Есдүгээр сарын 1-нээс өмнө тээврийн хэрэгслээ үзлэгт оруулаагүй жолоочийг 96 мянгаар торгоно

2015 оны 08 сарын 24

Есдүгээр сарын 1-нээс өмнө жолооч нарыг тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгт орохыг Авто тээврийн үндэсний төвөөс уриалж байна.

Бүртгэл, техникийн хяналтын үзлэгт ороогүй, орох хугацаа хэтэрсэн, орсон боловч тэнцээгүй, стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Хэрвээ оролцвол жолоочийг 96 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 192 мянган төгрөгөөр торгох гэнэ.

Одоогоор үзлэг, оношилгоонд хамрагдах ёстой нийт тээврийн хэрэгслийн 35 хувь нь хамрагдаагүй аж. Тиймээс Авто тээврийн үндэсний төвийн бүртгэл, хяналт, техникийн үзлэгийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж буй.

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын “Хөсөг”, “Да Хүрээ”, “Таван ган” салбар амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналт, үзлэгийн төвүүд ажлын өдрүүдэд 08.30-20.30, амралтын өдрүүдэд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж байна.

Өнгөрөгч оны 10, 11, арванхоёрдугаар сард үзлэг, оношилгоонд орсон тээврийн хэрэгслээ есдүгээр сарын 1-нээс өмнө үзлэгт оруулах ёстой эсэхийг Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналт, бүртгэл хариуцсан дэд захирал Т.Баясгалангаас тодруулахад “Авто тээврийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийг жилд нэг удаа техникийн үзлэг, оношилгоонд хамруулах үүрэгтэй.

Хэрэв жолооч нар 2014 оны 10, 11, арванхоёрдугаар сард тээврийн хэрэгслээ оношлуулсан бол есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө үзлэгт орох шаардлагагүй. Энэ оны тухайн сарууддаа үзлэг, оношилгоонд хамрагдана” гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД