ХӨГЖИМ ЗҮРХНЭЭС МИНЬ эгшиглэдэг

2014 оны 12 сарын 02

  “Дебют” булангийн зочин Д.Сундуйжавыг танилцуулъя. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай 116 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч энэ хүү цэцэрлэгт орохдоо “Casio”хөгжим тоглож сурчээ. Улмаар авьяасаа хөгжүүлж, мэргэжлийн төгөлдөр хуурчийн ангид суралцаж буй. Хорвоогийн өнгө будгийг харахгүй ч ертөнцийн ер бусын аялгууг мэдэрч илэрхийлэх авьяас түүнд бий. Тэр аав, ээж, эгчийн хамт амьдардаг. Айлын отгон хүү юм. Түүнийг хөгжимд дуртай болоход эгч нь их нөлөө үзүүлсэн аж. Эгч Д.Ариунзаяа нь Хөгжим бүжгийн коллежийн үлээвэр хөгжмийн ангид суралцдаг. Тиймээс орой болгон гэртээ хичээлээ давтдаг байна. Д.Сундуйжав хүү эгчийнхээ ямар нотоор хөгжим тоглохыг анхааралтай сонсож, хамт хөгжим тоглож сурчээ. Хөгжим тоглохоос гадна дуулах авьяасаа бусдад таниулж олон уралдааны алтан медалийн эзэн болж байсан бяцхан хүүг сургуулийнх нь багш нар сонсгол болон хурууны мэдрэмж сайтай, цаашид хөгжмийн олон төрлөөр хичээллүүлэх хэрэгтэй хэмээн эцэг эхэд нь зөвлөдөг аж.

-Дуу, хөгжмийн уралдаанаас олон удаа алтан медаль авч байсан түүхээсээ хуваалцахгүй юү?

-Жил бүр зохион байгуулдаг “Хаврын баяр, бидний баяр”-т 2010 онд анх оролцсоноос хойш жил дараалан алтан медаль авсан. Энэ жил “Би эстрадын дуучин” урлагийн XVII удаагийн наадамд “Мэдрэмжтэй дуучин” цомоор шагнуулж, дэд байрт шалгарсан. Уралдаанд оролцож байхад олон хөгжилтэй зүйл тохиолддог. Нэг өдөр тайзан дээр дуулах гээд зогсож байтал ард явах байсан хөгжим гэнэт эвдэрч багш нар маань их сандарсан. Тэр үе надад их хөгжилтэй санагддаг.

-Төгөлдөр хуураас өөр хөгжим тоглодог уу?

-Би хөгжмийнхөө бүх өнгийг мэддэг болохоор ямар ч хөгжим тоглоход хялбар санагддаг. Чөлөөт цагаараа сургуулийнхаа байранд төгөлдөр хуур, бөмбөр тоглох дуртай.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Би ирээдүйд эмч болохыг хүсдэг. Учир нь өвдсөн хүмүүсийг эмчилж, эрүүл саруул болгохыг мөрөөддөг. Хөгжим тоглож, дуулах нь надад хөгжилтэй санагддаг.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