Ж.Батзандан: Өршөөлийн хууль улстөрчдөд үйлчлэх ёсгүй

2015 оны 01 сарын 28

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Эдийн засаг хямралтай үед Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлах нь нуугдмал хөрөнгийг ил болгож, эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх сайн талтайгаас гадна бизнес эрхлэгчид хууль хүчнийхнээс айх аюулгүй болно гэж үзэж байна. Гэхдээ улстөрчид өөрсдийгөө эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах нь буруу. Ийм жишгийг УИХ тогтоож болохгүй гэх. Та ямар байр суурьтай байна вэ?

  -Эдийн засгийн хямралтай үед улс орнууд Эдийн засгийн өршөөл болон Эрүүгийн өршөөлийн тухай хуулиудыг баталдаг жишиг бий.  Би хувьдаа өршөөлийн хуулийн үйлчлэл нь улстөрийн албан тушаалтнууд болон тэдний хувьцаа эзэмшдэг компаниудад үйлчлэх ёсгүй. Хоёрдугаарт, уг хууль нь зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийн нуусан хөрөнгө, татвараас зугтаасан тэр хэсэгт үйлчлэхээс гадна оффшорт нуусан өмч хөрөнгийг илрүүлэхэд, оффшор дахь хөрөнгөө Монголд авчирч бүртгүүлсэн тохиолдолд энэ хууль үйлчилж байхаар батлах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Мөн нэг удаа өршөөлийн хуульд хамрагдсан бол дахиж өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй гэдгийг дээрх хуулийн хүрээнд заах ёстой. 

-Яагаад заавал нэгхэн удаа гэж?

  -УИХ 2007 онд Татварын өршөөлийн хуулийг баталсан. Тэр хуульд олон аж ахуйн нэгж хамрагдсан. Ер нь  Эдийн засгийн өршөөлийн хуулийг Эрүүгийн өршөөлийн хуулийн нэгэн адил ойр ойрхон гаргаж болдоггүй. Харин Эрүүгийн өршөөлийн хуулийг  5-6 жилд нэг удаа баталж гаргадаг олон улсын жишиг бий. Манайд бол Эдийн засгийн өршөөлийн хууль  20 жилд 2-3 удаа батлагдаж байх жишээтэй. Энэ бол буруу жишиг.  Эрүүгийн өршөөлийн хуулийг би дэмжиж байгаа. Аль болох өргөн хүрээг хамруулж батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа.Шоронд байгаа олон мянган залуус, эмэгтэйчүүд, настайчууд, хүүхдүүдийг бүгдийг нь чөлөөлөх хэрэгтэй.  Хөнгөн, хүнд, хүндэвтэр гэмт хэрэгтнүүдийг чөлөөлөхийн төлөө Эрүүгийн өршөөлийн хууль чиглэх ёстой.  Ер нь өршөөнө, уучилна гэдэг бол муу зүйл биш. Хүн төрөлхтний хамгийн хүчтэй зэвсэг өршөөл, уучлал, энэрэн нигүүлсэх сэтгэл байсаар ирсэн.  Тэгэхээр Монголын төр өршөөдөг, уучилдаг, нигүүлсдэг гэдгээ ард иргэддээ харуулах цаг болсон гэж бодож байна. 

-Эдийн засгийн өршөөлийн хуульд улстөрчдийг хамруулах ёсгүй гэж та үзэж байна. Энэ нь Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах хуультай зөрчилдөх ёс зүйгүй үйлдэл гэж үзээд байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу? 

-Шударга ёсыг эрхэмлэх ёстой. Аливаа хуулийг улстөрчид өөрсөддөө зориулж санаачилж, баталдаггүй. Ард иргэдийн эрх ашиг, нийгмийн аюулгүй байдлыг хангах нийтлэг зорилгын төлөө хууль гаргах ёстой. Иймээс  ч аливаа өршөөлийн хуулийг улстөрчид болон тэдний гэр бүлийнхэнд үйлчилдэггүй, түүний хувьцаа эзэмшдэг компанид үйлчилдэггүй байхаар хуульчилж өгөх нь зөв гэж үзэж байгаа. 

