“ШУДАРГА ЁС” ЭВСЭЛД САЙДЫН ГУРВАН КВОТ ӨГӨХӨӨР ТОХИРЧЭЭ

2015 оны 08 сарын 21

-З.Энхболд, Н.Энхбаяр , Ч.Сайханбилэг нар уулзлаа-

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. АН-ын фракцууд дотроо тохиролцож, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайхан, Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг, Сангийн сайдад Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайдад Я.Санжмятавыг дэвшүүлэхээр тохиролцсон тухай бид мэдээлсэн.

Гэвч Н.Энхбаярын цэргүүд хариу үйлдэл үзүүлж, “Заавал гурван квот авна” гэдгээ хэлжээ. Энэ талаар бүлэг дээр ярилцсан юм байна. Улмаар нэр дэвшигчдийн жагсаалтаас Я.Санжмятав хасагдаж, эвсэлд гурван квот өгөхөөр тохирсон гэнэ.

Мөн энэ үеэр “Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг бүрэн эрхийг нь дуустал тогтвортой ажиллуулна” гэсэн зарчим баримтлахаар тогтжээ. Зарим гишүүн ИЗНН-ыг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах нь зөв гэсэн санал гаргасан юм билээ.

Улмаар аль намтай, хэрхэн хамтарч ажиллах, квотыг яаж хуваарилах асуудлыг шийдэж, зөвшилцөх эрхийг намын дарга З.Энхболдод өгчээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэн хэнийг сайд болгох талаар гишүүдтэйгээ зөвшилцөөд оруулж ирэхээр болсон байна. Сайд нарын нэрсийг өргөн баримагц ээлжит бус чуулган зарлана гэдгээ З.Энхболд дуулгасан аж.

Зарим сайтаар “Бүлгийн хуралдаанаар Л.Эрдэнэчимэгийг сайдад нэр дэвшүүлэхийг дэмжээгүй” гэсэн мэдээлэл гарсан. Гэвч нэр дэвших магадлалтай байгаа хүмүүсийг дэмжих, эсэхээр санал хураах үйл явц болоогүй гэнэ.

Засгийн газрыг “Шударга ёс” эвсэлтэй хамтраад бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөө өөрчлөгдөж, ИЗНН тоглоомонд орж ирж болзошгүй болж байна гэсэн үг.

ИЗНН-ынхны хувьд хэрэв урилга ирвэл хүлээж авна, Ц.Ганхуяг, С.Дэмбэрэл нарын аль нэгийг нэр дэвшүүлнэ гэдгээ илэрхийлсэн бололтой.

АН-ын бүлгийн хуралдааны дараа З.Энхболд МАН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар уулзсан байна. Үүгээр тэд хэн аль яамыг авах, хэдэн квот ногдох зэргээ ярилцжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД