ТӨМӨР ЗАМ БАРИХ 133 САЯ ДОЛЛАР ХААЧИВ

2015 оны 08 сарын 11

Монголын төмөр замчдын нэгдсэн холбоо болон монголын төмөр замын барилгачдын холбооноос Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг гүйцэтгэж буй “Samsung C&T” компанитай холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Мэдээлэлд дурдсанаар “Samsung C&T” компани манай Хөгжлийн банкнаас 199.8 сая ам.долларын санхүүжилт авсан ч нэг метр ч төмөр зам бариагүй гэнэ.

Энэ тухай Төмөр замчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Сүрэнхорлоо хэлэхдээ “Samsung C&T компани зөвхөн доод бүтцийн ил шорооны ажилд 70 сая орчим ам.доллар зарцуулсан. Монголын туслан гүйцэтгэгч 13 компаниар дээрх ажлыг хийлгэчихээд одоо хүртэл мөнгийг нь олгоогүй байна. Зарим компанийн хувьд үүнээс болж олон сараар сул зогсолт хийн, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо.

Эхлээд эдгээр компанийн санхүүжилт болох 10 тэрбум төгрөгийг тус компани гаргах, дараа нь тус хөрөнгөөс үлдсэн 133 сая ам.доллар юунд зарцуулагдсаныг тайлбарлах ёстой” гэв. Мөн Монголын төмөр замчдын нэгдсэн холбооноос энэ үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлж буйгаа хэллээ. Дээрх мэдээлэлтай холбогдуулан “Samsung C&T” компанитай холбоо барихад Монгол дахь төлөөлөгч нь ямар нэгэн тайлбар хийхгүй гэв. Харин гэрээний менежер Мөнхсүлдээс зарим зүйлийг тодруулсан юм.

Түүний хэлснээр “Samsung C&T” компани дээрх төслийн үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд туслан гүйцэтгэгч 13 компанид өгөх санхүүжилтийг “Монголын төмөр зам” ТӨХК-тай холбон тайлбарлалаа. Тодруулбал, “Samsung C&T” компани 2013 онд төслийг эхлүүлэхдээ “Монголын төмөр зам” ТӨХК-иас тодорхой хэмжээний санхүүжилт авсан гэнэ.

Харин “Монголын төмөр зам” компани санхүүжилтийг нь дутуу өгсөн учир дээрх 13 компанийн мөнгийг олгох боломжгүй болсон аж. Харин “Монголын төмөр зам” ТӨХКийн зүгээс “Samsung C&T” компанид өгөх тодорхой хэмжээний мөнгө төлөгдөөгүй байгаа ч туслан гүйцэтгэгч 13 компанитай ямар ч холбоогүй гэсэн тайлбар өглөө.

Өөрөөр хэлбэл, “Монголын төмөр зам” нь 13 компанитай биш, зөвхөн “Samsung C&T”-тэй гэрээ хийсэн аж. Хэдий хэмжээний мөнгө дутуу байгааг харин мэдээлэх боломжгүй гэсэн юм. Хөгжлийн банк харин санхүүжилт гацсан зүйл байхгүй гэх өөр нэг тайлбар өглөө. Тодруулбал, дээрх төсөл нь хоёр шатны санхүүжилттэй бөгөөд эхний шатны 200 сая ам.доллараас 98 хувь буюу 197.3 сая ам.долларыг, хоёр дахь шатны 55 сая ам.доллараас 22.5 сая ам.долларыг нь олгочихсон байгаа аж.

Өөрийн цахим хуудаснаа дээрх төслийн талаарх мэдээллийг ч оруулсан бөгөөд Ухаахудаг–Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын барих санхүүжилтийн дүнг 197.3 сая ам доллар гэж тэмдэглэжээ. Мөн төслийн нийт ажлын гүйцэтгэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30- ны байдлаар 51.8 хувьтай байгаа гэнэ. Тэгвэл нийтдээ 255 сая ам.долларын санхүүжилтээс 219.8 саяыг нь авчихсан төсөл яагаад зогсоход хүрэв, 13 компанид олгох мөнгө хаана шингэв.

“Монголын төмөр зам” ТӨХК-д гацсан уу, “Samsung C&T” компанийнхан худал ярив уу. Төмөр замчдын холбооныхны хэлж байгаа тоо, Хөгжлийн банкны цахим хуудсанд тэмдэглэгдсэн мөнгөн дүнгийн аль нь бодитой юм бэ. Энэ мэтчилэн дээрх төсөлтэй болон “Samsung C&T” компанитай холбогдсон маргаантай асуудлаарх мэдэгдэлд Ерөнхийл өгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга тодруулга хийн хариу өгөхөөс гадна тус компани өөрөө ямар нэгэн тодорхой тайлбар хийх шаардлагатай болж байна.

Дашрамд дурдахад, шинэ төмөр зам барих төлөвлөгөөний дагуу “Энержи ресурс рейл” ХХК тус замын бүтээн байгуулалтын ажлыг 2012 оны зун эхлүүлсэн юм. Гэвч төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд “Энержи ресурс рейл” ХХК-ийн “Samsung C&T”-тэй байгуулсан гэрээний эрх, үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК шилжүүлэн авсан билээ.

Г.БАЛЖИННЯМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Tumur zamiinhan tom luibarchid shuu dee.