ШАТАР, ШАТАРЧДЫН ТУХАЙ ДАХИН ӨГҮҮЛЭХ МИНЬ

2014 оны 12 сарын 04

ЖИМ, ЗАМ

Монгол Улс бөмбөрцгийн спортын өнөр бүлд өөрийн гэсэн байр суурьтай нэгэнт болсныг олимп, дэлхий, тивийн наадам, тэндээс тодорсон аваргуудын амжилт, ялалт бэлхнээ илэрхийлнэ. Ер нь орчин үеийн спортын уралдаан тэмцээнд чухам спортын аль төрлийнхөн тэр амжилт, ялалтын жим, замыг гаргасныг зарим тамирчин огт мэдэхгүй явааг зөвтгөх, бас буруутгахад хэцүү. Иргэн болгон эх орныхоо түүхийг мэдэж байх учиртайн адил тамирчин бүр спортын хөгжлийн явц, хандлага, түүхийг гадарладаг болмоор. Үүний тул шатар, шатарчдын тухай эхлээд түүхэн баримт өгүүлье. Монголчууд өнө эртнээс шатар, хөлөгт тоглоомоор оюун ухаанаа хөгжүүлж ирсэн уламжлалтай. Шатар монголоос үүсэл гаралтай байх нэг биш магадлалтай. Энэ нь жич сэдэв. Орчин үеийн, нийтийн гэж зарим нь тодорхойлдог шатар 1930-аад оноос манай оронд дэлгэрч эхэлсэн байна. Монгол шатар, нийтийн шатар хоёрын тоглолтын дүрэм, журмын ялгаа нь багахан. Тиймээс шатрыг хөгж үүлж, шатарчдыг сургахад дөхөмтэй хөрс манайд бэлэн байж. 1934 онд шатрын сэдэвт бичлэг «Монгол ардын үндэсний соёлын зам» сэтгүүл, «Ардын эрх» сонинд гарч эхэлжээ. 1934 оны зургадугаар сард Холбоот Орос Улсын бүх Сибирийн шатарчдын тэмцээн Эрхүүд болоход Монгол Улсаас Л. Санжаажамц, Ч. Дашням нар оролцоод ирсэн нь Монголын тамирчид гадаадад уралдаан тэмцээнд ороцох гараа болжээ. Түүнээс хойш 80 жил өнгөрч байна уу! Монголын шатрын холбоог мөн л 1934 онд анхлан байгуулсан түүхтэй Спортын холбоод одоо хэд болсон билээ. Ууган нь шатрын холбоо. Улсын аварга шалгаруулах анхны тэмцээн шатраар 1948 онд Улаанбаатар хотод эхлэхэд Тээврийн яамны сайдаар ажиллаж явсан Д. Намсрай түрүүлжээ. Монголын тамирчдаас спортын мастер цолтны №1 үнэмлэхийг 1950 оны шатрын аварга, зохиогч Ц. Цэдэнжавт олгосон байдаг юм. Монголын шатрын холбоо 1955 онд дэлхийн шатрын холбооны гишүүн болсноос хойш гурван жилийн дараа волейболын холбоо, таван жилийн дараа тэшүүр, дугуйнхан олон улсын холбоонд элссэн бүртгэл хөвөрнө. Улаанбаатар хотод 1956 онд ЗХУ, БНХАУ, БНАГУ, БНБАУ, БНУАУ, БНСРУ, БНСЧСУ-ын долоон шатарч ирж, БНМАУ-ын 9 тамирчин нийлж тойргоор олон улсын тэмцээн анх зохион байгуулжээ. Өгүүлэн буй тэмцээнийг шатрын мастер, улсын аварга нийтлэлч Ш. Пүрэвжав,

-Монгол оронд төдийгүй Ази тивд болсон анхны олон улсын тэмцээн хэмээн бичсэн бий. Түүнээс хойш есөн жилийн дараа манай эх орны нийслэлд хоёр дахь удаа болсон шатрын тэмцээнд ЗХУ, БНБАУ, БНПАУ, БНСЧУаас нийт есөн шатарч манай естэй нийлэн өрсөлдсөн билээ. Тухайн тэмцээний нэг онцлог нь шатарчдын хамгийн өнд өр цолтон их мастер В. Антошин, Л.Шамкович (ЗХУ), үлдсэн долоон зочин бүгд ОУМ оролцсоных. Бас нэг онцлог нь олон улсын их мастер Леонид Александрович Шамковичийг монголын мастер Түдэвийн Үйтүмэн ганцаараа хожсныг хожуу ч онцлон тэмдэглэе. Үйтүмэн гэснийх ахиад баримт бичье. Монголчууд 1956 оноос дэлхийн шатрын олимпиадад анхлан оролцсон. 1960 оны Лейпцигийн олимпиадад дөрөвдүгээр ширээнд өрсөлдсөн Л. Мягмарсүрэн, 1964 оны ТельАвивийн олимпиадад хоёрдугаар ширээнд өрсөлдсөн Т. Үйтүмэн нар ширээ ширээндээ түрүүлж эх орныхоо нэрийг дуурсгаж явсныг мартамгүй.

АМЖИЛТЫН БУУХИА

Азийн бүсийн тэмцээнд түрүүлсэн Л. Мягмарсүрэн (1966 он), Т. Үйтүмэн (1969 он), С. Хандсүрэн (1972 он), Ц. Батцэцэг (1990 он), Б. Мөнгөнтуул (2009 он) нарын нэрийг бичихэд л анхдагчийн амжилтын буухиа үргэлжилсээр. Дэлхийн аваргатай өрсөлдөгчийг шалгаруулах бүс хоорондын тэмцээнд өрсөлдөх эрхийг С.Хандсүрэн (1961 он), Т. Цэнд (1964 он), Т. Үйтүмэн (1970 он), Ц. Батцэцэг (1991 он) оюуны бяд уран чадвараараа уулгүй талд цусгүй дайтан олж авцгаасан намтартай. Бүсээс шалгарч бүс хоорондын тэмцээнд 1970 онд Т.Үйтүмэн анхлан оролцсон. Ахмад шатарчдынхаа үлгэр жишээний нөлөөгөөр хүүхэд залуус тив, дэлхийд чамлалтгүй сайн өрсөлдөж сайхан амжилт гаргасаар л байна. Өнгөрсөн зууны нэгэн амжилтаас эхлээд бичих нь зүйтэй биз ээ. Г. Эрдэнэ гэдэг жаал 1998 онд Өсвөрийн шатарчдын Азийн аварга болоод ирэхэд олон хүн баярлаж, зарим нь гайхаж, нэг хэсэг нь ухаарч хүүхдийг чамлалгүйгээр шатар зааж эхэлсэн шүү дээ. Г.Эрдэнийн үлгэр жишээний өгөөж арваад жилийн дараа олонд мэдэгдэж эхэлсэн. Тухайлбал Д. Номин-Эрдэнэ (2010 он), Е. Төгстөмөр (2010 он), Б. Баярмаа (2013 он), Г. Амартүвшин (2013 он), Б. Мөнхзул, Б. Энхлэн, Д. Өнөрзул, Д. Мөнхзул нар (2014 он) тивийн аваргын алтан медальтан болцгоогоод байна. Дэлхийн аварга цолтой өсвөр шатарчид бас олшрох нь ээ. Бүр 2001 онд дэлхийн аваргын тэмцээнээс Б. Мөнгөнтуул хүрэл медаль авсан тухай мэдээг сонсож суухдаа хэдэн жилийн дараа өсвөрийн шатарчид минь дэлхийн аварга болохыг тааварласан хүн хэд бол. 2010 онд өсвөрийн шатарчдын дэлхийн аварга болсон Д.Номин-Эрдэнийн амжилтын буухиаг энэ 2014 онд Д. Мөнхзул охин үргэлжүүллээ.

Дэлхийн аваргын алдрынхаа өмнө сурагчдын, сонирхогчдын гэх тодотголтой шатарчид бас байна, Монголд минь. Сонгодог шатраас гадна сүүлийн үед өсвөрийн үеийнхэн рапид, блицийн төрлөөр оюун ухаанаа сорьдог болсноор тив, дэлхийн медальтан Монгол хүүхдүүд тавь дөхснийг шатрын сэтгүүлч Л. Тогоохүү тодотгосон. За, тэгээд өсвөр үе нь өсөөд залуучуудтай өрсөлдөх нь мэдээж. Монголын залуу шатарчид дэлхийн үеийнхэнтэйгээ өрсөлдсөөр бас л аваргын алтан медальтай болчихоод байгаа нь бидний бахархал мөнөөс мөн биз дээ. Тэд хэн билээ. Мөнөөх Мөнгөнтуул тэрг үүтэн. 2010 оны есдүгээр сард Швейцарийн Цюрих хотноо дэлхийн оюутан шатарчдын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын давхар ялалтаар өндөрл өж байв. Монголын Мөнгөнтуул хувийн амжилтаараа 9 өргөөс 7 хожлоор түрүүлэн аваргын нэг алтан медаль авснаа багийн тэмцээний амжилтаар Б.Гүндаваа, Т.Батчимэг нарынхаа хамтын чармайлтаар, хамтын амжилтаар гурвуулаа аварга багийн алтан медалийн эзэд болсон нь гайхамшигт ялалт. Хоосон магтаал, сүржин тодотгол бичсэнг үй ээ! Гайхамшигт гэдгээ ч тодруулмаар байна. Дэлхийн өч төчнөөн аваргатай Гүрж, ОХУ-ын залуучууд хүрэл, мөнгөн медаль авч, Хятад, Украйн зэрэг хүчтэй багийнхан Монголчуудын алтан медалийг барьж үзэхийг хүсч зогссон нь мэдээж. Тиймээ. Орчин үеийн спортын олон төрлийн анхдагчийн жим, замыг эх орондоо гаргасан шатрын өсвөр болон залуу үеийнхний амжилтын зах зухаас энэчлэн үргэлжлүүлээд бичиж ч болохоор байна. Харин насанд хүрэгчдийн амжилт юу билээ. Б. Мөнгөнтуул дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг удаа оролцсон. Түүнээс өөр дэлхийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээнд шатар нүүсэн Монгол иргэн хараахан тодроогүй байна. Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг хоёр цомын тэмцээнд нүүж үзээд байгаа, Их мастер Д.Шаравжамц, Б.Хатанбаатар хоёр «дүү нартай» болсон гээд сэтгэлээ амрааж болох талтай.

БОЛОМЖИЙГ БОДИТОЙ БОЛГОХСОН

Монгол түмний оюуны нөөц гэж нэг сайхан зүйлийг мартамгүй. Ганцхан Завхан аймагт 10 мянган хүүхэд шатар тоглосныг зурагтаар түм түмэн нүд харж, бум буман чих сонслоо. Сумаараа шатарчин хамт олон ч бий, байсан. Дээр хэлсэнчилэн шатар хөгжих, шатарчид торних хөрс бэлээхэн байна аа. Энэ асар их боломж биз дээ. Сүрхий сайн хүүхдүүдийн амжилт санаснаар, олны хүлээснээр хурдтай ахихгүй зогсох юм даа. Үүнийг зогсоохгүй ахиулахад зохион байгуулалт, сургалт, бодлого хэрэгтэйг тал талаасаа анхаармаар байна. Уул нь шатрын холбоо бодлого боловсруулаад зохион байгуулалтад орвол дэвшил гарч болохыг жүдо, чөлөөт, боксынхон «шатар ахдаа» үзүүлээд байна. Үнэндээ Монголын шатрын холбоо өөдтэй ажиллаж чадахгүй байгаагаа өөрсдөө харуулж, тамгаа бие биендээ бэлэг шиг өгдөг болов. Сургалтыг эрхэм болгоё гээд хүчээ нэгтгэвэл нөөц бас бий. Шатрын багш дасгалжуулагчийн мэргэжлээр ЗХУ-д суралцаж төгссөн П.Жигжидсүрэн, Ж.Лхагва, Ц.Лхагвасүрэн бас Б. Мөнгөнтуул нарын идэвхийг сэргээж, эх орон нь үүрэг дааллгавар өгвөл тэд бензин дууссан гэж хэлэхгүй нь баймаар юм. Тэдний хүч мөхөсдвөл өөр хувилбар байхыг үгүйсгэхгүй. Удмаараа шатарч Нямаагийн Түвшинтөгс хүүхдээ, зээгээ гадаадын мэргэжилтэнтэй хамтран дасгалжуулсны үр дүн харагдаж л байна. Доктор Д. Батхуяг охин Мөнгөнтуулаа бэлтгэсээр өдий зэрэгт хүргэлээ. Манайхан шатрын сургалтыг өнөөгийн түвшнөөс арай өөрчлөөд өгвөл шатарчин хүүхдүүдийн урам нь сэргэж амжилт нь ахих нь мэдээж. Бололцоог бодитой болгохыг шатрынхан надаас илүү бодох, шийдэх нь лавтай ч төдийл өн яарахгүй байх шиг ажиглагдах юм. Яарахгүй байгаа нь зөв болов уу, буруу болов уу? Цаг, цаг, цаг...

Р.ЧУЛУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД