирдуулахгүй аргаар ариун цэврийн байгууламжийг сайжруулах, био хог хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов.

Энэ үеэр Ц.Оюунгэрэл гишүүн “УИХ-ын дарга З.Энхболдын үүрэг болгосны дагуу энэ чиглэлийн хамтын ажиллагаанд өөрийн зүгээс дэмжлэг үзүүлнэ” гэлээ.

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч ноён Роберт Шоэллхаммэр хөрсний бохирдол үүсгэж байгаа гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах, орчин болон иргэдийн эрүүл ахуйг хамгаалах нь нэн тулгамдсан асуудал болохыг тэмдэглээд энэ чиглэлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжтойг онцолсон.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “УИХ-д өргөн бариад буй Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хот суурин газар дахь гэр хорооллын ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах асуудлыг тусгасан.

Улаанбаатар хотод жишиг болохуйц шийдэл гаргах нь аймаг, сум, суурин газруудад хэрэгжүүлэх томоохон шинэчлэлийн эхлэл болно” гэв. Мөн тэрбээр өнгөрсөн сард Хөвсгөл аймгийн зарим суманд ажиллаж, хөрсний бохирдлын талаар танилцуулж, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн эко шийдлийн талаар сургалт зохион байгуулжээ.

“Нутгийн шийдэл” сангаар дамжуулан энэ чиглэлийн төслүүдийг дэмжин ажиллаж буй гэнэ. Таван байрлалд 15 оюутны оролцоотойгоор байгуулсан био ариун цэврийн байгууламжийн төслийн тайлангаа ирэх сарын 20-нд танилцуулах тул Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч, хотын ерөнхий менежер Б.Бадрал нарыг уг арга хэмжээнд оролцохыг урилаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД