ITB BERLIN ҮЗЭСГЭЛЭНГИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭРЧИМТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА

2015 оны 02 сарын 06

Нэг сар хүрэхгүй хугацааны дараа Герман улсын Берлин хотноо болох олон улсын аялал жуулчлалын ITB Berlin 2015 үзэсгэлэнд Монгол Улс Албан Ёсны Түнш орноор оролцох гэж байгаа билээ. Өмнө нь хангалттай хөрөнгө зарцуулдаггүй, анхаардаггүй байсан гэгдэх манай улсын аялал жуулчлалын салбарын орлого сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй гарсан ч улсаа дэлхийд таниулан, жуулчдад сурталчилснаар жуулчдын тоо ирэх 2-3 жилд нэг саяд хүрнэ гэсэн зорилтыг тавьж ажиллаж байгаа билээ. 

Хамрах хүрээ, оролцогчдын тоогоороо аялал жуулчлалын салбартаа дэлхийн хамгийн томд тооцогддог уг арга хэмжээнд оролцох бэлтгэл ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай байгаа бөгөөд Монгол Улс үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа, олон улсын 3600 VIP зочдод зориулсан хурал, гала концерт болон Монгол улсын соёл ёс заншлыг харуулсан хүлээн авалт, нийт гурван удаагийн хэвлэлийн бага хурал, аялал жуулчлалын мэргэжлийн хурал чуулган, дугуй ширээний ярилцлага зэрэг есөн удаагийн илтгэл, “Монголыг хэн сайн мэдэх вэ?” радиогийн шагналт тааврын уралдаан болон бусад хэд хэдэн хүлээн авалт, уулзалт, соёлын арга хэмжээнүүд гэх мэт нийт 41 ажлыг  зохион байгуулах юм байна.  Түүнчлэн Германы AMARA Film production компаниар Монгол улсыг сурталчилсан хэд хэдэн баримтат кино, видео шторкуудыг бэлдүүлж байгаагаас гадна Монгол Улсын тухай 3 хэл дээрх хэвлэмэл материалууд,танилцуулгыг бэлэн болгоод байгаа юм.