Зүү

2015 оны 08 сарын 23

Тэр нэгэн бүсгүйг би зүүтэй зүйрлэнэ. Зүү үгүйсэн бол уран шаглаа байхсан болов уу. Үүн лугаа тэр бүсгүйн зүтгэл үгүйсэн бол гэр бүл нь хэдийнэ бутарчих байсан. Хүүгээ элэг бүтэн өсгөхийн төлөө тэрбээр урагдсан зүрхээ хэдэнтээ нөхсөн.

Нөхөх тоолоонгоор зүүний ором томорч байгааг тэр мэдсэн. Гэсэн ч “ёо” гэлгүй ноорхой зүрхээ оёж, хатгаад л явсан. Гэхдээ ийм байдлаа бусдын нүдэнд огт харуулдаггүй учраас түүнийг хүмүүс азтай гэдэг.

Нөхөр нь өөр эмэгтэйтэй байгааг хэн нэгэн утсаар дуулгахад тэр бүсгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулаад, намуухан дуугаар “Одоо хаана байна” гэж асуудаг юм. Ганц биш, хэдэн удаа ийм явдал болоход зүү үзүүрээ нөхөртөө бус, өөрийн зүрхэнд шивсэн.

Нөхрийнх нь ах дүүс ч түүнд нэрмээс болох нь олонтаа. Тэгсэн ч тэр гомдоллодоггүй юм. Ийм нэгэн бүсгүйг би мундаг, ухаантай, гайхалтай гэж биширч, магтдаг байлаа.

Түүнийг шархлуулдаг нөхрийг нь зүхэж, үзэн ядах болсон. Гэсэн ч гэр бүлийнхээ таагүй явдлыг нуугаад, инээдэг хүнд юу гэж хэлэхээ мэддэггүй юм. “Нууцыг” нь яаж мэдэв гээд тэр бүсгүй улам шаналах нь лав. Миний бодол ийм.

Гэтэл бүсгүйн зүрхэнд гарсан зүүний нүхнүүд тэс өөрийг өгүүлэх аж. Тэр бүсгүйн сэтгэлийг үргэлж атаархал дагадаг гэнэ. Ам нээх бүртээ ая эвийг нь олж байгаад өргөстэй үг унагахаа мартахгүй. Бусдын сайхан мэдээг инээмсэглэн сонсохдоо “гайхуулж байна” гэж өөнтөглөнө.

Өөрөө л сайхан бол өрөөлийн сэтгэл шархлах түүнд хамаагүй. Ийм нэгэн бүсгүйгээс салахын тулд нөхөр нь тийнхүү элдэвлэн, аашилдаг гэх. Зүрх нь урагдах шалтгаан тэр бүсгүй өөрөө гэж үү. Тиймээс л хэдэнтээ нөхсөн зүрхнийхээ орь дууг дардаг юм болов уу.

Утас юуг амилуулан уран шаглахад зүү чухал аа. Зүү үгүйсэн бол утас амилахгүйн адил тэр бүсгүйн сэтгэл зүүгүй бол амьгүй гэж үү. Зүү өөрөө зүү болохоор тэрийг мэддэггүй юм болов уу...

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД