М.АНХЦЭЦЭГ: НУЛИМСТАЙ БЭЛТГЭЛ ХИЙСЭН ӨДӨР ОЛОН БАЙГАА

2014 оны 12 сарын 04

Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олж авдаг хэмээн ардын зүйр цэцэн үг яасан үнэн үг юм бэ дээ. Аав, ээждээ анхны үр нь болж мэндэлсэн болоод ч тэр үү Анхцэцэг гэж эцэг эхийнхээ хайрласан нэрийг “Хүндийг өргөлтийн” хэмээх нэрээр хослуулан алдаршиж яваа Мөнхжанцангийн Анхцэцэгээр эдүгээ Монголын ард түмэн бахархаж байгаа гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Балчир жаахан 10 настайгаасаа хойш зургаахан жил энэ спортоор хичээллэж байгаа ч гэлээ Монголын хүндийг өргөлтийн түүхэнд аль хэдийнэ өөрийн түүхийг бичиж, хэний ч өмнө хэлэх үгтэй, хийсэн гавьяатай нэгэн болжээ. Дөнгөж 13 настайдаа ОУХМ цолны болзол хангаж байсан тэрбээр өнгөрсөн сарын 8-16-нд Казахстан улсын Алма-Аты хотноо болсон ДАШТ-д огцомоор 107, түлхэлттэй өргөлтөөр 124 нийт 231 кг-ыг өргөн багаасаа хамгийн өндөр амжилтыг үзүүлж, аравдугаар байрт шалгарсан юм.

Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний рекордыг 48 удаа шинэчлэн тогтоогоод буй түүний амжилтын буухиа эл тэмцээн дээр мөн үргэлжилсэн билээ.Тэрбээр МУГТ Н.Баярмаагийн эзэмшиж байсан огцом өргөлтийн Монгол Улсын рекордыг нэг кг-аар ахиулж шинэ амжилтын эзэн болсон юм. Энэ мэтчилэн залуу туйванчийн амжилтын тухай бичье гэвэл цаг, цаас чамгүй их орох шинжтэй.“Алдар” спорт хороо, “Үнэн анд” компанийн тамирчин ОУХМ М.Анхцэцэгтэй ярилцлаа.

-Өдгөө 16-хан настай ч гэлээ насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн шилдэг аравт шалгарсан таны энэ амжилт надад үнэхээр бахадмаар санагдаж байна. Саяхан болж өндөрлөсөн ДАШТ-ний талаар яриагаа эхлүүлье?

-Миний хувьд анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Манай багийнхны гаргах амжилт, олимпийн эрхэд нөлөөлөх учраас бид бүхэн тус бүрдээ хичээж байсан. Би нэг тамирчны ч атугай дээр гарч олимпийн эрхийн төлөө багтаа оноо нэмэрлэхийг зорьж оролцлоо. Тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан шилдэг тамирчидтай өрсөлдөн огцом өргөлтөөр зургаа, түлхэлттэй өргөлтөөр арав, нийлбэрээр шилдэг аравт шалгарсандаа баяртай байна. Тэмцээний өмнөх бэлтгэл дээр Ц.Хосбаяр багш “Өөртөө итгэ, чи чадна” хэмээн намайг хурцалж байлаа. Ямар ч үед багшийн заавар зөвлөгөө, захиж хэлсэн үгс санаанаас ер гардаггүй. Намайг сэтгэл санаагаар унахад хурцалдаг. Гаргасан алдааг минь засч өгнө. Загнуулах, магтуулах бүхий л цаг үед хэлж байсан үгс нь надад үргэлж сайхан санагдаж явдаг даа. Энэ жилийн дэлхийн аваргад манай багш хүндэтгэх шалтгааны улмаас явж чадаагүй. Тэр үед багшийнхаа хэлсэн үг, заавар зөвлөгөөг бодон тэмцээнд оролцсон. Цаашдаа сурах зүйл маш их байгаагаа мэдэрлээ.

-Энэ жилийн дэлхийн аваргад огцом өргөлтийн улсын рекордыг шинэчиллээ. Энэ үед медальт байрт шалгарснаас дутахааргүй баярлаж байсан болов уу?

-Огцомоор107 клограммыг өргөн манай үе үеийн хүндийг өргөлтийн тамирчдын амьд домог болсон, МУГТ Н.Баярмаа эгчийнхээ эзэмшиж байсан насанд хүрэгчдийн Монгол Улсын рекордыг нэг кг-аар шинэчлэн тогтоолоо. Энэ жилийн тэмцээнд нийт 500 гаруй тамирчин өрсөлдсөнөөс хамгийн залуу нь би байсан. Би одоо 16 настай. Тамирчны хувьд насанд хүрэгчдийн улсын рекордыг шинэчлэн тогтоосондоо маш их баяртай байна. Цаашид бэлтгэлээ улам сайн хийж, бүхий л хүчээ дайчлах маш их урам авлаа. Би ирэх жилээс л өсвөр наснаас хасагдана шүү дээ (инээв).

-Өдий хүртэл гаргаад буй таны амжилтын нууц юу вэ?

-Энэ бол ганц миний амжилт биш. Нэг зааланд бие биенээ дэмжин, урмын үг хэлж, заавар зөвлөгөө өгөн хамт бэлтгэл хийж буй манай тамирчдын бүгдийнх нь амжилт. Энэ амжилтад бүх тамирчдын хөлс хүч шингэсэн. Би ганцаараа зүтгээд хэзээ ч амжилтад хүрэхгүй. Өдөр бүрийн бэлтгэлээс бэлтгэлийн хооронд өөрийгөө хөгжүүлж, энэ спортод улам их татагдаж байна. Өнөөдөр тэдийг өргөчихлөө, маргааш яавал энэ амжилтаа ахиулах вэ гэж үргэлж бодож алдаа оноогоо цэгнэдэг. Танай сониноор уламжлан Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадорж, дасгалжуулагч Ц.Хосбаяр, гэр бүлийнхэн найз нөхөддөө болон манай холбооны үйл ажиллагааг үргэлж дэмжиж, хамтран ажилладаг “Сувинер Хаус”, “Үнэн Анд”, “Есүүдийн Батууд”, “Монгол жонш”, “Солонго Орд” зэрэг компаниудад нийт тамирчдынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье.

-Та арван настайгаасаа энэ спортоор хичээллэсэн. Хамгийн анх штангны гол өргөж үзэхэд өөрт тань ямар сэтгэгдэл төрж байв?

-Миний өвөөгийн ах хүндийг өргөлтөөр хичээллэдэг С.Доржханд гэдэг хүн байсан. Бас түүний хүү Д.Ихбаяр хүндийг өргөлтөөр хичээллэдэг. Д.Ихбаяр ахынхаа бэлтгэл хийж буйг харсаар байгаад л анх энэ спортоор хичээллэмээр санагдаж эхэлсэн л дээ. 2008 оны хавар 114-р сургуулийн н.Цэрэнням багшийн удирдлаган дор хүндийг өргөлтийн спортоор хамгийн анх хичээллэж эхэлсэн юм. Тухайн үед сургуулийн коридорт секц ордог байж билээ. Шинээр хичээллэж эхэлж байгаа 11-12 насны хүүхдүүдэд зориулсан долоон клограммын штангны голыг анх өргөж үзэж байсан юм. Арван настай жаахан охин долоон клограммын гол өргөөд тухайн үед үнэхээр баярлаж, өөрөөрөө бахархаж байлаа. Жаахан байсан болоод ч тэр үү их гоё санагдаж байлаа.

-Хүндийг өргөлтийн спорт эмэгтэй хүмүүс хичээллэхэд их хүнд спорт шүү дээ. Жаахан охиноо энэ спортоор хичээллэхэд танай эцэг эх хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Анх хичээллэж эхлэхэд манай аав ээж хоёр эмэгтэй хүүхдэд их л хүнд спорт шүү дээ гэж байснаа сүүлдээ намайг дэмжин Спортын төв ордонд Б.Гансүх, Т.Чулуунпүрэв багшид шавь оруулж, тууштай хичээллүүлж эхэлсэн юм. Удалгүй манайх гэрээрээ Дорнод аймаг руу нүүн би эмээ дээрээ үлдсэн юм. Манай аав Т.Мөнхжанцан Дорнод аймгийн 327-р ангид холбооны дарга, ээж Д.Мөнхчимэг ахлагч хийдэг.

-12 настай жаахан охин гэрийнхнээсээ үлдээд, спортоо хөөх шийдвэр гаргасан нь энэ спортын төлөө анхнаасаа хэрхэн сэтгэл зүрхээ зориулж байсныг тань илтгэж байна?

-Тухайн үед ийм шийдвэр гаргах үнэхээр хүнд байсан л даа. Хичээллээд удаагүй, ямар ч амжилт гаргаагүй байсан учраас гэрийнхэн юу гэх бол гэж санаа зовж байлаа. Манайхан бүгдээрээ намайг дэмжсэн. Дорнод аймаг хотоос 600 гаруй км-ийн зайтай. Байнга гэр лүүгээ явж чаддаггүй. Жилд нэгээс хоёр удаа л харьдаг. Заримдаа бэлтгэл ихтэй үед ганцхан удаа гэр лүүгээ явах ч үе бий.

-Гэрээ их санадаг байсан уу?

-Том болсон ч гэлээ гэрээ одоо ч гэсэн санадаг шүү дээ (инээв). Би дороо гурван дүүтэй. Айлын том нь. Утсаар гэрийнхэнтэйгээ байнга холбоо барьдаг. Аав, ээж хоёр заримдаа ажлаар хотод ирдэг.

-Энэ жилийн Нанжины хүүхдийн олимпод багаа төлөөлж оролцсон. Та ч тэднийхээ итгэлийг алдахгүйг хичээсэн. Гэвч медалийн оосроос шүүрээд алдсан?

-Монголын өсвөрийн эмэгтэй долоон тамирчин багаараа оноо цуглуулж тэмцээнд оролцох эрхийг надад олгосон юм. Нанжины олимпод огцом өргөлтөөр хоёрдугаар байрт, түлхэлттэй өргөлтөөр дөрөвдүгээр байрт нийлбэрээр дөрөвдүгээр байрт шалгарсан. Бага зэрэг бэртэл, хувийн алдааны улмаас санасандаа хүртэл амжилт гаргаж чадаагүй.

-Тэмцээний өмнө чамгүй жин хассан гэж сонссон. Энэ бас нөлөөлсөн байх.

-Найман кг хассан. Зарим спортын төрлүүдээр хичээллэж буй тамирчид жингээ хасах амархан байдаг. Харин манайх тийм биш. Нэг бэлтгэл дээр дээд тал нь 500 грамм л гардаг. Зөвхөн саунд сууж, хоолоороо жингээ хасдаг. Тэмцээний өмнөх дөрвөн өдөр жингээ хасч бараг хоол идэхгүй, халуун юм уухгүй орсон болохоор их ядарсан. Учир нь +63-д оролцьё гэхээр өөрөөсөө 30-40-ын жингийн зөрүүтэй тамирчидтай өрсөлдөх гээд байсан юм. Жингийн ялгаа их гарах гээд байсан учраас -63-д өрсөлдөхийн тулд жин хассан. Бэлтгэл дээр 120-130 килограммыг өргөдөг байсан ч тэмцээн дээр 115-ыг түлхэж чадаагүй. Ямар нэгэн тактикын алдаа гараагүй. Миний хувийн алдаа л их гарсан. Ядралт, гарны бэртэлтэй байсан учраас анхны захиалгаа багаар эхлүүлсэн.

-Санаанаас гардаггүй дурсамжтай тэмцээн гэвэл..?

-2009 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцон хүрэл медаль авч спортын дэд мастерын болзол хангаж байсан үе их сайхан санагддаг. Харин хамгийн их сэтгэлд тодхон үлдэж, ер мартагддаггүй тэмцээн бол 2013 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн. Зургаан оролтоо бүгдийг нь барин, маш их өрсөлдөөн дундаас шалгаран гурван тамирчинтай өрсөлдөн хүрэл медаль авсан юм. Нас өгсөж орсон учраас бүр их баярлаж байлаа. Би өсвөр, залуучуудын улсын аваргад тус бүр дөрвөн удаа, Ард түмний спартикиадын аварга, Азийн аваргын хошой мөнгө, “Нанжин-2014” залуучуудын олимпийн шагналт дөрөвдүгээр байрт орж байсан.

