Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчид Олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна

2015 оны 02 сарын 07

Өнгөрсөн жил Шведэд болсон олон улсын хүүхдийн хөлбөмбөгийн наадамд амжилттай оролцож хүрэл медалийн эзэд болсон Хүүхдийн хөлбөмбөгийн Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчид амжилтын буухиагаа үргэлжлүүлэхээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Ордос хотноо ирээд байна. Олон улсын, бүс нутгийн чанартай тэмцээн уралдааныг өөрийн хотдоо зохион байгуулах бүрэн боломжтой болсноор Ордос хотынхон биеийн тамир, спортын хөгжилдөө анхаарч олон улсын тэмцээнүүдийг олноор нь зохион байгуулах болсон байна. Үүний нэг тод жишээ нь өнөөдөр нээлтээ хийсэн Өвөр Монголын анхдугаар олон улсын өсвөрийн хөлбөмбөгчдийн наадам юм. Охидын зургаа хөвгүүдийн таван баг энэ удаагийн тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Энэ сарын 8-ыг хүртэл үргэлжлэх тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын засгийн ордны дэд тэргүүлэгч, Ордос хотын дарга, Өвөр Монголын спортын болон боловсролын товчооны дарга нар, Дэрэн клубын захирал Г. Мөнхчулуун хүндэт зочноор оролцлоо. Мөн албаны төлөөлөгчдөөс гадна нийт 12 багийн 227 тамирчид жагслаа. Энэ тэмцээнд Хятадын Далиан, Ухань, Чиндао, Ченгду, Гуанжоу, Хөххот, Бугат, Ордос хот, Далт хошуу зэрэг зохион байгуулагч талаас 9 засаг захиргааны нэгжийн өсвөрийн хөлбөмбөгчид, ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын Василий Николаевич Лобсанов дасгалжуулагчтай Биеийн тамирын өсвөрийн тусгай сургалттай 6-р сургуулийн Сэлэнга баг, Монгол Улсаас Г. Мөнхчулуун эзэнтэй, Сербийн иргэн дасгалжуулагч Вояаслав Бразулич, Гарьдмагнай дасгалжуулагчтай, Б.Батмөнх ахлагчтай Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчид оролцож байгаа юм.

Тэд  Өвөрмонголын анхдугаар олон улсын өсвөрийн хөлбөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээний салхийг хагалж Далайт хошууны багтай эхний тоглолтоо хийлээ. Дэрэн клубын тамирчид сугалаагаар А хэсэгт оноолт таарсан. Энэ хэсэгт Ченгду, Бугат, Хөх Хот, Далт хошуу, Гуанжоу зэрэг засаг захиргааны нэгжийн баг тамирчид тоглохоор болсон бол В хэсэгт ОХУ-ын Сэлэнга баг Далиан, Ухань, Чиндаогийн багуудтай нэг хэсэгт оноолт таарсан юм. Өнөөдөр болсон тоглолтын эхний гоолыг Дэрэн багийн довтлогч М. Жансерик оруулж, амжилтын салхийг хагаллаа. Энэ удаагийн тоглолт 6:1-ийн харьцаатай Дэрэн баг өрсөлдөгчөө буулган авлаа.