“Монгол цэргийн жавхаа” уралдаан 3 дахь жилдээ болно

2015 оны 02 сарын 13

  Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар нар танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуулын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулахаар нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд санал орууллаа.

Тус уралдаан нь анги байгууллагуудын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчилж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой юм. “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь анги байгууллагуудын хөгжлийг нэг шатаар ахиулж, тохижилт, орчинг сайжруулсан, иргэн-цэргийн бахархлыг бий  болгосон үр дүнтэй үйл ажиллагаа болсон гэдгийг албаныхан оцнолж байна.

Мөн тус уралдаан зохион байгуулагдсантай холбоотойгоор цэргийн албанд татагдах нийслэлийн залуучуудын тоо эрс өссөн бөгөөд уралдааны үеэр цэргийн алба хаасан залуучууд уулзах, цэргийн ангийнхаа тохижилт, үйл ажиллагаанд тусалж, дэмжлэг үзүүлэх болсон гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар мэдээллээ. Энэ жилийн “Монгол цэргийн жавхаа” уралдаан 2015 оны 03 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд  нийслэлд үйл ажиллагаа явуулдаг цэргийн хүрээний бүх анги, нэгтгэлүүдийг оролцуулахаар төлөвлөжээ.