“Тахь өлгий тал нутагтаа” баримтат киноны нээлт Прага хотноо болов

2014 оны 12 сарын 26

Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын Техникийн төв музейд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Тахь өлгий тал нутагтаа” хэмээх баримтат киноны нээлт боллоо. Энэхүү киноны нээлтийн үйл ажиллагаанд Прага хотын амьтны хүрээлэн, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд яам болон Чехийн яам агентлагийн зарим төлөөлөл оролцсон байна.  Чехийн Засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төсөл болон төслийн хэрэгжилтийг олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилгоор энэхүү баримтат киноны зураг авалт хийсэн талаар Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал ноён М.Бобек товч мэдээлэл хийлээ. 

Нээлтийн ажиллагаанд ЭСЯ-ыг төлөөлөн оролцсон худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Д.Өнөбилэгт ховордож үгүй болоод байсан тахийг Монголын уугуул нутагт нь хүргэж, эргэж нутагшуулахад олон жил их хөрөнгө мөнгө, хүч чармайлт гаргаж буй тус амьтны хүрээлэнгийн нийт ажилтнууд, ачиж тээвэрлэж алс холын Ази тивд хүргэж өгсөн Чехийн цэрэг, иргэний бусад байгууллагуудад болон Чехийн олон нийтэд элчин сайд Д.Зүмбэрэллхам болон ЭСЯ-ны нийт хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлжээ. 

Түүнчлэн БНЧУ-ын Засгийн газраас манай улсад олон жилийн туршид үзүүлж ирсэн хөгжлийн тусламжийн дотроос байгаль орчинд ээлтэй, чех, монголын олон нийтийн талархлыг хүлээсэн хамгийн үр өгөөжтэй, оновчтой төсөл хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг цохон тэмдэглэсэн байна.  Тус улсын засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд Монгол Улсын Хомын тал болон Тахийн талд нийт 15 тахийг унаган байгальд нь тавиад байна.


http://mfa.gov.mn

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД