Монголд анх удаа торлог шилэнцрийн хагалгаа хийлээ

2015 оны 08 сарын 24

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасаг, БНСУ-ын “Ай Чойс Эл Эс Ти” нүдний эмнэлгийнхэнтэй хамтран, Монголд анх удаа торлог шилэнцрийн мэс засал амжилттай хийлээ.

Тэд энэ сарын 15-18-нд ийм эмгэгтэй 25 өвчтөн үзэж, зөвлөгөө өгснөөс мэс засал хийх зайлшгүй шаардлагатай гурван иргэнд өндөр өртөгтэй энэхүү хагалгааг үнэгүй хийжээ.

Ингэхдээ нүдний шилэнцрийг соруулан, шар толбоны дээрх хальсыг хуулж, шилэнцрийн хөндийд тусгай хий шахах мэс засал нэг, хорт глаукомын үеийн шилэнцэр соруулах хагалгаа нэг, нүдний судаслаг бүрхүүл нь үрэвссэний улмаас шилэнцэр нь бүдгэрсэн нэг хүнд мэс засал хийсэн байна.

Эдгээр хагалгааг хамгийн дэвшилт тоног төхөөрөмжид суурилан хийдэг, өндөр ур чадвар шаарддаг бөгөөд улсын эмнэлгүүд техник хэрэгсэлгүйгээс болоод өдий хүртэл хийдэггүй байв.

Харин өдгөө иргэд энэ төрлийн тусламж, үйлчилгээг эх орондоо авах боломж бүрдлээ. Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр Гуравдугаар эмнэлэгт Америкийн “Алкон” компанийн торлог шилэнцрийн мэс заслын “констеллэйшн” машин, Германы “Зайсс” фермийн “Лумера ай” хагалгааны микроскоп, “Айридекс” брэндийн эндолазерын аппарат зэрэг хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулснаар дээрх нарийн түвэгтэй мэс заслыг хийх нөхцөл бүрдсэн аж.

Өдгөө тус эмнэлгийнхэн торлог шилэнцрийн эмгэгтэй хүмүүст мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэхүйц техник, тоног төхөөрөмжтэй, мэргэшсэн боловсон хүчний баг ажиллаж байгаа нь нүд судлалын салбарт гарч буй томоохон дэвшил юм.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.56.32.133 Altan gartai emch nartaa bayarlalaa.