2015 оны 08 сарын 10
Сангийн яамнаас гаргасан статистикаас харахад Монгол Улсын нэгдсэн төсвийн өнгөрсөн сарын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 85.4 хувийн, нийт зарлага 75.2 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 637.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 712.6 тэрбум төгрөгөөр бага дүнтэй гарчээ.
Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого тайлант сарын гүйцэтгэлээр 3,142.9 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 14.6 хувиар буюу 535.6 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар буюу 162.3 тэрбум төгрөгөөр бага байгаа аж.
Мөн татварын орлогоор 87.4 хувь, татварын бус орлогоор 12.6 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй гарчээ. Харин орон нутгийн төсвийн орлого 1,175 . 9 тэрбум төгрөгт хүрч 5.8 хувиар буюу 72.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс дутуу төвлөрсөн байна. Тухайлбал, нийслэлийн цалин хөлс болон түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татварын орлого 23.5 тэрбум, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орлого 3.0 тэрбум, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлого 2.1 тэрбум, газрын дуудлага худалдааны орлого 26.0 тэрбум , хүүгийн орлого 2.3 тэрбум, торгуулийн орлого 3.8 тэрбум, төсөвт байгууллагуудын өөрийн орлого 3.7 тэрбум, өмч хувьчлалын орлого 6.2 тэрбум, гадаад хандив тусламжийн орлого 3.4 тэрбум төгрөгөөр тус тус дутсан нь нийслэлийн орлого 63.6 тэрбум төгрөгөөр дутахад голлон нөлөөлсөн байна.
Г.Жаргалмаа