-Хоёр жилийн өмнө та улстөрчид оффшор данс  эзэмшихийг хориглоно гэсэн хуулийн төсөл санаачлан УИХ-д мэдүүлсэн. УИХ-ын төвшинд хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд л хэлэлцүүлэг цааш хийгдээгүй. Юу болсон бэ, өнөөдрийг хүртэл хэлэлцэгдэхгүй юм?

  -Хуулийн төслийг байнгын хороо дараад үндсэндээ хоёр жил болж байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр УИХ-д оффшорт мөнгөтэй хүмүүс олон байна гэсэн үг. 

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр төсөл дарагдаад байна гэсэн үг үү? 

-Эдийн засгийн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороон дээр төслүүд дарагдаж байгаа. Оффшорт мөнгөтэй гишүүд энэ хуулийг батлахыг эсэргүүцэж байгаа л даа. Гэхдээ саяхан дэлхийн топ 20 улс оффшортой холбоотой бодлогоо тодорхойлсноор оффшор нууц байхаа больсон. Тухайн улс орон иргэдтэйгээ холбоотой оффшорт байгаа данс, хөрөнгөтэй холбоотой мэдээллийг авах эрх нээлттэй болсон. Тэгэхээр шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын хууль хяналтын  байгууллагууд  оффшорт байгаа Монгол Улсын иргэдийн данс, хөрөнгийг ил болгох бүрэн боломжтой болж, миний өргөн мэдүүлсэн хуулийн төсөл ач холбогдлоо алсдан учраас одоо хэлэлцээд байх  шаардлагагүй. 

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд“Зөвшөөрлийг хэт бөөндөж, нэг цонхоор харж, олгож болохгүй” гэж асуудал хөндлөө. Засгийн газрын зүгээс 1000 шахам зөвшөөрлийг 300 болгон цөөрүүлснээр бизнес эрхлэгчдэд учрах бэрхшээл багасна гэх?

  -Засгийн газрын өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн ерөнхий концепцийг дэмжиж байгаа. Зөвшөөрөл, лицензийн тоог бууруулъя, зөвшөөрөл лицензтэй холбоотой хүнд суртлыг бууруулъя, авлига хээл хахуультай тэмцье гэдэг концепцийг нь дэмжиж байна. Энэ хуулийн төслийг дагалдаж 52 хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт орно, Зөвшөөрлийн жагсаалтын тухай хууль мөн батлагдана. Гэхдээ Засгийн газраас өгсөн тоон судалгаа их зөрж байна. Анх “1200 зөвшөөрөл байна” гэж ярьсан, одоо “900-гаад зөвшөөрөл бий” гэж байна. Зөвшөөрлийн тухай тодорхой судалгаануудыг бидэнд гаргаж өгөх ёстой. Зөвшөөрөл, мэргэжлийн гэрчилгээ, төрийн байгууллагад мэдэгдэх буюу мэдэгдлийн систем энэ бүхнийг ялгаж салгаж оруулж ирэх ёстой. Тэгэхгүй бол энэ хуулийг Засгийн газрын өргөн мэдүүлсэн байдлаар дэмжих бололцоо маш хомс. 

- Дэмжихгүй байх ямар шалтгаан байна? 

