“АТЛЕТИК БИЛЬБАО” ИСПАНИЙН СУПЕР ЦОМЫН АВАРГА БОЛЛОО

2015 оны 08 сарын 20

"Барселона" (Барселона) – "Атлетик" (Бильбао) 1:1

Өмнөх тоглолт: 0:4

Гоол: Месси 43, Адуриц 74

"Барселона": Браво, Матьё, Маскерано, Пике, Алвес, Бускетс, Иньеста, Ракитич (Эль-Хаддади 68’), Педро (Сандро 68’), Месси, Суарес

"Атлетик Б": Ираисос, Баленсиага, Лапорт, Этчейта (Элустондо 68’), Боведа, Гурпеги, Сусаета, Эрасо, Беньят (Рико 83’), Де Маркос, Адуриц (Сола 81’)

Шар хуудас: Педро 45’-Боведа 30’, Эрасо 41’, Адуриц 59’, Беньят 60’

Испанийн супер цомын төлөөх “Барселона”, “Атлетик Бильбао” клубүүдийн эхний тулаан “Атлетик”-ийн талбайд болж талбайн эзэд өрсөлдөгчөө 4:0-ээр өвдөг сөхрүүлэн багагүй шуугиан дэгдээсэн билээ.

Хариу тулаан өнгөрсөн даваа гаригийн шөнө “Барса”-гйин талбайд явагдлаа. Л.Месси ба түүний нөхөд энэ жилийн тав дахь цомоо өргөхийн тулд талбай дээрээ өрсөлдөгчөө 5:0-ээр очих хүндхэн даалгавартай нүүр тулсан.

Дэлхийн шилдэг клуб талбай дээрээ олон багийг энэ байтугай бөмбөгийн зөрүүгээр хожиж байсан удаатай. “Барса”-д түүнийг хийх чадвартай шилдгүүд нь бий. Харин өмнөх тулаанд олон гоолоор “Барса”-гийн хаалгыг мялаасан “Атлетик” хамгаалалтадаа хамаг анхаарлаа хандуулж чадвал Супер цомыг өргөх боломжтой байлаа.


Тэд тоглолтыг мэргэжилтнүүдийн таамагласнаар хамгаалж эхлүүлсэн. “Барселона”-гийн ээлж дараалсан аюултай довтолгоонууд зогсоосоор байв. “Атлетик”-ийн хамгаалалт эхний 40 минутад сайн тэссэн ч Л.Месси “Бильбао”-гийн хаалгыг 43 дахь минутад мялааж хөгжөөн дэмжигчдээ бага зэрэг сэргээсэн юм.

Эхний үе 1:0-ээр ийн өндөрлөв. Үлдсэн 45 минутад “Барса” дахин гурван бөмбөг айлын хаалганд хийж тоог тэнцүүлэх ёстой. Гэвч хоёрдугаар хагас эхлэхэд өрсөлдөгчийнхөө хана мэт хамгаалалтыг давж чадалгүй явсаар тоглолтын төгсгөлтэй учрав.

Харин тоглолтын 74 дэх минутад эхний тоглолтын гол баатар Адуриц “Барса”-гийн хаалгыг мялааж, тэдний сүүлийн итгэл найдварыг үгүй хийлээ. Ийнхүү тоглолт өндөрлөж, Испанийн супер цомын эзнээр “Атлетик Бильбао” тодров.

Хэрэв түрүүлвэл улирлын тав дахь цомоо өргөх байсан “Барселона” эхний тоглолтод муу байсныхаа горыг ийнхүү амслаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД