“Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажилд 75.9 сая ам.доллар зарцуулна

2015 оны 08 сарын 10

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 348 МВт-ын хүчин чадалтай “Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлын явцтай биечлэн танилцлаа.

Тус станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “CMEC” компани ажиллаж байгаа бөгөөд нийт 75.9 сая ам долларын төсөвт өртөгтэй юм.  

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Улаанбаатар хотын зүүн хэсэгт байрлах “Амгалан дулааны станц” ашиглалтад ороход бэлэн болж, барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай явж байна. Уг станц ашиглалтад орсноор 40 мянган орчим айл өрхөд шинээр дулаан түгээж, 20 мянган айл өрхийн дулааны нөхцөл сайжрах юм. Одоогоор станцын үйл ажиллагаанд саад болсон айл өрх байхгүй. Харин өндөр хүчдэлийн шугам дор, дулаан дамжуулах шугам хоолойны ойр орчимд 10 айл байна” гэв.

Харин Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эдгээр айлын зарим нь газрын зөвшөөрөлгүй байна. Тэдгээрийг хуулийн дагуу албадан чөлөөллөхөөс өөр аргагүй. Харин дулаан дамжуулах шугам тавих зам дээр байгаа гурван айл нэг нь 400 сая төгрөгөөр газраа чөлөөлнө гэж байгаа юм. Эдгээр айл хувийн өмчийн газар дээр байгаа болохоор бид дураараа халдах ямар ч эрхгүй. Тиймээс үнэ тохиролцохоос өөр аргагүй. Хэрвээ эдгээр айлтай тохиролцож чадахгүй бол уг ажил гацах аюулд орох гээд байна. Мөн станцтай хаяа зэрэгцсэн айлуудын аюулгүй байдлыг хангах талаас нь анхаарах хэрэгтэй. Эхний ээлжинд станцын үйл ажиллагааг хэвийн горимд ажиллуулах, дулаан, бусад түгээлтийн явцад саад болж байгаа айлуудыг чөлөөлнө.  Улаанбаатар хотын зүүн хэсэгт барилгажуулалт, хот байгуулалт үндсэндээ хийгээгүй. Тус станцыг барьж эхэлснээс хойш энэ орчим барилгажиж эхэлсэн. Сүүлийн дөрвөн жилийн дотор Улаанбаатар хотын зүүн хэсгийг орон сууцжуулах, хот байгуулалт хийх бэлтгэл ажлыг уг станц дээр хийгээд дуусч байна. Өөрөөр хэлбэл Гачууртаас цэвэр усны эх үүсвэрээ татаад авчихсан, бохир, цэвэр усны шугамыг төв цэвэрлэх байгууламжтай холбосон. Дулааны станц ашиглалтад ороход бэлэн болж байна. Ингээд энэ орчимд хот байгуулалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил хангагдсан” гэсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Manaihan uls ornii ajild saad hiij hubiin umchiin nereer ih mungu oloh gesen uhamsargui irgeduud ih baih yumaa.Gazart huulias togtooson m2-iin unetei baibal ted nar ingej duraaraa une togtooj dabarch chadahgui.