-Эхний ээлжинд аль салбарт зөвшөөрөл олголтоос болж аж ахуйн нэгж, иргэдэд хүндрэл учраад байгаа вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Миний харж байгаагаар бизнесийн салбарт зөвшөөрлийн механизм маш их хүнд суртал  учруулж байгаа. Барилга, уул уурхай, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсролын салбарыг зөвшөөрөлд хүлэгдсэн салбар гэж нэрлэнэ. Тэгэхээр Зөвшөөрлийн тухай хуулийг батлахын тулд хүлээтэй байгаа салбараа хүлээснээс нь гаргах чиглэлд явах ёстой.  Хоёрдугаарт, Хууль зүйн салбарын зөвшөөрлийг тухайлбал, нотариатын гэрчилгээ, мэргэжлийн гэрчилгээ, хуульчийн гэрчилгээ, өмгөөлөгчийн гэрчилгээг бизнесийн зөвшөөрөлтэй холбож, хутгаж ойлгох нь зохимжгүй. Цаашлаад батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаатай холбоотой асуудлыг бизнесийн зөвшөөрөлтэй хутгаж нэг тогоонд хийх нь буруу. Эмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдалтай холбогдуулан  зөвшөөрлүүдийг олгохдоо онцгой анхаарах ёстой.  АНУ-д эмийн зөвшөөрөл авахын тулд ихэнх тохиолдолд 10-15 жил хүлээдэг. Хэрэглээнд нэвтрүүлэхийн өмнө бүх төрлийн туршилтуудыг хийсэн байх ёстой. Тэгэхээр зарим тохиолдолд төр өөрөө нийгмийн аюулгүй байдал, иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалахын тулд зөвшөөрлийн механизмаар дамжуулж хяналтаа тавих шаардлага бас бий. Мөн цацраг идэвхит хаягдлыг булшлахтай холбоотой зөвшөөрлийг энгийн зөвшөөрөлтэй адилтгаж олгож болохгүй. Энэ болгон дээр анхаарал болгоомжтой хандах ёстой. Бүх зөвшөөрлөө хүчингүй болгоод задгай тавих юм бол Монгол Улс сүйрнэ. 

-Энгийн зөвшөөрлийн 50 орчим хувийг хүчингүй болговол яасан юм бэ гэж зарим гишүүн үзэж байгаа? 

-1200, 900 гэж нэрлээд байгаа зөвшөөрлийн 50 орчим хувь нь энгийн зөвшөөрөл. Энгийн зөвшөөрлийн 50 хувийг хүчингүй болгох бололцоо харагдаж байгаа. Ер нь зөвшөөрлүүдийг их ерөнхий байдлаар хуулийн төсөлд тусгасан байна лээ. Энэ тохиолдолд ойлгомжгүй байдал үүснэ. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбартай холбогдох зөвшөөрлийн тухай, зарим амьтан ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, импортлох, дамжуулан өнгөрүүлэх гэж томъёолсон. Зарим амьтан ургамал, Нэр томъёо байхгүй. Ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд зүйл, ойн дагалдах баялгийг импортлох, энгийн зөвшөөрөл гэж хуулийн төсөлд заасан. Хэрэв энэ хууль ийм хэлбэрээр батлагдвал таана хөмүүл даршилж, хувийн хэрэгцээгээ хангах иргэн зөвшөөрөл авах болж байна. Мөн малчин аарцаа буцалгаад нэрмэл архи нэрэхэд согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөл авах болж байна. Тэгэхээр тодорхойгүй байдлыг тодорхой болгох ёстой. 

-Хуулийн төсөлд Онцгой, тусгай, энгийн зөвшөөрлийн хугацааг хэрхэн тусгасан юм бол?

  -Онцгой зөвшөөрлийг 10 жилээс доошгүй хугацаагаар олгоно, сунгах хугацаа мөн 10 жил байна. Тусгай зөвшөөрлийг 15 жилээр доошгүй хугацаагаар олгоно, сунгах хугацаа мөн хугацаагаар тусгагдсан. Энгийн зөвшөөрлийг хугацаагүй олгохоор тус бүр тусгасан байгаа. 

-Зөвшөөрөл хүсэхэд хэд хоногийн дотор багтааж хариу өгөхөөр төсөлд тусгасан байгаа вэ?

  -Онцгой зөвшөөрөл хүссэн тохиолдолд ажлын хэсэг гарч, 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Тусгай зөвшөөрлийн тухайд 14 хоногийн хугацаанд, энгийн зөвшөөрлийг 7 хоногийн хугацаанд тус бүр шийдвэрлэхээр заасан. Зөвшөөрөл сунгах асуудлыг өргөдөл хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор шийднэ.  Г.ДАРЬ