-Манайд бэлтгэл хийх орчин нөхцөл, материаллаг бааз хэр байдаг вэ?

-Одоогоос хэдэн жилийн өмнө эмэгтэй гол үнэхээр ховор байлаа. Гуравхан эмэгтэй гол дээр бэлтгэлээ ээлжилж хийдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд материаллаг бааз үнэхээр сайжирч байгаа. Энэ чинээгээрээ хүндийг өргөлтийн спортыг сонирхон, хичээлэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

-Аль сургуульд сурч байгаа билээ?

-МҮИС-ийн Хууль эрх зүйн ангид сурдаг. Гадаад, дотоодын тэмцээн уралдааны үеэр манай сургуулийн хамт олон намайг үргэлж дэмждэг.

-Хүндийг өргөлтийн спортоор хичээллэсэн тамирчид намхан нуруутай, бөөр нурууны өвчтэй болох эрсдэлтэй гэх ойлголт зарим хүмүүст байдаг?

-Зарим хүмүүс ийм ойлголттой явдаг нь үнэн. Миний энэ спортоор хичээллэх хүсэл төрж, хамгийн их татагдсан зүйл нь хүнд биеийн болоод сэтгэл санааны асар их тэсвэр хатуужлыг олгодог. Бусад спортоос ялгарах хамгийн том онцлог нь би зөвхөн өөрөө өөртэйгөө л өрсөлддөг. Өөрөө өөрийгөө ялж чадвал энэ спортоор амжилт гаргаж чадна. Үүгээрээ л бусад спортоос илүүтэй энэ спорт намайг өөртөө татсан даа. Одоо энэ спортынхоо төлөө сэтгэл зүрхээ зориулж явна.

-Шантарсан үедээ үүнээс өөр биед амар спортоор хичээллэсэн бол гэх бодол өөрт тань төрж бав уу?

-Шантралгүй яахав. Би одоо 17 хүрэх гэж байгаа. Энэ спортоор зургаан жил хичээллэж байна. Тамирчин хүнд амжилт амархан ирэхгүй шүү дээ. Асар их бэлтгэл, хөлс хүчээ урсгасны үр дүнд л амжилтад хүрдэг гэж боддог. Өөрийнхөө санасан жингээ өргөж чадахгүй шантран нулимстай бэлтгэл хийсэн өдөр олон байгаа. Нүдэнд нулимс цийлэгнээд бүх зүйлийг орхиод гармаар санагдаж ч байлаа. Тэр үед “Энэ бол зүгээр түр зуурын саад бэрхшээл. Зөвхөн надад биш бүхий л тамирчдад тулгарч байгаа” гэж бодон өөрийгөө зоригжуулан, даван туулж өнөөгийн амжилтад хүрсэн. Энэ бол миний амжилтын дөнгөж эхлэл. Би өмнөө маш том зорилго тавьсан. Үүнийхээ төлөө л өдий хүртэл зүтгэлээ. Үнэхээр их шантарч, болимоор санагдах үе надад олон тохиолдож байсан ч гэлээ өөр спорт сонгоё, тэр спортоор хичээллэсэн бол арай дээр байж дээ гэх бодол хэзээ ч төрж байгаагүй. Миний хувьд бусад бүх төрлийн спортоос эн тэргүүнд хүндийг өргөлтийн спорт л тавигдана.

-Ямар зорилго тавьсан юм бэ?

-Спортоор хичээллэж буй бүхий л тамирчид Олимпийн аварга болохыг хүсэж мөрөөдөн бэлтгэл сургуулилтаа хийж байдаг шүү дээ. Миний зорилго ч бас ийм. Энэ мөрөөдлийнхөө төлөө л зүтгэж явна даа. Бэлтгэлийнхээ үеэр цаг зав гарган дэлгэрэнгүй сайхан ярилцсан танд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.

Б.БУЯНДАЛАЙ