ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧЕХ, СЛОВАК УЛСАД АЖИЛЛАВ

2014 оны 12 сарын 03

Чех, Словакийн зарим муж, хоттой ах дүү, найрамдлын харилцаа тогтоох, туршлага судлах зорилгоор Монгол Улсын Дундговь аймгийн засаг дарга С.Од-Эрдэнэ болон ИТХ-ын дарга С.Буджав тэргүүтэй Дундговь аймгийн төлөөлөгчид 2014 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 2-ны өдөр БНЧУ болон БНСлУ-д ажлын айлчлал хийлээ.  Энэхүү айлчлалын хүрээнд 11 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн төлөөлөгчид Словак Улсын Кошице мужийн захирагч Зденек Требул, Кошице хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд болон хотын захиргааны холбогдох удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийж Дундговь аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, аялал жуулчлалын салбарт болон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах нөөц боломжийг бий болгох чиглэлээр Кошице муж болон Кошице хоттой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсныг тус мужийн захирагч Зденек Требул талархан хүлээн авч манай хоёр улсын олон жилийн уламжлалт найрсаг түүхэн харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх зорилгоор Дундговь аймаг болон Мандалговь хоттой ах дүү, найрамдлын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. 

Дундговь аймгийн төлөөлөгчид Словакт хийсэн айлчлалын хүрээнд түүнчлэн Кошице хотын Техникийн их сургууль, Шаца хувийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахын сацуу Өндөр Татар хотын даргатай уулзалт хийж “Кочин”, “Адам” фермийн аж ахуйнуудад зочилж Словакийн эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй байран дээр нь танилцжээ.  Улмаар айлчлал БНЧУ-д үргэлжилж төлөөлөгчид Өмнөд Чехийн хязгаар буюу мужийн захирагчийн орлогч Я.Силва болон мужийн төлөөлөгчдийн хурлын гишүүдтэй уулзалт хийж Өмнөд Чех Дундговь аймгийн хооронд харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлээр санал солилцсон бөгөөд хоёр тал усан хангамж, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл болон соёл боловсролын чиглэлээр хамтран ажиллах боломж, хүсэл эрмэлзэл нийлсэн тул Дундговь аймаг Өмнөд Чехийн мужийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг ойрын үед байгуулахаар тогтсон байна. Энэхүү санамж бичигт багтах тодорхой хамтран ажиллах салбар, хамтын ажиллагааны хэлбэрийг Прага хотноо суугаа Монгол Улсын ЭСЯ-р дамжуулан хоёр тал тохиролцохоор болсон байна. 

Түүнчлэн Дундговь аймгийн төлөөлөгчид Чехийн хөдөө аж ахуй, хүнсний  үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэгч “Агромонт Вимперк” ХХК болон “Б.Г.М. экспорт” ХК-нийн удирдлагатай тус тус уулзалт хийж үнээний ферм, бага оврын сүүний болон махны үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна.  Энэхүү Чех, Словакт туршлага судлах, ах дүү, найрамдлын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэх орон нутгийн төлөөлөгчдийн айлчлалыг Прага хотноо суугаа Монгол Улсын ЭСЯ Словак улсад суугаа өргөмжит консул П.Славик болон Вена, Будапешт, Берлин хотноо суугаа Монгол Улсын ЭСЯ-дын дэмжлэг оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа.

 

http://mfa.gov.mn