30 га газрын 501 мод огтолсон хэргийг шүүх шийдвэрлэлгүй удаж байна

2014 оны 12 сарын 05

Эх орныхоо байгалийн баялгийн нэгээхэн хэсэг болох ой модыг сувдаг сэтгэлтнүүд мөнгө болгон харж, сүйрүүлсээр байгаа. Хууль хяналтын байгууллагынхан модны хулгайн гэмт хэрэгтэй чадлынхаа хэрээр тэмцдэг ч шүүх, прокурорын шатанд очихоороо таг болдог жишиг тогтоод удлаа. Түүний нэг нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүхэд очоод бараг хагас жил болох гэж буй “Хүдэр өсөх” компанийн захирал Р.Лхагвадорж нарт холбогдох хэрэг. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянгол уулын орчимд, Баяны ар гэдэг газраас “Хүдэр өсөх” компанийнхан энэ оны нэгдүгээр сард хууль бусаар их хэмжээний нойтон мод бэлтгэжээ. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн, БОНХЯ-ны ажилтнуудтай газар дээр нь очиж шалгахад 80-130 настай 501 ширхэг нойтон мод огтолсон байж.

Уг нь “Хүдэр өсөх” компанийн захирал Оросоо гэж нутгийнхандаа танигдсан Р.Лхагвадорж тэнд ой цэвэрлэх зөвшөөрөл авсан байдаг. Гэвч тус компанийнхан ой цэвэрлэх бус хядах үйл ажиллагаа явуулж, 30 га газрын 501 ширхэг залуу мод огтолсон аж. Ажлын хэсгийнхэн унагасан модыг нь тоолоход нарс 102, шинэс буюу хар мод 399 ширхэг байжээ. Түүнийгээ зургаа, ес, 12 метрийн урттайгаар тайрч, тэнд нь мөчирлөж, цэвэрлэн гуалин болгосон байсан гэнэ. Түүгээр зогсохгүй зарим компанитай “Шонгийн мод нийлүүлэх гэрээ” байгуулан урьдчилгаа мөнгийг нь авч, Ерөө сумын төв рүү оруулсан байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Энэ хэрэгт Ерөө сумын Ойн ангийн дарга Д.Тэрбиш тэргүүтэй албан тушаалтнууд холбогдсон. Уг хэрэгт энэ оны тавдугаар сард яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэнэ. Шүүх нэг удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, ЗБГХТГ-ынхан тэр даруйд нь шүүхээс даалгасан шалгаж тодруулах зүйлсийг нь бүрд үүлж өгчээ. Түүнээс хойш шүүх танилцаж буй нэрээр өдий хүртэл чимээгүй байна. Магадгүй нэг нутаг ус, бие биенээ таниж мэддэг нь нөлөөлөөд хэргийг нь хэлэлцэж чадахгүй байна уу гэх хардлага төрж байгаа юм.

Өмнө нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын офицер эмэгтэй бусдын эд хөр өнгө залилсан хэрэгт холбогдож, шүүх нь мөн л нэлээд удаасны эцэст шийдвэрлэсэн. Шүүгдэгч цагдаагийн офицерийн хэргийг танил шүүгчид нь хуваарилснаас шийдэгдэлг үй удсан гэдэг. Р.Лхагвадорж, Д.Тэрбиш нарт холбогдох хэрэг ийм байдлаар удаж байж мэднэ. Уг нь энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг сэлэнгийнхэн харж байгаа юм.