Д.ТҮМЭН: ХҮННҮЧҮҮДЭЭС ИЛЭРСЭН ГЕН МОНГОЛЧУУДАД БАЙДАГ

2014 оны 12 сарын 05

  Монгол хүний үүсэл гарлын талаар МУИСийн Шинжлэх ухааны сургуулийн антропологи, археологийн тэнхимийн багш, профессор, шинжлэх ухааны доктор Д.Түмэнтэй ярилцлаа.

-Монголчуудын угсаа гарвалыг хүн судлалын үүднээс юү гэж үздэг вэ. Монголын нууц товчоонд Бөртэ чоно, Гоомаралын удам гэсэн байдаг. Зарим сурвалжид Бөртэ чоно, Гоомарал нэртэй хүн байсан мэтээр бичдэг. Энэ нь хэр бодитой вэ?

-Би Шинэ чулуун зэвсгийн үеэс эхлээд түүхэн бүх үед Монголын нутаг дэвсгэрт иргэншин амьдарч байсан эртний нүүдэлчдийн археологийн булшны дурсгалын малтлагаас илэрсэн хүн судлалын олдворыг 40-өөд жил судаллаа. Өөрийн судалгааны үр дүнг дотоод, гадаадын эрдэмтдийн судалгаатай харьцуулан шинжилж, монголчуудын угсаа гарвалыг антропологийн үүднээс нэгтгэн, дүн шинжилгээ хийж байна. Бөртэ чоно, Гоомаралыг домгийн талаас нь мэдэхээс бодит хүн байсан эсэхийг мэдэхгүй. Үүнд түүхч, аман зохиол судлаач нар баттай хариулт өгөх байх. Монголчуудын өвөг дээдсийг хүннүчүүд гэж үзэх нэг хэсэг байхад Түрэг угсааны овог аймгийнхныг бидний өвөг гэх хүмүүс ч бий. Монголчуудын өвөг дээдэс бол хүннүчүүд. Тэдэнд байсан ген одоо ч бидэнд бий. Антропологийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтоор булшнаас гаргаж авсан хүний ясанд удамшлын буюу ДНХ-ийн судалгааг дэлхийн олон оронд хийх болсон. Бидний хийсэн судалгааны үр дүнд хүннүчүүдийн антропологийн олдвороос mtDNA буюу эхийн талын 12 ген, У-хромсом буюу эцгийн талын 10 гаруй хаплогрупп (ген) илэрсэн. Хүннүчүүдээс илэрсэн ген монголчуудад байдаг.

-Хүннүчүүд зүс царайны хувьд бидэнтэй адил байсан уу?

-Хүннүчүүдийн дүр төрх, хэв шинж өнөөгийн монголчуудтай төстэй. Энэ нь хүннүчүүд монголчуудын өвөг дээдэс гэдгийг илтгэж байгаа юм. Монголчууд өмнөх үеийнхнээ том биетэй, өндөр байсан, өөрсдийгөө бие жижигтэй болсон гэж ярьдаг. Ер нь хүний бие бялдрын хөгжилд эрин зууны үзэгдэл гэж байдаг. Өөрөөр хэлбэл, нэг үе жижгэрч, нөгөө үед томордог үзэгдэл юм. Энэ нь дэлхийн бүх хүн амд тохиолддог. Монголчууд эртнээс нүүдэллэж ирсэн учраас алслагдсан ген солилцоо эрчимтэй явагдсан. Ген солилцоо бол тодорхой хэмжээгээр хүний биеийн өсөлт хөгжил, бүтцэд эерэг нөлөө үзүүлдэг талтай. Мөн хоол хүнс хүний биеийн хөгжилд нөлөөлдөг. Түүхэн үеийн хүмүүсийн биеийн жин, өндөр зэргийг авч үзэхэд өнөөгийн монголчуудаас нэг их ялгарах зүйл байдаггүй.

-Монголд хүн үүссэн гэдэг хэр бодитой үндэслэл вэ?

-Үүнийг антропологийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрдөггүй. Хүн болон монголчуудын гарал үүслийг байгалийн шинжлэх ухааны үүднээс судалдаг хүний хувьд би үүнд эмзэглэдэг. Юм л бол хүн Монголоос үүссэн, хоёр сая жилийн тэртээ Монголд хүн байсан мэт ярьдаг нь буруу. Африкт анх хүн үүсээд, дэлхий нийтэд тархсан гэдэг онолыг дэлхийн шинжлэх ухаанд баримталдаг. Энэ нь хувьсал хөгжлийн онол, олдвор, генийн судалгаагаар батлагдсан. Генийг судлаад хэдийд, хаана үүссэн байж болох вэ гэдгийг тодорхойлж болдог. Мичин овгоос ухаант хүн үүсэж, хөгжих хувьсал гурван сая гаруй жил үргэлжилсэн. Харин ухаант хүний үүслийг ойролцоогоор 130 мянган жилийн өмнө гэж үздэг. Хувьсал хөгжлийн тодорхой үед хүний өвгүүд хоол хүнс хайх юм уу, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан манай нутаг дэвсгэрт нүүдэллэж, хэсэг хугацаанд амьдарч байсан ул мөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйд байдаг. Өөрөөр хэлбэл, манай орон хүний өвөг дээдсийн хүнс тэжээл, амьдралын таатай нөхцөлийг эрэн хайх нүүдлийн нэг зам нь байсан.

-Монголчууд гэдэг нэр томъёо хэдий үеэс үүсэлтэй вэ?

-XIII зуунаас үүдэлтэй. X зууны үед Хабул хааны Хамаг Монгол улс гэж байсан. Энэ үеэс монгол гэдэг үг түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн гэж судлаачид үздэг. Тэрнээс өмнөх үед Монголын нутаг дэвсгэрт янз бүрийн овог аймаг, гүрэн оршин тогтнож байсан.

-Яагаад монголчууд хөх толботой төрдөг юм бол?

-Би хөх толбоор судалгаа хийж байгаагүй. Мэргэжлийн ном зохиолоос үзэхэд хөх толбо дэлхийд түгээмэл байдаг юм билээ. Африкт хүртэл хөх толботой хүн төрдөг. Энэ нь бидний өвөг шинж байж болно. Зарим эрдэмтэн хүн хувьсал хөгжлийнхөө явцад үсэн бүрхүүлгүй болж, хөх толбо үүссэн гэж үздэг.

-Монгол хүнд бусдаас ялгарах ген юм уу, эсвэл онцлог зүйл байдаг уу?

-Монгол хүний ген бусдаас эрс ялгаатай гэж үзэж болохгүй. Тодорхой ген аль газрын ямар угсаатан, хүн амд ямар давтамжтай тохиолдож байна вэ гэдэг нь онцлог юм. Дэлхийн хүн судлалын шинжлэх ухаанд монгол ген гэхээсээ илүү Азийн ген гэдэг. Эцгийн талаас удамшдаг С3с ген гэхэд монголчуудад 30 гаруй хувийн тархалттай байх жишээтэй. Гэтэл энэ ген Япон, Солонгос, Умард Азийн дийлэнх угсаатанд, бүр цаашлаад Дундад Азийн хүн амд байдаг. Арабуудад огт байхгүй энэ ген Цагаадайн үлдэгдэл гэгддэг хазаруудад байдаг. Мөн казак, кыргыз, узбек, уйгар, буриад, халимаг хүмүүст ч бий. Гэхдээ давтамжийн хэмжээ бага.

-Монгол хүний үүсэл гарлын талаар дэлхий дахинд хэр судалдаг вэ?

-Монголчуудтай гарал үүслийн холбоотой гэдгээрээ Солонгос, Япон, Унгар, Оросын эрдэмтэд нэлээд өргөн судалгаа хийдэг. Олон орны эрдэмтэд монголчуудын талаарх түүхэн сурвалжуудыг судалдаг. Монгол судлаачдаас гэвэл манай сургуулийн түүхийн багш, профессор Дэлгэржаргал Хятадын сурвалжуудад судалгаа хийдэг. Ер нь Монголын эзэнт гүрний үеэс өмнөх үеийн түүхүүд хятад, эзэнт гүрний үеийнх нь араб, перс гэх мэт янз бүрийн хэл дээр байдаг.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД