Хуурамч хүнсний бүтээгдэхүүнүүдийг зарлалаа

2015 оны 02 сарын 06

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баяртай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг байгууллагуудад хяналт шалгалт хийсэн талаараа хэвлэлийн бага хурал хийлээ. Шалгалтын үеэр нийт 1270 сорьцыг шинжлэн судалснаас 2.4 хувь нь зөрчилтэй гарчээ.Ариутган савлаж битүүмжилсэн төрөл бүрийн салат, хэрчсэн гурил,кимчи, хэвийн боов, суурь еэвэн зэрэг бүтээгдэхүүнүүд стандартын шаардлага хангахааргүй зөрчилтэй гарсан аж. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хүсэлтээр улсын байцаагчдад шинжилгээнд ирүүлсэн найман төрлийн архи хуурамч болох нь тогтоогджээ. Энэхүү архинуудыг “АПУ”, “МТС” үйлдвэрийн архины шилэнд хуурамчаар найруулсан бөгөөд хууль зөрчсөн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. 

Мөн "Нарантуул" захын “Шилэн зах” худалдааны төвийн павильонд холбогдох бичиг баримтгүй, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлгүй зарагдаж байсан архи, согтууруулах ундааг битүүмжилж, хаяг шошгын зөрчилтэй “Тансаг” нэрийн 0.5 литрийн есөн шил архинаас дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжлүүлжээ.Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан иргэдийг хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо хаяг, баглаа боодол, хадгалагдах хугацаа зэргийг сайтар нягталж худалдан авалт хийхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.