“ХАМГИЙН ШУДАРГА ХЭМЖҮҮР БОЛ ЦАГ ХУГАЦАА”

2014 оны 12 сарын 04

  Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэлийн урланд зочиллоо. Дүрслэх урлагийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг түүний бүтээлийн тоо мянгаар хэмжигдэнэ. Урландаа сургасан шавь нарынх нь тоо ч 200-г давжээ. Саяхан тэрбээр шавь Ц.Ган-Эрдэнэтэйгээ хамтран “Европоор аялсан нь” үзэсгэлэнг 976 галерейд гаргасан юм. Байгалийн зураач хэмээн алдаршсан түүний бүтээлд тод өнгө зонхилдог. Саарал өнгөнөөс зайлсхийж, бүхнийг тодоор харуулахыг зорьдог Ц.Нарангэрэл багш “Зураач, зураг хоёрын үнэлэмж цаг хугацааны уртад л тодордог” хэмээн ярьсан. Олон удаа үзэсгэлэн гаргаж, уралдаан тэмцээнд түрүүлэхдээ биш хойшид дурсагдаж, урт настай чанартай бүтээл туурвихын төлөө тэр амьдрал, уран бүтээлээ зориулж яваа. Ардын зураач Л.Гаваа агсны шавь тэрбээр багшийнхаа сэдвийг үргэлжлүүлэн байгалийн зураг дагнан зурдаг. Багшийнхаа урланд суралцсанаасаа хойш Чехийн Прага дахь Урлаг, архитектур, дизайны академийг төгсөж, 1991 оноос хойш Дүрслэх урлагийн дээд сургуульд ажиллаж буй.

-Хамгийн сүүлд гаргасан үзэсгэлэнгийнхээ зургуудыг та хэзээ зурсан бэ?

-2012 онд би Итали, Англи, Голландаар явж, буцахдаа Германаар дайраад Ган-Эрдэнэтэйгээ хамт машинаар аялсан юм. Германы хот, тосгоноор дайран 10 хоног явсан. Бавари, Мюнхен хүртэл явж, хотын байгалийг зурсан юм.

-Монголын үзэсгэлэнт байгалийг бүтээлдээ буулгадаг та Европын байгалийн онцлогийг хэрхэн тольдов?

-Зураач бидэнд аялангаа зураг зурахад хамгийн тохиромжтой тээврийн хэрэгсэл нь автомашин байдаг. Зогсох гэсэн газраа саатаж, байгальтай илүү ойр танилцана. Герман болон Европын хотуудын байгалийг ихэвчлэн зурсан даа. Хотын соёл, өнгө төрх, уламжлал гээд тэр бүхэн нүдэнд тусна. Хотууд нь өвөрмөц, сонирхолтой санагдсан. Зураач хүн Италид нэг удаа ч гэсэн хөл тавиад, зураад үзчих л хэрэгтэй юм билээ.

-Таны шавь нарын хэд нь дүрслэх урлагийн салбартаа үнэнчээр ажиллаж байна вэ?

-Би бараг 25 жил багшиллаа. Нарийн тоо гаргаагүй ч 200 гаруй шавьтай. Нэг ангийг арван хүүхэд төгсөхөд 1-2 нь л зураач болдог юм. Бусад нь чиглэлээ өөрчилж, амьдралын мөрөө хөөдөг.

-Өнөөгийн Монголын нийгэм, цаг үе зураач хүнд хэр ээлтэй байна вэ?

-Одоо бүх зүйл нээлттэй сайхан болжээ. Дэлхийн аль ч улсад очоод, хүссэн сэдэв, төрлөөрөө зурж болж байна. Зарим хүн өнгөрсөн зууныг илүү дурсаж, тэр цаг үе сайхан байсан гэж ярьдаг. Харин би санал нийлэхгүй. Тэр үед уран бүтээлч хүн багадсан гутал өмсчихсөн юм шиг л хавчигдмал байсан. Зөвшөөрөл авч зураг зурна. Намын болон үзэл суртлын хяналтан дор ажилладаг байлаа. Хэн нэгний таашаалд нийцүүлж, далайсан газар нь далд орж, далласан газар нь гарч ирж амьдрахын юу нь сайхан байдаг юм бэ. Одоо бол бүх “изм”-ээрээ чөлөөтэй зурж болно.

