ЦЕГ-ын шинэ дарга газар хэлтсийн дарга нараа томиллоо

2014 оны 12 сарын 05

  ЦЕГ-ын шинээр томилогдсон дарга Р.Чингис уржигдар нэлээд орой болтол зөвлөлийн гишүүдээ хуралдуулж, зарим газар, хэлтсийн дарга нараа томиллоо. Тухайлбал, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар хурандаа Б.Буянтөрийг томилж, Б.Амгаланбаатарыг чөлөөлөв. Б.Буянтөр нь Р.Чингисийг ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байх үед нэг тасгийнх нь дарга байсан юм. Харин өөр нэг тасгийнх нь даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргын албанаас чөлөөлж, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга болгожээ.

Хурандаа Б.Амгаланбаатарыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн даргаар томилсон бол ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар хурандаа Г.Бадарчийг тавьсан гэнэ. ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт хариуцсан дэд даргын албан тушаал эзгүй нэлээд удсан. Уг албыг Хууль сахиулахын их сургуулийн дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал, хурандаа Д.Амарсайхан хариуцахаар болсон байна. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын даргаар өмнө нь тус албыг хашиж байсан, хурандаа Б.Ганзориг томилогдсон бол Тусгай ажиллагааны хэлтсийн даргаар хурандаа Б.Алтанбагана очжээ.

Б.Алтанбагана өмнө нь нэг ажилтнаа зодож гэмтээсэн гэх хэл аманд орооцолдож байсан бөгөөд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн ангийн анд гэдэг. Мөн ЦЕГ-ын Лицензийн төвийн дарга, хурандаа П.Өлзийсайханыг ЦЕГ-ын Автобаазын хэлтсийн дарга болгож, түүний оронд Банк, дипломат байгууллагын хамгаалалтын хэлтэст ажиллаж байсан Эрдэнэцацралыг томилов. Энэ мэтээр нэлээд олон өөрчлөлт, томилгоо хийсэн гэнэ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД