ҮСЭГ ТӨӨРЧ, ҮГ ЭЭРСЭН ЭЭДРЭЭТ ЦАГ

2014 оны 12 сарын 02

  Эрдэмтэн: Нөхөр О, та энд юу хийж байгаа билээ?

О үсэг: Доктор Дорлиг намайг энд орж зогс гэсэн шүү дээ.

Эрдэмтэн: Би аль эрт өөрийг чинь энд зогсох эрхгүй гээд тодорхой хэлчихсэн байх аа. Энд миний л дүрэм үйлчилдэг юм шүү. Хойшоо бай.

О үсэг: Одоо би тэгээд хаачих вэ. Энэ байранд овоо олон жил хамт зогссон Х чамд намайг өмгөөлж хэлэх үг байхгүй юу?

Х үсэг: Би юу хэлэх билээ. Өөрийнхөө байрыг хэн нэгэнд алдаж, өнөө дөрөв (ъ, ь, щ, й) шигээ адлагдах вий гэж айж сууна. Харин тэр Ч-гээс яаж тушаал дэвшиж, үгийн эхлэлийг өөрийн болгодог туршлагаас нь судал.

Ч үсэг: Би сайн мэдэхгүй байна. Араасаа “чирдэг” И үсгээ дагуулж явах гэж үймэрч байх зуур, надаар толгойлуулсан үгийн тоо нэгээр нэмэгдсэнийг дуулсан. Би Ц-гээс ичих л юм. Өдий хүртэл цээж гэж бичиж ирсэн байтал одоо чээж болчихлоо. Учрыг нь олох амаргүй л байна даа. Үсэг хэлтэй бол толгой мэдэн дураар дургих хэлний мэргэжилтнүүдийн өмнөөс ийн хэлэх байсан байх даа. Хэвлэгдсэн толь бичиг бүрт шинэ үг “нээж”, хэн нэгний санал болгосны дагуу дүрмээ шинэчилсэн нэр зүүсээр монгол хэл утгаа алдаж, талцлын бай, хэрүүлийн эх болж байна. Саяхан олон нийтийн сүлжээгээр түгж, багагүй шүүмжлэл дагуулсан “Түгээмэл хэрэглэгддэг гадаад үгсийн монгол оноолт” гээчийг уншигч та санаж буй биз ээ. Энэ жагсаалтын зарим хачирхалтай орчуулгыг хүргэе.

Аутсайдер- Гаднын хүн, үл хамаарагч

Аутсорсинг- Боломжит

Бейсбол- Модон бөмбөг, цохиурт бөмбөг

Бойкотлох- Үл тоомсорлох, үл ойшоох

Бонсай- Байгаль чимэглээч, цэцэрлэгч

Боулинг- Өнхрүүш, бөмбөлдэй

Брейк- Нахилзуур бүжиг

Волейбол- Торон бөмбөг

Зомби- Босоолон (Хүнд гэм хоргүй босоо ороолон)

Икебана- Цэцэгчин

Каратэ- Гар тулалдаан

Кимчи- Чимчиг

Комикс- Зургандай

Мюзикл- Дуу шуу

Нөөтбүүк- Зөөврийн цахимбар

Подвал- Зөөр

Секс шоп- Чалхын барааны дэлгүүр, хурьцлын барааны дэлгүүр

Фэйсбүүк- Цахисал, цахим санал, захиа

Хет трик- Дараалсан гурван ялалт

Хиппи- Этгээд, онцгой

Эврика- Хүүш ээ, тийм байна ш дээ, саналаа

Эротика- Хурьцахуйн

Энэ мэтээр орчуулга үргэлжилнэ. Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албанаас бэлтгэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн, багш нараар ариутган шүүлгүүлж гаргасан энэ жагсаалтад 878 үг бичигдсэн бөгөөд ясли гэдэг үгийг “Хүүхэд саатуулах газар” хэмээн орчуулснаар төгсчээ. Жагсаалтад байгаа үгийн заримынх нь оноолт байгаа олсон. Хачирхалтай нь, ССАЖЯ-ны цахим хуудаст гадаад үгний монгол оноолтыг байршуулсны зэрэгцээ иргэдээс энэ сарын 15 хүртэл санал авна гэчихээд өнөөдөр Төрийн хэлний зөвлөлийн хурлаар орчуулгаа хэлэлцэх гэж буй сурагтай. Энэ зөвлөл 18 гишүүнтэй бөгөөд тэд нь арайхийн бүрдэж, хурлын товоо тогтсон. Тэдний дунд хэлний мэргэжилтэй гурван хүн л бий. Түүнчлэн тус зөвлөлийн үндсэн чиг үүрэгт үгийг ингэж бичиж орчуулна гэж зааварчлахыг бус зөвлөмж гаргана хэмээн заасан байдаг аж. Тэгэхээр эрдэмтдийн санал болгосон энэ жагсаалтыг баримтлах эсэх сонголтыг та хийх нь.

Эрх чөлөөтэй гэхэд дэндүү дураараа монголчуудын хувьд Монгол хэлний тухай нэгдсэн бодлого, баримтлах зарчим байхгүй нь эндээс харагдана. Эрдэмтэн, доктор болгон нь өөрийн гэсэн дүрэм гаргаж, түүгээрээ нөгөөгөө үгүйсгэж байдаг. Гэтэл 1983 онд 64 дүрэмтэйгээр хэвлэгдсэн, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь бичиг”-т багтсан дүрмүүдээс нэгийг ч албан ёсоор өөрчлөөгүй байгаа. Хэн дүрмийг өөрчлөх эрхтэй, хэрхэн засварлах тухай ч нэгдсэн ойлголт үгүй.

Хэдэн жилийн өмнө БСШУЯ (хуучнаар 2011)-наас маргаантай үгсийг хэрхэн бичих тухай жагсаалт мөн гаргаж байсан. Яамнаас өгсөн чиглэлийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт ч шинэ жагсаалтад багтсан үг байраа эзэлж дээр хэлсэнчлэн цээж гэхийг чээж, бүжинг бөжин хэмээн бичих болсон. 700 үгтэй жагсаалт байдаг гэх ч тэнд 400 орчим үг бий хэмээн хэлний мэргэжилтэн хэлж байсан. Яамны мэргэжилтнүүдийн боловсруулсан жагсаалт улс даяар түгж чадаагүй ч эртнээс эргэлзээтэй бичигдсээр ирсэн эрвээхэй-эрвээхий, шавьж-шавж зэрэг үгийн маргаантай нийлж гал дээр тос асгасан мэт дуулиан болсон. Сургуульд элссэн хүүдээ хичээлийг нь зааж чадахгүй болсон эцэг эх бухимдсан. Сурсан дадсан бичлэгээ өөрчлөх болсон мэргэжилтнүүд дургүйцсэн.

35 үсгийн наана цаана нь оруулж, компьютерийн гар цохиж суудаг сэтгүүлч, зохиолч мэргэжилтэй олон хүн энэ маргаан дунд төөрөх нь олонтаа. Нэгнийх нь хэлсэн нь үнэнд илүү ойр, нөгөөгийнх нь үндэслэлтэй мэт санагдана. Сүүлдээ “манай сонины дүрэм”, эсвэл Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албанаас гаргасан зөвлөмж, С.Мөөмөө багшийн гаргасан Монгол хэлний зөв бичих дүрмийн толь гээд л олон эх сурвалжийн нэр дурдан өөр өөрсдийнхөөрөө бичих болсон.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичиг” гаргах тухай яриа өнгөрсөн хавраас эхтэй ч, өдгөө нам гүм болжээ. Энэ Ажлын хэсгийн гишүүн эрдэмтэн Д.Төмөртогоо гуай манай сонинд ярилцлага өгөхдөө “Би уг нь Ажлын хэсгийн гишүүн байсан. Одоо мөн, бишээ ч мэдэхээ байсан. Яагаад гэхээр ажил зогсчихсон. Миний бодлоор үүнд хоёр шалтгаан бий. Цахимаар баахан шуугиж, янз бүрийн сэтгэгдэл бичсэн нь болгоомжлох нэг шалтгаан болсон. Нөгөөтэйгүүр, үсгийн дүрмээ сольчихоор сургалтаа яах вэ гэсэн бөөн асуудал гарна, боловсролыг шинэчлэх биш, унагаасан хэрэгт орохоос болгоомжилсон байх” хэмээн ярьсныг санаж байна.

Цахим сүлжээгээр шүүмжлүүлсэн гээд төрийн ажил зогсдог бол энэ дэлхийн бүх улсад үймээн самуун гарах байсан биз ээ. Өдгөө хэлний эрдэмтэн мэргэд УИХ-ын гишүүн М.Батчимэгийн санаачилсан Монгол хэлний тухай хуулийн төсөлд нэлээд найдлага тавьж буй. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн шинэчилсэн найруулга болох энэ хуулийг УИХын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хайгаад олсонгүй. Ойрын үед хэлэлцэгдэхгүй бололтой. Тэгэхээр хүлээлт дахиад л үргэлжлэх нь.

Уг нь энэ хуулийн хэрэгцээ шаардлагыг хэн хүнгүй л ухамсарлаж байгаа. Өдий хүртэл монгол хэлний дүрмийг хэн баталж, хэрхэн мөрдөх тухай заасан хуулийн зохицуулалт байсангүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиогч бүр өөрийнхөөрөө боловсруулдаг учраас эцэг, эхийнхээ мэдэхгүй дүрмээр хүүхдүүд сурч, тэднээс өөрөөр бичиж дадаж байна. Өдгөө Монгол хэлний толь бичгийн тоо 30-д хүрсэн ч нэгдмэл шийдэл үгүйлэгдсээр байгаа. “Эх хэл маань амь тавин ангалзаж байна. Удахгүй соёмбоны хоёр загас ч мөн амь тавин ангалзана. Тэр цагт...” хэмээн нэгэн эрхэм фэйсбүүк хуудсандаа бичсэн байсан нь үнэнд ойр сонсогдоно.

Эх хэлээ авран хамгаалах, нэгдсэн ойлголттой болох тухай асуудлыг хэн нэгэн эрдэмтэн карьерынхаа гишгүүр болгон ивж явсаар өдий хүрлээ. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен рүүгээ ч чичлээд амжсан. Одоо бидний талцал хангалттай хэмжээнд хүрсэн биш гэж үү. Энэ хүргээд зогсооё. Хамтдаа хэлэлцээд эх хэлээ авран хамгаалъя.

Хэлээ дагнан судалдаг эрдэмтэн үгүй байна хэмээн нэг нь халаглаж, “Монгол хэл мөхөхгүй” гэж нөгөө нь тайлбарлаж, хууль л баталчихвал бүх зүйл шийдэгдчих мэт дээдсүүд “цэцэрхэж” суухад монгол хэлээр, кирилл үсгээр хэрхэн зөв бичихээ мэдэхгүй төөрөлдсөн түмэн дор чинь бужигнасаар л байна. Монгол хэлний дүрмийг хэдхэн эрдэмтэн талцаж, Төрийн хэлний зөвлөлийн 18 гишүүн арай ядан цуглаж хэлэлцэх биш бүх нийтийн оролцоотой байх хэрэгтэй бус уу. Мөхөж байгаа олон зуун хэлээс ялгаран үлдэж, түүхт улсынхаа өв соёлын илэрхийлэл болсон монгол хэлээ сахин хамгаалах эрхэм үүрэг хүн бүхэнд хамаатай.

Эрдэмтэд өөрийнхөө судалж, таньж мэдсэнээ хүмүүст хүргэх гэж хичээдэг ч эцсийн зорилго нь монгол хэлнийхээ төлөө байдаг гэдэгт итгэнэ. Тиймээс бид дараагийн удаа Төрийн хэлний зөвлөл, ШУА-ийн Хэл соёлын хүрээлэн, МУИС, МУБИС зэрэг сургуулийн эрдэмтэн багш нарыг редакцын уулзалтад урьж, их маргааныг хэрхэн цэгцэлж, амбийцаа дарж монгол хэлээ хэрхэн аврах тухай хамтдаа ярилцах болно. Үсэг нь төөрч, үг нь хэдэнтээ ээрч, учраа олохгүй төөрөлдөж яваа цөвүүн цаг дуусах биз. Бичиг соёл минь хойч үедээ хүрч, түүхээ тэрлэж мөнхрөх болтугай.

Ж.СОЛОНГО