Монгол улс Мянганы Сорилтын Компакт Гэрээ хийхээр хоёр дахь удаагаа сонгогдлоо

2014 оны 12 сарын 13

АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн (МСК) Захирлуудын зөвлөлөөс Монгол улсыг МСК-тай хоёр дахь удаагаа Мянганы Сорилтын Компакт Гэрээ хийхээр сонгогдсон болохыг Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэхэд таатай байна. Монгол улсын анхны Гэрээ нь АНУ-аас зорилтот хөгжлийн туслалцаа үзүүлэхэд 285 сая ам. долларын санхүүжилт хийгдэн таван жилийн хугацаатай үргэлжилж, өнгөрөгч оны 9-р сарын 17-ны өдөр өндөрлөсөн юм. Мянганы Сорилтын Корпорацийн Гүйцэтгэх захирал Дана Хайд (Dana Hyde) Монгол улсын өндөр албан тушаалын хүмүүстэй өчигдөр утсаар холбогдож Монгол улсыг дахин сонгогдсон болохыг мэдэгдлээ. Хоёр дахь Гэрээний зорилго болон нөхцлүүдийг хоёр улсын Засгийн газрууд ойрын саруудад хэлэлцэнэ. МСК тухайн улстай дахин гэрээ хийх эсэх талаар авч хэлэлцэхдээ эхний гэрээний амжилт, үр дүн, тодорхой хугацаан дахь ардчилсан тогтолцооны хөгжил, хэрэгжүүлэлт, мөн шаардлагатай байгаа салбарын шинэчлэл нь үндэсний хувьд тэргүүлэх зэргийн ач холбогдолтой эсэх зэрэг олон шалгуурыг харж байж шийдвэр гаргадаг байна.

Засгийн газрын үйл ажиллагааны статистик үзүүлэлтийг шударга удирдлага, эдийн засгийн эрх чөлөөг хэрэгжүүлэх, иргэдэд хөрөнгө оруулахад чиглэгдсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарттай харьцуулан МСК-иас жил бүр гаргадаг бодлогын оноог тодорхойлдог аж. Энэ жил Монгол улс ихэнх үзүүлэлтээрээ бодлогын онооны жишгийг хангасан байна. Монгол улсын эдийн засгийн үргэлжилсэн өсөлтийг нийтийг хамарсан, ядуурлыг бууруулсан хөгжилд хүргэхээр Монголын Засгийн газар МСК-иар дамжуулан хамтран ажиллана гэдэгт АНУ-ын Засгийн газар найдаж байна.