-Уран бүтээлч, зураач, яруу найрагчдад эрх чөлөө юунаас ч илүү үнэтэй байх аа?

-Бийр барьж, диплом өвөртөлсөн болгон зураач болдоггүй, хүнд ажил. Гэхдээ жаргалтай. Хэн нэгнээс хамаарахгүйгээр бүтээлээ туурвина гэдэг сайхан. Дуучин, жүжигчин хүн бол найруулагч, зохиолчоос хамааралтай ажиллана. Зураач тиймгүй. Бас тэтгэвэрт гарна гэж байхгүй. Үхэн үхтэлээ л зурж болно. Эрх чөлөө, эрүүл сэтгэлгээ байхад ажилласаар л байна.

-Гэхдээ Монголд олон зураач байдаг. Онцгой авьяастай нь ч бий, “явуургүй” болчихсон нэр төдий хүмүүс ч бий. Дүрслэх урлагийн салбар “бохирдлоо” хэрхэн цэвэрлэдэг вэ. Хоосон цэцэрхэж, өөрийгөө дөвийлг өгчид энэ салбарт хэр урт наслах боломжтой бол?

-Бүх зураач авьяастай юу гэвэл үгүй. Гэхдээ дагнасан төрөлдөө сайн, муу, дунд гэх мэтээр эрэмбэтэй байгаа. Зураач нарыг уралдуулж, тэр нь сайн, энэ нь муу гэж дүгнэдгийг би ойлгодоггүй. Спорт биш шүү дээ. Таван хүн уралдахад хэн нь түрүүлснийг тогтоох амархан. Харин бүтээлийн хэмжүүр энэ биш. Чамд таалагдаагүй ч өөр хүнд таалагдаж болно. Хамгийн шударга хэмжүүр бол цаг хугацаа л юм шиг байгаа юм. Цаг хугацааны аяыг дааж, жил өнгөрөх тусам тодордог зураач, зургийг л шилдэг нь гэж хэлж болно. Яруу найраг ч ижил байх. Түүнээс биш 100 хүн зогсоож шүлэг уншаад, алга ташилтаар нь хэмжиж, цаана нь хэдэн хүн дүгнэснээр яруу найраг, дүрслэх урлагийг хэмжихгүй.

-Зөвхөн ганцхан шүтэн бишрэгчтэй зураач байж болох уу?

-Байж болно. Би тийм нэгэн эмэгтэйн яриаг сонсож байсан. Америкийн зураач бүсгүй ганцхан фентэй. Тэр хүн нь шинэ бүтээл бүрийг нь худалдан авч, дэмжлэг үзүүлдэг учраас зураач хүссэн үедээ зурж, ажиллаж, аялж зугаалдаг. Ингээд л боллоо шүү дээ. Урлагийн таашаал гэдэг харьцангуй ойлголт юм даа.

-Бүтээлийн санаа олох, эсвэл зурах, судлахын алинд нь хамгийн их цаг хугацаа зориулдаг вэ?

-Шанаагаа тулж суугаад санаа хайдаггүй. Амьдрал дээрээс л олж харна. Байгальдаа очиж судалбар хийнэ. Эх үндэс нь л тэр юм даа. Аль нэгэнд нь их цаг зарцуулдаг гэж дүгнэх боломжг үй. Зарим үед байгальдаа хөгл өгд өөд шууд зургаа дуусгаж ч болно.

-Дуурийн дуучид алдартай тайзан дээр хөл тавихыг мөрөөддөг. Харин зураач нар юу мөрөөддөг юм бол?

-Зарим зураач олон улсын наадамд оролцож, биеннальд бүтээлээ сойхыг мөрөөддөг байх. Тэр ч буруу биш, зөв. Би олон зураг зурлаа. Мянгаар тоологдож байна. Одоо бол ганц ч атугай сайн юм хийгээд, үлдээчих юмсан л гэж боддог болсон.

