Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Ю.П.Трутневийг хүлээн авч уулзлаа

2014 оны 12 сарын 12

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев манай улсад айлчилж байна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ноён Ю.П.Трутневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр сонгогдсонд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Ю.П.Трутнев баяр хүргэлээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон томоохон төслүүдийн ажлыг эрчимтэй урагшлуулахад дэмжлэг үзүүлж байгаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариу талархал илэрхийллээ.  Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, "Талын зам" төслийн хүрээнд Албанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам барих зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдээ Монгол Улсын Засгийн газар эхлүүлээд байна. Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа мах, махан болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлэх таатай нөхцөл бүрдүүлэх асуудалд анхаарал хандуулахыг, түүнчлэн уламжлалт хамтын ажиллагаанаас гадна шинэ төслүүд хэрэгжүүлэх нь хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц өгөх боломжтойг Монгол Улсын Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг уулзалтын үеэр тэмдэглэлээ.  

Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга  Ю.П.Трутневтэй уулзлаа 

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч ноён Ю.П.Трутневийг хүлээн авч уулзлаа. Энэ онд манай хоёр орны харилцаа идэвхтэй өрнөж, өндөр дээд хэмжээний айлчлалууд амжилттай болж буйд сэтгэл хангалуун байна.

Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монголд хийсэн ажлын айлчлал хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгсөн гэж тэрбээр онцоллоо.  Сүүлийн хоёр жилийн туршид буураад байгаа хоёр орны худалдааны хэмжээг тэнцвэржүүлэх, нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд тодорхой хугацааны туршид тэглэсэн татвараар нийлүүлэх саналыг бид дэвшүүлсэн. Энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсээд “Хоёр улсын хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явцыг хэрэгжүүлэхэд санаачилгатай ажиллана” гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ.  

Мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж болох саналыг ОХУ-ын Засгийн газрын дэд дарга Ю.П.Трутнев илэрхийлээд Монголын тал дэмжвэл энэ ажлыг судалж, эхлүүлэхэд бэлэн байна гэлээ.  Уулзалтад Монголын талаас Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Уул уурхайн сайд Р.Жигжид, Оросын талаас ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Тээврийн дэд сайд А.С.Цыденов, “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч В.Н.Морозов нар байлцлаа. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД