“Буянт-Ухаа 2” хорооллын 30 барилгыг аравдугаар сард ашиглалтад оруулна

2015 оны 08 сарын 11

“Буянт-Ухаа 2” хорооллын барилгын ажлын явцыг Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас тодрууллаа.

-Барилгын ажил ямар шатанд байна. Хэдийд ашиглалтад оруулах вэ?

-Тус бүр нь есөн давхар 48 барилгыг өнгөрсөн оны зургадугаар сараас барьсан. Үүнээс эхний 22 барилгыг төлөвлөгөө ёсоор ирэх аравдугаар сарын 30-нд ашиглалтад оруулах юм. Ирэх аравдугаар сарын 30-нд бид 22 биш, 30 барилгаа барьж дуусгахаар ажиллаж байгаа.

-Үлдсэн барилгуудыг хэдийд барьж дуусгах бол?

-Үлдсэн 18 барилгыг ашиглалтад оруулахын тулд гадна инженерийн шугам сүлжээгээ өргөтгөх шаардлагатай. Буянт-Ухаа орчимд өмнө нь архив, цэцэрлэг, оюутны хотхон, төрөх эмнэлэг барина гэсэн төлөвлөлт байсан юм билээ. Тиймээс шугам сүлжээний даац муу. Гэхдээ бид нөөцдөө тулгуурлаад эхний ээлжинд 30 барилгаа л ашиглалтад оруулах боломжтой. Дараагийнхаа барилгуудыг ашиглалтад оруулахын тулд шугам сүлжээ өргөтгөж, хуваарилах байгууламжууд шинээр барих ёстой.

-Үнэ ханшийг Засгийн газар эцэслэн тогтоох ч ТОСК-аас ажлын явцыг байнга хянаж буй тул хэдээр борлуулахаа урьдчилан тооцоолсон болов уу.

-Барилгын гүйцэтгэлтэй холбоотойгоор үнэ нь “Буянт-Ухаа 1” хорооллынхоос өснө. Гэхдээ ашгийн төлөө бус, барилгынхаа төсөвт өртгийн үнээр л борлуулах юм. Валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор импортын барааны үнэ, инженерийн шугам сүлжээний зардал нэмэгдсэн нь барилгын үнэд нөлөөлөхөөс өөр аргагүй.

Тиймээс тус хорооллын нэг ам метр талбайн үнэ 1.35-1.4 сая төгрөг байх болов уу гэж тооцоолж байна. Энэ нь зах зээлд борлуулж буй ижил төстэй орон сууцнуудаас маш хямд үнэ гэдэгтэй иргэд санал нийлэх байх.

Мөн төмөр бетон суурьтай, бүрэн цутгамал байр учраас газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, хорооллын хэмжээнд төлөвлөж, нийгэм, инженерийн дэд бүтцийг сайн бүрдүүлсэн зэрэг олон давуу талтай.

Цаашид нэг ээлжиндээ 1200 хүүхэд хичээллүүлэх боломжтой хоёр сургуулийн байр барих юм. 240 хүүхдийн цэцэрлэг энэ удаа нэгийг ашиглалтад оруулж байгаа бол дараагийн ээлжинд нэмж гурвыг барихаар төлөвлөсөн.

-“Буянт-Ухаа 1” хорооллын байруудыг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, төрийн албан хаагч гэсэн зорилтот дөрвөн бүлгийн иргэдэд олгосон. Энэ удаа хувийн хэвшилд ажилладаг хүмүүст байр авах боломж бүрдүүлнэ гэсэн байх аа?

-Дээрх бүлгүүд дээр нэмж хувиараа хөдөлмөр эрхэлдэг, жижиг, дунд бизнестэй, төрөөс хараат бус үйл ажиллагаа явуулдаг иргэдээ хамруулъя гэдэг зорилго тавьсан. Төрийн албан хаагч гэхээр төрийн захиргааны байгууллага болох яам, тамгын газар ажилладаг хүн гэж ойлгох нь бий.

Харин бид төрийн хаагч дотроо үйлчилгээний, тусгай алба эрхэлж, иргэдийн төлөө амь нас, эрүүл мэндээ зориулж буй хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэхийг бодлогын түвшинд дэмжиж байна. ОБЕГ, ЦЕГ, Монголын залуучуудын холбоо, Сувилагч, асрагч нарын холбоо зэрэг байгууллагатай хамтран ажиллана.

-“Буянт-Ухаа 2” хорооллын дараагийн ээлжийн бүтээн байгуулалтыг хэдийд эхлүүлэх бол?

-Цаашид 65 айлын орон сууцны 60 барилга төлөвлөсөн. Хөрөнгө байвал дараагийн ажлуудыг эхлүүлэхэд бэлэн.

 Ч.МӨНХ 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД