Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчид Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2015 оны 02 сарын 09

Хүүхдийн хөлбөмбөгийн Дэрэн клубын тамирчид энэ сарын 6-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ордос хотноо зохион байгуулагдсан өсвөрийн хөлбөмбөгчдийн олон улсын футзалны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. 14-15 насны ангилалд Хятад, Монгол, ОХУ-ын охид хөвгүүдийн 11 багийн 237 тамирчид ур чадвараа сорин өрсөлдлөө. Анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээн Ордос хотын Үндэсний биеийн тамир спортын ордонд зохион байгуулагдсан.  Монгол улсаа төлөөлөн энэ тэмцээнд оролцсон Г. Мөнхчулуун эзэнтэй, Вояслав Бразулич, Гарьдмагнай дасгалжуулагчтай, Б. Батмөнх ахлагчтай баг А хэсэгт оноолт таарсан юм.

Тэд нийт зургаан тоглолт хийж, 30 оноотой хэсгээ тэргүүлсэн бол В хэсэгт оноолт таарсан ОХУ-ын Буриадын биеийн тамирын тусгай сургалттай сургуулийн Василий Николаевич Лобсанов дасгалжуулагчтай баг 25 оноотой хэсгээ тэргүүллээ. Дэрэн багийн тамирчид нийт гурван тоглолт хийснээс Ченду багийг хэсэгтээ 3:0-ээр хожсон. Дараачийн шатанд буюу хагас шигшээд Ухань хотын багтай тоглож өрсөлдөгчөө 3:1-ийн харьцаатай хожсон юм. Харин ОХУ-ын Сэлэнга баг хагас шигшээ тоглолтонд Ченду багт хожигдсноор хүрэл медалийн эзэд боллоо. Тэмцээний эхнээс нэг ч хожигдолгүй тоглосон Дэрэн багийнхны тоглолтын ур чадварыг үзэгчид, хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид өндрөөр үнэлж, тэдний тоглолтыг үзэхээр Ордос хотын зэргэлдээ орших хотуудаас Өвөр Монголчууд ирж байсан юм.

Тэмцээний шигшээ тоглолт тун өрсөлдөөнтэй болж, Хятадын төв телевизийн сувгаар шууд дамжуулан үзэгчдийн хүртээл болгосон юм. Энэ удаагийн тоглолтонд Дэрэн багийнхан 3:3-ийн харьцаатай тоглолтын үндсэн цагт тэнцснээр пенальти гүйцэтгэсэн юм. Энэ удаад 2 бөмбөг алдснаар Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчид мөнгөн медаль хүртсэн юм. Энэ тэмцээнд оролцсноор өсвөрийн хөлбөмбөгчид харилцан туршлага судлаад зогсохгүй, хөлбөмбөгөөр хөрш орнуудын хүүхэд багачууд ойртон нөхөрлөж, соёл, спортын харилцаа улам батжина гэдэгт итгэлтэй байгаагаа тэмцээнийг зохион байгуулагчид өгүүлж байлаа.