-Танд очиж үзээгүй аймаг бий юү?

-Монголынхоо бүх аймгаар явсан ч, нүдээр үзээгүй байгалийн үзэсгэлэн, хөл тавиагүй сум суурин байлгүй яах вэ.

-Хамгийн олон удаа ямар газар нутгийг, эсвэл юуг зурж байсан бэ?

-Хүмүүсийн захиалгаар олон л зураг зурсан. Их зурсан гэвэл морьд байх. “Усан дээр бөөгнөрөөд зогсчихсон адуу их зурах юм” гэж хүмүүс хэлдэг.

-Ингээд хэлэхээр нь зураач Ц.Ган-Эрдэнэ та хоёрыг ижил сонирхолтой юм байна гэж дүгнэлээ.

-Магадгүй. Надаас “халдварласан” юм байдаг байх.

-Та Л.Гаваа багшаасаа хэр их “халдвар” авсан бэ?

-Авалгүй яах вэ. Багш бол бүр сайн “халдварлуулсан”. “Зураач болохоор урланд хөл тавьсан залуусыг мэргэжилдээ дурлатал нь өвчлүүлэх ёстой” гэж бид ярьдаг юм. Сайн өвчилж гэмээнэ сайн зураач болно. Багш минь намайг бүрэн “өвчлүүлсэн”. Манай ангид 10 хүүхэд төгссөнөөс зургаа нь зураач болсон. Энэ бол том үзүүлэлт шүү.

-Тэр үед энэ сургууль хаана байсан бэ?

-Гуравдугаар сургуулийн зүүн хойно цэцэрлэгийнх шиг жижиг байшин байсан. Одоо байхгүй л дээ. Тэнд байхдаа Хөгжим бүжгийн дунд сургуулийн харьяанд байгаад дараа нь Дүрслэх урлагийн дунд сургууль болон тусдаа гарсан.

-Багшдаа зориулж хамтарсан үзэсгэлэн гаргаж байв уу?

-Үгүй ээ. Уг нь болохгүй зүйлгүй. Одон, Пүрэвсүх, Дондог багшийн шавь нарын үзэсгэлэн гарч л байсан. Сайхан санаа байна. Гаваа багш цөөн шавьтай. Манай ангийг л албан ёсоор төгсгөсөн шүү дээ.

-Таны урланд орж ирээд будагны үнэрт бараг толгой эргэх шахаж байна. Харин та нар дасчихсан байдаг болохоор энэ үнэр нь дотно санагддаг байх даа.

-Бүр мэдрэхээ больсон. Зарим хүн айхтар үнэртэй байна л гэдэг юм. Аргагүй дээ, энд будаг, лак, будаг шингэлэгч л байна шүү дээ.

-Энэ хэрээрээ хортой байх даа

-Зарим зураач нар төрөл бүрийн харшилтай болдог. Хортой нөхцөлд ажиллаж байгаа шүү дээ, бид. График зургийнхан бол бүр тэр чигээр нь цинк гээд химийн хор ашигладаг. Хүнд мэргэжил гэдгийг нь харж байгаа байх.

Ц.Нарангэрэл багш зургаан хүүхэдтэй. Тэдний нэг нь аавынхаа мэргэжлийг өвлөн зураач болоод өдгөө Германд амьдарч буй. Гэргий нь нийтийн хоолны салбарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдлэн гэртээ суугаа. Гэртээ тогтохгүй урлан руугаа гүйдэг зураачийн гэргий байх амаргүй. Нэгэн зураачийн эхнэр “Манай нөхөр юм хийдэггүй ээ. Инээж наргиад л зургаа зураад суудаг юм” гэж ярьж байсан удаатай. Тэд “бүтээлдээ амьдарч”, бүтээлээрээ хөглөгдөж яваа “өөр хүмүүс”. Бидний мэдрэхүйг шагнадгийг нь бодоод энэ дутагдлыг нь өршөөхөд гэмгүй биз ээ.

Ж.СОЛОНГО

"Сайхан зун"

"Говийн айл"

"Хойд герман"

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД