Ч.САЙХАНБИЛЭГИЙН ЗАСГИЙН ГАЗАР 19 сайд, 15 яамтай ажиллана

2014 оны 12 сарын 05

- Сайдаар томилуулах саналаа өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө өргөн мэдүүлэхийг сануулав -

  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өчигдөр 20.30 цаг орчимд эцэслэн баталлаа. Ингэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн барьсан хувилбарыг бараг өөрчилсөнгүй. Цөмийн энергийн газрыг татан буулгахаар болж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэснийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам байхаар шийдвэрлэлээ. Мөн Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан МХЕГ-ыг Шадар сайдын мэдэлд шилжүүлэв. Ийнхүү нэг яамны нэрийг нэмж тодотгосныг эс тооцвол төсөл бүхэлдээ дэмжигдэж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар 19 сайд, 15 яамтай ажиллахаар боллоо. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газрын гишүүнээр ажиллах хүм үүсийг томилуулах саналаа өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө өргөн мэдүүлэхийг Ерөнхий сайдад сануулсан юм. Тус хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд төсвийн хүндрэл, эдийн засгийн хямралын байдлыг харгалзан төрийн захиргааны байгууллагыг аль болох цомхон, чадварлаг байлгах зарчим баримталснаа онцолсон. Энэ хүрээнд эхний ээлжинд 460 гаруй орон тоо цөөлөх замаар 13 тэрбум орчим төгрөг хэмнэхээр тооцсон байна.

Цаашид төрийн 57 байгууллагыг нэгтгэх, татан буулгах, аж ахуйн тооцооны зарчимд шилжүүлэх замаар цэгцлэхээр төлөвлөж буй гэлээ. Гэхдээ зөвхөн яамдын хэмжээнд хэмнэлтийн талаар ярих бус тогтолцоогоор нь, өргөн хүрээнд харж ажиллахаа ч мэдэгдсэн юм. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар гишүүд дараах байр суурь илэрхийлж, Ерөнхий сайд асуултад нь ийн хариуллаа.

Ц.Оюунгэрэл: -Хэмнэлтийн зарчим баримталж ганц яам татан буулгасан нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам. Ингэхдээ тус яамны чиг үүргийг нь хэд хэдэн яаманд харьяалуулж, үндэсний дархлаа болсон соёлын асуудлыг ор тас орхигдуулсан нь харамсалтай. Энэ бол Монгол гэсэн онцгойрол, соёл руугаа халдсан бурангуй үйлдэл. Энэ Засгийн газар “бурангуй шийдлийн” гэсэн тодотголтой байх учиргүй. ССАЖЯ-ыг ядаж 2-3 жил үргэлжлүүлэн ажиллуулах ёстой. Эдийн засгаа солонгоруулна гэчихээд ингэж болохгүй. Спорт, аялал жуулчлалын салбарыг хамгийн хүнд сурталтай Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн яаманд харьяалуулсан нь буруу. Ачааллаа дийлэхгүйн улмаас хүнд сурталд идэгдэж буй яамдад нэмж ачаа үүрүүлэх нь асуудал шийдэх арга биш. Гэтэл манай яам хүнд суртлын үзүүлэлтээр хамгийн эерэг үзүүлэлттэй гарсан. Бид төлөвлөснөөсөө 2.6 тэрбум төгрөгөөр илүү орлого төсөвт төвлөрүүлсэн. Гэвч сайд, яамдын тоо нэмэгдсэн байна.

О.Баасанхүү: -Монгол Улсын сайд гэж бий болоод байгаа нь бусад сайдыг Монгол Улсынх биш юм шиг харагдуулахаар байна. Эсвэл бусад нь УИХ-ын сайд байх юм уу. Тахарын алба, Цөмийн энергийн газрыг татан буулгахыг дэмжихгүй. Бид хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын бүтцээ шинэчлэн баталсан. Тахарын алба, Боомтын нэгдсэн захиргаа гэх бүтцийг бий болгосон хуулийг мөн жил хүрэхгүй хугацааны өмнө баталсан шүү дээ. Ингэхэд энэ бүтцийн жинхэнэ зохиогч нь хэн юм бэ. Мэдлэгт бус амбийц, албан тушаалд суурилсан Засгийн газар бүрдэх нь.

Су.Батболд: -Энэ удаа үндэсний зөвшилцлийн маягийн Засгийн газар бүрдэхээр байна. Ийм Засгийн газрын үед тодорхой асуудлаар эрсдэл гаргахад сануулавх үрдэг. Төсөв хэмнэх зарчим баримталж байгаа ч манай нийт төрийн албан хаагчийн тоо Японы нэг яамны хэмжээнд ч хүрдэггүй. Төрийн албан хаагчдыг хэт ад үзэж, хэмнэлтийн горимд ажиллуулах нь юу ч хийдэггүй, хариуцлага хүлээдэггүй байдалд хүргэх вий. Боомтын нэгдсэн захиргаа юу хийх нь тодорхойгүй байна. Мэргэжлийн хяналт, хил, гааль гээд бүх салбарын ажилд хутгалдаж байна. Бид буруу зүйл хийсэн бол засах ёстой. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэрэнд “ногоон хөгжил” гэсэн үгийг оруулах нь зүйтэй.

М.Батчимэг: -УИХ-д суудалтай намууд эвсэхийн тулд эвссэн гэж бодохгүй байна. Улс төрийн намын эрх ашгаас улс орны хувь заяаг илүүд үзэх шаардлагын үүднээс хамтарч байна гэж ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулиа өөрчл өх, парламентын засаглалыг бэхж үүлэх, төрийн албаны шинэтгэл зэрэг хэд хэдэн тодорхой асуудлыг 2015 онд багтаан шийдэхийн тулд хамтарснаа өглөө бүр санадаг байх учиртай. Үүнийгээ бүх намын гишүүд нь байнга шаарддаг байх ёстой. Хэд хэдэн байгууллагыг татан буулгах саналаа Ерөнхий сайд буцаан татаж, тооцоо, судалгаатай оруулж ирэх шаардлагатай. Энэ бол УИХ-аас баталсан хуулийн хүрээнд байгуулагдсан бүтэц. Өөрөөр хэлбэл, үүгээрээ Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна. Гэтэл тухайн байгууллагын чиг үүрэг алдагдаж байгаа нь хуулиас илүүтэй хувь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой.

Н.Батцэрэг: -“Шударга ёс” эвслээс Засгийн газар хоёр Шадар сайдтай байх санал тавьсан. Ийм жишиг бидний түүхэнд бий. Гэвч бидэнд хайхрамжгүй, хүндэтгэлгүй хандсан. Яамгүй сайд бусад салбарын яам, сайдтай хэрхэн харилцах нь тодорхойгүй байна. Жишээ нь, уул уурхайн томоохон төсөлд Монгол Улсын сайд болон Уул уурхайн сайд ямар чиг үүрэгтэйгээр хамтран ажиллах юм бэ. Ер нь энэ их ажлын ард яамгүй сайд Ажлын албаны хэдэн хүний хамт гарахгүй. Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа хэлж байсанчлан сайд бүр салбартаа Ерөнхий сайд байх зарчим алдагдана. Тиймээс энэ бүтцийг дэмжихгүй.

З.Баянсэлэнгэ: -Зөвшилцөх нэрээр бусдын тогоо руу өнгийж болохгүй. Зөвшилцлийн явцад манай бүлэгт АН-ын фракц мэт хандаж байна. Зөвшилцлийн хүрээнд манай бүлэгтэй ердөө хоёр удаа уулзсан. Өнөөдөр өглөө (өчигдөр) Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшилсон нь ч АН болон МАН-ынхнаас болсон. АН болон “Шударга ёс” эвслийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа цагт манай эвслээс Шадар сайд томилох ёстой. Ингэж ярьж байгаа нь сандал ширээтэй зууралдаж байгаа мэт харагдаж болох ч энэ бол улс төрийн намын нэр хүндийн хэрэг. Тахарын алба, Цөмийн энергийн газрыг татан буулгахдаа анхааралтай хандах шаардлагатай. “Монгол Улсын сайд” гэсэн нэр томьёог ч нягтлах хэрэгтэй.

С.Дэмбэрэл: -Соёлын талаар хэлж буй Ц.Оюунгэрэл гишүүний саналыг дэмжиж байна. Соёлоор дамжуулж бүтээгч эдийн засгийн сууриа тавьчихаад одоо яамыг нь татан буулгаж болохгүй. Тахарын албыг татан буулгах бус орон тоог нь цөөлөх бодлого баримталбал яасан юм бэ. Боомтын нэгдсэн захиргааны үйл ажиллагаа хувь хүнээс болж доголдож байгаа. Яамгүй сайдын нэр томъёог ч дахин бодох хэрэгтэй.

Х.Тэмүүжин: -Зардлаа багасгана гэчихээд Засгийн газар нь данхайж байна. Хэмнэлтийн золиос нь Тахарын алба болох учиргүй. Хүний эрх, шударга ёсны үзүүлэлтээ ахиулахын оронд хэд хэдэн сайдын суудал нэмж байгаа нь буруу улс төр. Одоо ачааллаа даахгүй байгаа цагдаагийн байгууллагад Тахарын албаны чиг үүргийг ногдуулах нь ажлын чанарыг улам муутгана. Ерөнхий сайд аа, би танд “Хууль зүйн салбарыг урагшуулдаггүй юм гэхэд ухрааж болохгүй” гэж захиж байсан. Зөвшилцөл нэрээр хүний эрх, шударга ёсыг живүүлэх гэж байна. Үнэхээр гутаж байна.

М.Батчимэг: -Х.Тэмүүжин гишүүн ээ, тийм юм байхгүй.

Д.Эрдэнэбат: -Намууд ойлголцох гэж хичээж байгаа нь харагдаж байна. Зөвшилцөл нэрээр сандал, ширээтэй зууралдлаа гэж ярьж байгаатай санал нийлэхгүй байна. Ерөнхий сайд хүсэл эрмэлзэл, бүрэн эрхийнхээ дагуу оруулж ирсэн бүтцийг аль нэг нам шүүх эрхгүй. Үндсэн хуулиар олгосон Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдах ёсгүй. Цөөн хүний лообий, үл ойлголцлыг УИХ-д оруулж ирэх ёсгүй. Зарчимтай байх ёстой. Ажлын хэсгүүд сайн ажилласан.

Н.Энхболд: -Дэмжиж байна. Өнгөрөгч сонгуулийн үр дүн бол аль нэг нам дангаараа төр барьж, дураараа дургихыг үл зөвшөөрсөн хэрэг. Ард түмний энэхүү захиалга одоо хэрэгжиж эхлэх гэж байна. Цаашид олон хэцүү зүйлтэй тулгарна. Тэр болгонд зөвшилцөл хийгээд тулгамдсан том асуудлуудын ард хэрхэн гарах тухайгаа бодох ёстой. Магадгүй энэ сонголтыг хийхэд хамгийн их алдах зүйлтэй нь Ардын нам байсан байх. Гэвч бид хамтарч шийдэхийг зөвшөөрсөн.

Р.Гончигдорж: -Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу байгууллагуудыг татан буулгаж болохгүй. Холбогдох хууль нь хүчингүй болж байж л дээрх гурван байгууллагыг татан буулгана. Энэ удаа үүнийг хэлэлцэхгүй байсан ч Засгийн газрын бүтэц, бүрэлдэх үүнийг батлахад саад болохгүй. Мөн Шадар сайдын түвшинд намуудын тэнцвэрийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэхэд анхаарах ёстой.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Бид яам үйлдвэрлээгүй. Яам, сайд нарын тоо өмнөх жишгээс хэтрээгүй. Мөн соёлын бодлогогүй боллоо гэж бүү ярь. Тус яамны хэрэгж үүлж байсан бүх чиг үүргийг үргэлжл үүлэх болно. Хамтарч байгаа тохиолдолд бэрхшээлтэй тулгарах нь гарцаагүй. Гэвч гишүүд та бүхэн асуудлыг том зургаар хараасай гэж хүсэж байна. Тэгвэл одоо шүүмжилж байгаа жижиг асуудлууд ч зөв болж харагдах юм. Хийх юмаа олж ядсандаа зарим байгууллагыг татан буулгах гээгүй. Удахгүй төрийн 60 орчим байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай болгох цогц төсөлтэй хамт дээрх гурван байгууллагын асуудлыг хамтатган хэлэлцье.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар Ерөнхий сайд, Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн 19 гишүүнтэйгээр ажиллана. Үүнд:

1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд

2. Гадаад хэргийн сайд

3. Сангийн сайд

4. Хууль зүйн сайд

5. Аж үйлдвэрийн сайд

6. Батлан хамгаалахын сайд

7. Барилга, хот байгуулалтын сайд

8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

9. Зам, тээврийн сайд

10. Уул уурхайн сайд

11. Хөдөлмөрийн сайд

12. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

13. Хүнс, хөдөө аж ахуйн сайд

14. Эрчим хүчний сайд

15. Эрүүл мэнд, спортын сайд

16. Монгол Улсын сайд

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.64 Эрх барьж байгаа намууд өөрсдийгөө эрх мэдэл албан тушаал суудлаар шагнаж байгаагийн бас нэг илрэл