АРДЧИЛЛЫГ МАНЛАЙЛАГЧИД УРАН ЗУРАГТ МӨНХӨРЛӨӨ

2014 оны 12 сарын 03

Одоогоос 24 жилийн өмнө Улаанбаатарт Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурал болсноор Монгол оронд түүхийн шинэ үе эхэлж буйг албан ёсоор зарласан юм. 1990 онд Сүхбаатарын талбайд өрнөсөн түүхэн үйл явдалд манлайлан оролцсон хүмүүсийг зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нар өнгө будаг хослуулан бийрийн үзүүртээ буулгажээ. МоАХ-ны ерөнхий зохицуулагч С.Зориг болон анхны өлсгөлөн зарласан эмэгтэй Ш.Нина, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын ардчилсан хувьсгалд манлайлж байсан хүмүүсийн хөрөг зураг болоод тухайн үеийн үйл явдлыг харуулсан уран зургийн үзэсгэлэнгээ тэд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ. Энэ сарын 10 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийн хамгийн анхаарал татсан онцгой бүтээл бол Л.Хадбаатарын “Ардчилсан хувьсгалыг түүчээлэгчид” юм.

Уг бүтээлд 1990 оноос хойших 40 гаруй үйл явдлыг хавтгай зургийн байрлалаар буулгажээ. Энэ зурагт нийт 400 гаруй хүний дүрийг гаргасан хэмээн зураач Л.Хадбаатар ярьсан. Түүний дөрвөн жилийн хугацаанд туурвисан эдгээр бүтээл Монголын анхны түүхэн уран зургийн үзэсгэлэн болж буйгаараа онцлогтой. Ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцож, тухайн цаг үеийн гэрч нь болсон хүмүүсийн тоонд зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нар зүй ёсоор багтана. Г.Нороврагчаагийн бүтээл үүд чөлөөтэй, орчин үеийн чиг хандлагатайн зэрэгцээ түүхэн цаг үеийг тусгаж чадсаныг мэргэжилтнүүд онцолж байв.

Р.Нороврагчаа “Их хөлөг цагаан нөмөр” бүтээлдээ тэрбээр гүн хөх, улаан өнгө хослуулж, цэнхэр морь дүрсэлсэн нь 1990 оны их шуурганы хохиролд өртсөн хүмүүсийг илэрхийлсэн юм байна. Тэрбээр “Морь зурдаггүй монгол зураач байхгүй. Миний зурсан морьд бол хүний төлөөлөл. Харин загасыг би туйлбаргүй гэж үздэг учраас эсрэг талын дүрд ашиглан бүтээлдээ дүрсэлдэг” хэмээв. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан энэхүү үзэсгэлэнг Соёл, спорт аялал жуучлалын яам, Соёл урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.13 Ardchilsan Hujaa nariin hurug yum biz dee.