Гадаад худалдааны импорт өмнөх жилийнхээс 30 хувиар буурчээ

2015 оны 08 сарын 10

Манай улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний долоон сарын хугацаанд 604 сая ам.долларын ашигтай гарсан хэмээх урьдчилсан статистик гарчээ. Үүнд, импорт өмнөх жилийнхээс 30 хувиар буурч, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 5.0 орчим хувиар буурсан нь нөлөөлсөн гэж шинжээчид үзсэн байна.

Тухайлбал, тайлант хугацаанд 426 сая ам.долларын үнэ бүхий машин, тоног төхөөрөмж, 239 сая ам.долларын тээврийн хэрэгсэл зэргийг импортолжээ. Импортолсон бүтээгдэхүүнийхээ 36.3 хувийг БНХАУ-аас авсан бол экспортынхоо 86.1 хувийг мөн нийлүүлжээ. Өмнөх жилүүдийн үзүүлэлтээс харвал импортын 30-40 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг бол 30 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг байсан ба ОХУ-аас татах барааны хэмжээ өнгөрсөн жилд импортын 29 хувийг бүрдүүлж байсан бол энэ жил 26 хувийг бүрдүүлж байна.

Түүнчлэн нийт экспортын 80 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт бүрдүүлсэн бөгөөд нүүрсний экспорт 20 гаруй хувиар буурч, өнгөрсөн хугацаанд 8.1 сая тонн нүүрс гадаад зах зээлд гаргасан байна. Мөн үнэ ханш сул байгаатай холбоотойгоор төмрийн хүдрийн экспорт 13 хувиар буурсан бол алт, зэс, газрын тосны экспорт 11-46 хүртэлх хувиар нэмэгджээ. Ингэснээр эрдэс бүтээгдэхүүний экспортоос нийтдээ 2.2 тэрбум ам.долларын орлого олсон байна.

Г.Жаргалмаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД