Улаанбаатарт үүлшинэ 7 градус хүйтэн байна

2014 оны 12 сарын 27

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр Алтайн салбар уулсаар, 28-29-нд нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

2014 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.