Саудын Араб сүүлийн 14 жилийн доод үнээр нефтиэ борлуулна

2014 оны 12 сарын 08

Олон улсын зах зээлд “West Texas” болон “Brent” маркийн газрын тосны хаалтын ханш сүүлийн таван жил гаруйн доод түвшинд хүрч буураад байна. Тавааруудын үнийн индекс ийнхүү эрчимтэй суларч байгаа үед хөрөнгө оруулагчид ихээр худалдан авдаг. Гэвч энэ удаа зах зээлд ямар ч эерэг дохио мэдрэгдэхгүй байгаа тухай Нью-Йоркийн “Mizuho Securities” компанийн Фьючерс арилжааны асуудал эрхэлсэн захирал Боб Яугер ярьжээ. Нью-Йоркийн биржид хар алтны фьючерс ханш нэг өдрийн дотор 1.5 хувиар хямдарсан байна. Харин Лондонд 0.8 хувиар буурлаа. Гэхдээ ханшийн хямрал энэ хүрээд зогсохгүй бололтой. Саудын Арабын төрийн өмчийн компани Азид нийлүүлэх “Arab Light” газрын тосны ирэх сарын үнийг баррель тутамд хоёр ам.доллараар бууруулснаа өнгөрсөн долоо хоногт уламжиллаа. Хар алтны “хаан” Саудын Арабын түүхэнд энэ нь сүүлийн 14 жилийн хамгийн доод үнэ юм байна.

Нью-Йоркийн таваарын биржид WTI маркийн газрын тосны нэг сарын хугацаатай хэлцлийн үнэлгээ 97 центээр хямдарч, 65.84 ам.долларт хүрсэн. Энэ нь 2009 оны долдугаар сарын 29-нөөс хойших хамгийн доод ханш болохыг “Bloomberg”-ийн цахим хуудсанд тэмдэглэсэн байна. Он гарснаас хойш энэ бенчмаркийн үнэлгээ нийт 33 хувиар сулраад байгаа юм. Мөн Лондоны “ICE Futures Europe” биржид “Brent”-ийн үнэ 2009 оны аравдугаар сарын 7-ноос хойших доод түвшинд хүрлээ. Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн 12 орон өнгөрсөн сард өдөрт 30.56 сая баррель нефть олон улсад нийл үүлж байсан нь тогтоосон квотыг зургаа дахь сардаа давуулсан үзүүлэлт юм.