Бидний дургүй сэдэв: ЖОРЛОН

2014 оны 12 сарын 02

  СОРУУЛНА, ЭСВЭЛ ХӨЛДӨХӨӨР НЬ ХАГАЛЖ АВНА

Зарим улс орон энэ тухай асуудлаа төрийн нууц адил нуугаад огт хэлдэггүй юм билээ. Магадгүй гайхуулаад байх зүйл биш болохоор тэр биз. Зарим нь тэгвэл хэрхэн эко болгож, хүн, байгальд ээлтэйгээр шийдсэн туршлагаа дэлхий нийтэд сурталчилсан шигээ суух. Харин манайд сөхөхийг огт хүсдэггүй, сонирхдогг үй, анхаарлын гадуурх сэдэв. Хийсэн судалгаа хуруу дарам цөөн, байгаа нэг нь хаа байсан хэдэн жилийн өмнөх. Гэтэл хүн амын талаас илүү нь төвлөрсөн нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрахтай холбоотой, хүн бүрт хамаатай нэн тулгамдсан асуудал болоод буйг бид анзаардаггүй, бас тоодоггүй. Энэ бол зундаа борооны устай холилдон гудамжаар урсдаг, өвөлдөө мөсөн каток болж, хавар нь хөрсөнд нэвчин, агаарт ууршиж, эргээд бидэнд өвчин болж тархдаг, стандартын бус жорлон, бохирын цооногийн тухай асуудал юм. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн 90 шахам хувь нь шаардлага хангахгүй жорлонтой гэсэн дөрвөн жилийн өмнөх судалгаа өмнө минь дэлгээтэй. 375 жилийн ойгоо тэмдэглэсэн хотын маань төдийгөөс өдий хүртэлх түүхэнд огт өөрчлөгдөөгүй, бахь байдгаараа байгаа ганц “амбаар” нь магадг үй энэ жорлон байж мэднэ.

Гандан, 100 айл, Дэнжийн мянгын айл өрхүүдийн хүнд хэлэхээс зовмоор нэг асуудал нь энэ. Жорлон ухах “эрүүл” газартай хөрс хашаанд нь үзээд өгье гэсэн ч байхгүй. Суллах, үгүй бол одоо байгаагаа булж, өмнөх дагтаршуулснаа дахин ухуулах хоёр л сонголт бий. Ихэнхдээ тэд зуны улиралд соруулах юм уу, өвөл тас хөлдөхөөр нь хага цохин шуудайлж хог дээр аваачиж хаядаг гэнэ. Ийм ажил эрэлт ихтэй байдгаас жорлон “цэвэрлэх” захиалга авдаг компаниуд ч нийслэлд бий болжээ. Нэг сайн суллаад авбал ойрын хэдэн жилдээ гар хүргэдэггүй гэж Ганданд амьдардаг нэгэн эр хээв нэг ярьж байна. Харин иргэд шуудайлсан “бохир”- оо хогийн цэгт аваачихаасаа залхуураад шөнө оройн цагаар гудамж, жалганд хаях тохиолдол мэр сэр гардгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтн үүд хэлдэг.

ГЭР ХОРООЛЛЫНХНЫ 85 ХУВЬ НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ЖОРЛОНТОЙ

ДЭМБ-ын тооцоогоор хүн өдөрт дунджаар 200 гр өтгөн, 1.5 литр шингэн ялгадас “үйлдвэрлэдэг” бол 0.290 кг ахуйн хог хаядаг гэсэн тооцоо байдаг аж. Тэгвэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын менежментийн хэлтсийн гаргасан судалгаагаар гэр хорооллын нэг иргэн хоногт 0.9 кг хог хаядаг гэсэн байна. 2011 онд Нийслэлийн эрүүл мэндийн газраас гэр хорооллын бие засах газар, бохир усны цооногт хийсэн судалгааны дүнгээс үзэхэд 85-89 хувь нь стандартын шаардлага хангаагүй жорлон, бохирын цооногтой байжээ. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан олонх айлын бие засах газар нь дүүрсэн, ил задгай, хаалга, салхивчг үй, доторлогоо хийгдээгүй байсан аж. Бохир усны цооногийн 89 хувь нь шаардлага хангахгүй байсан бөгөөд айлууд ахуйн бохир усаа голдуу жорлондоо, эсвэл хашаандаа гудамж, жалга, бусад газарт асгадаг нь судалгаагаар тогтоогджээ. Ялангуяа, энэ буруу дадал хэвшил нь Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт хамгийн их байсан аж. Жорлон нь дүүрэн, доторлогоо хийгдээг үй байгаа нь зуны борооноор жаахан ус ороход хальж урсах, өвчин нян тархах магадлал ихтэй байна гэсэн үг. Хэдийгээр гурван жилийн өмнө хийсэн судалгаа боловч жорлонгоо сайжруулж шинэчилсэн нь хэд бол. Тэгэхээр байдал эрсдэлтэй хэвээр байх магадлалтай.

ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС 10 ДАХИН ИХ БОХИРДОЛТОЙ

Найрсаг Улаанбаатар, Азийн дагина нийслэл гэхчилэн бид амьдарч буй хотдоо жигтэйхэн гоё, сүржин тодотгол өгөх дуртай. Харин хотын төвдөө өмхий самхай үнэртсэн, бороо хуртай үед гудамжаар нь бохир хальж урсдаг, өвөлдөө угаадасны мөсөн каток үүсдэг аймшигтай, эрсдэлтэй орчинд бид ажиллаж, амьдарч байна. Үүнийгээ харин байх л ёстой асуудал мэт хүлцэн тэвчсээр суугааг эмгэнэл гэхээс өөр яалтай. Өөр нэгэн судалгаанаас эш татъя. Нийслэл хотын хөрсний бохирдол олон улсад зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин илүү байгааг судлаачид тогтоосон. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нийслэлийн 200 цэгээс хөрсний дээж авч шинжилгээ хийдэг бол харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар тогтоосон 54 цэгээс жилд хоёр удаа шинжилгээ авдаг байна. Үүнээс харвал жил ирэх тусам хөрсний бохирдол нэмэгдсээр иржээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт хөрсний 85 хувь нь онцгой бохирдолтой болсныг мэргэжлийн байгууллагууд нуусангүй. Геофизикийн хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн судалгаанд нийслэлийн хөрсний бохирдол газрын гүн рүүгээ 30 метр орчимд бохирдолтой гарчээ. Бохирдуулж байгаа хүчин зүйл үүдийн дийлэнх нь мэдээж модон жорлонгийн ялгадас, цаашлаад автомашины хаягдал аккумулятор, олон янзын батарей, ил задгай хог хаягдал гэнэ. Улаанбаатар хотын хөрсний ерөнхий бохирдлын түвшинг гаргахад Улаанчулуут, Дарь-Эхийн хогийн цэг, хотын цэвэрлэх байгууламж, Дэнжийн мянга, Хайлаастын ам, Шарга морьтын зуслан, 100 айл орчмын газруудад онцгой их буюу хотын дундаж агууламжаас 10-16 дахин их буюу хэт их бохирдолтой зэрэглэлд багтсан байна. Нийслэлийн хөрсөн дэх хар тугалга байх ёстой хэмжээнээс 2.4 дахин, цайрын дундаж агууламж 1.2 дахин их гарчээ.

БООМЫН САВХАНЦАР 17 ЖИЛ ХӨРСӨНД АМЬДРАХ ЧАДВАРТАЙ

2000 оноос өмнө огт сонсогдож байгаагүй олон төрлийн өвчин, тэр дундаа хавдар манай улсад сүүлийн 10 жилд бүх нийтийг хамрах шинжтэй болсон. Мөн гэдэсний хижиг, цусан суулга, халдварт шар зэрэг өвчлөл хавар, намартаа ёс юм шиг дэгддэг болсон нь хөрсний бохирдлоос үүдэлтэйг эмч, мэргэжилтнүүд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Ургийн гажиг төрөлтийг бид утаа руу чихдэг. Үнэн хэрэгтээ хөрсний бохирдлоос үүдэлтэй ийм төрөлт ч олон байгааг үгүйсгэх аргагүй. Ихэнх бактериуд хөрсөнд удаан хугацаагаар (боомын савханцар 17 жил, татрангийн савханцар 11 жил) амьдарч чаддаг байна. Жишээлбэл, дизентери үүсгэгч есөн сар, холерийн вибрион дөрвөн сар, гэдэсний хижиг үүсгэгч 10 сар, туляреми 2.5 сар, бруцеллёзын үүсгэгч гурван сар, сүрьеэгийн нян 3-7 сар, салмонелла 2-3 долоо хоног, шигелла 1.5-5 долоо хоног, тарваган тахал 3-4 хоног амь бөхтэй оршдог.

Хөрсний бохирдлоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг байна. Бохир хөрс нь өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна. Хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг. Гэтэл ийм олон өвчнийг дотроо агуулж буй бохирдсон хөрс, ус, агаараар нийслэлчүүд бид амьсгалж байна. Машины дугуй, бидний гутлын уланд наалдсан шороо тоос, бохирдол айлаас айл дамжин хот даяар, албан тасалгаа, орон сууцанд хүртэл зөөвөрлөгдөж байгаа гэж бодохоор дотор жихүүцмээр. Гэр хорооллыг орон сууцжуулж, жорлон нэртэй модон амбааруудын тоог цөөл өх ажлыг хийгээгүй биш хийсэн. Эхнээсээ хэрэгжиж, үр дүнгээ ч өгч байгаа. Гэсэн ч нэг дор 180 мянган өрхийг орон сууцтай болгож чадахгүй юм чинь жорлонг нь ядаж стандартын дагуу болгох шаардлага тавьж, хүчээр ч болтугай асуудлыг шийдэхгүй бол балиар, муухай гээд нүдэн балай, чихэн дүлий жийрхсээр суутал нийтээрээ өвчилсөөр, нөгөө ертөнц рүү нэгнийгээ үдсээр суух болох нь.

М.ТЭРГЭЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД