ХАСБАНК НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНЭЛГЭЭГЭЭР АЗИ ТИВД ТЭРГҮҮЛЛЭЭ

2014 оны 12 сарын 25

  Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэд харилцагчдынхаа сайн сайхны төлөө ямагт үйлчилж ирсэн ХасБанк Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэн дээдэлсэн хамт олон болохоо дахин баталж, олон улсын үнэлгээний “Планет Рейтинг” байгууллагаар Нийгмийн Хариуцлагын цогц үнэлгээг 2 дахь удаагаа хийлгэн “4” буюу “Хангалттай” гэсэн үнэлгээг авлаа.  

ХасБанк нь 2010 онд Монгол улсад анх удаа энэхүү үнэлгээг хийлгэж байсан бөгөөд энэ удаад өмнөх үнэлгээгээ 1 шатаар ахиулж “4” болгосон нь нийгмийн хариуцлагаар Ази тивд хамгийн өндөр үнэлгээ, Олон улсын түвшинд эхний 15-д орох үзүүлэлт болж байгааг тус үнэлгээний байгууллагын Гүйцэтгэх Захирал бөгөөд Ерөнхийлөгч Пол Толли онцлон тэмдэглэсэн юм.  Харин ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болд “ХасБанк байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан бизнесийн үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгож, бодлого журам гарган мөрдөж, нийгмийн сайн сайхны төлөө, харилцагчдынхаа эрх ашгийг дээдлэн  ажилласаар ирсэн. Бидний олон жилийн хичээл зүтгэл ОУ-ын тавцанд ийнхүү өндөрөөр үнэлэгдэж байгаа нь ХасБанк зөвхөн бизнесийн ашиг хөөцөлдөлгүй, нийгэм, байгаль орчинд эерэг хувь нэмрээ оруулан явж ирсний нотолгоо юм” хэмээн энэхүү үнэлгээний ач холбогдлыг дүгнэлээ. 

Энэхүү үнэлгээний хүрээнд ХасБанкийг Нийгмийн хариуцлагын удирдлага, Санхүүгийн хүртээмжтэй байдал, Харилцагчийг хамгаалах буюу ёс зүйтэй бизнес, Хүний нөөцийн бодлого, Нийгэмд оруулж буй хувь нэмэр гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр үнэлж, нийгмийн хариуцлагыг эрхэм зорилго, үйл ажиллагааныхаа бүх түвшинд нэвтрүүлэн, амжилттайгаар хэрэгжүүлж буй байгууллага болохыг тодорхойлж, батламжилсан юм. 

Франц улсад төвтэй “Планет Рейтинг” үнэлгээний байгууллага нь Планет Файнанс ОУТББ-ийн бүрэлдэхүүнд 1999 онд байгуулагдсанаасаа хойш нийт 95 орны 900 гаруй санхүүгийн байгууллагын үнэлгээ, тэр дундаа Нийгмийн хариуцлагын үнэлгээ, Харилцагчийг хамгаалах олон улсын хөдөлгөөний үнэлгээг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хийж гүйцэтгэсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм.