Ирэх онд Монгол, Францын дипломат харилцааны 50 жилийн ой болно

2014 оны 12 сарын 26

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн удирдан явуулав.  Монгол Улсын төр засгийн зүгээс “гуравдагч хөрш” Франц Улстай хөгжүүлж буй харилцаанд анхаардаг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. 

Хуралдаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Францын найрамдлын бүлгийн дарга, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны дэд дарга Н.Батцэрэг, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Аж үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яам, ШУА, Монгол, Францын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс тус тус оролцов.